Евро парламентын гишүүд хөрөнгө оруулалтын сангуудад илүү нарийн хяналт тавих тухай тогтоолыг дэмжлээ. Өнөөдөр болох хуралдаанаар Европын комисс энэ тухай танилцуулах болно. Энэ хуралдаан дээр Их Британийн канцлер Жорж Осборн /George Osborne/ ямар байр суурьтай байхаас асуудал нилээн хамаарах болно, учир нь Европын хөрөнгө оруулалтын сангуудын 80 орчим хувь нь Лондон хотод байрлаж байна. Хөрөнгө оруулалтын сангууд олон улсын санхүүгийн хямрал гүнзгийрэхэд нөлөөлсөн гэж олон улс төрч буруутгаж байгаа юм. Шинэ зохицуулалтаар Европын холбооны гадна байрлаж байгаа хөрөнгө оруулалтын сангуудыг европын зах зээл дээрээс мөнгө босгох үйл ажиллагаа явуулахыг хориглох болно. Хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулалтын нарийн стратеги ашигладаг бөгөөд ихэвчлэн зах зээлийн уналтын үед их ашиг олдог. Европын зохицуулагчид өндөр-хөшүүрэгдсэн хөрөнгө оруулалт хийхэд мөн хязгаар тогтоохыг зорьж байгаа юм. Өндөр хөшүүрэгдсэн гэдэг нь анх оруулсан хөрөнгөн дээрээ хөрөнгө оруулалтын сангаас зээл авч хэд дахин илүү өсгөсөн дүнгээр арилжаа хийхийг хэлдэг санхүүгийн нэр томъёо бөгөөд нь өндөр ашиг олдог ч маш эрсдэлтэй арилжаа байдаг.
Т.Бадрах