Дөчин хувийн татвар ба гигантуудын бухимдал

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Дөчин хувийн татвар ба гигантуудын бухимдал

Дэлхийн уул уурхайн сал­барын “хаад” ууртай бай­на. Австрали улс нөө­цийн татвараа шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь тэднийг ийнхүү бухим­дуулжээ. Ногоон тив дэх уул уурхайн оператор компаниуд энэ сарын эхээр зарласан “Супер ашгийн татвар”-ын гайгаар тэрбум, тэрбум долларын алдагдалд орж эхэлсэн учраас арга ч үгүй биз.

Тиймээс баялгийн эзэд болох Австралийн ард тү­мэн биш, уул уурхайн ги­гант компаниуд бизнесийн орчин сайтай улс орнуудын жагсаалтыг гаргаж эхэлжээ. Тэд юун түрүүнд “Улс төрийн эрсдэлт нөхцөл байдалгүй байх” гэсэн шалгуурыг жаг­саалтынхаа өмнө бичсэн байна.
“Хаад”-ын бодлогод дэл­хийн уул уурхайн хүчирхэг компаниудын нэг “BHP Billiton” нөлөөлсөн нь дамжиггүй. Тус компанийнхан тэрбум долларын ашиг бүрээс Авст­рали улсад татвар төлж байхыг санал болгож байна. Чингэхдээ Өмнөд Австрали дахь уран, зэс, алтны орд газруудад хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруу­­ла­хаа мэдэгджээ. “Рио Тинто” группийнхэн ч “хөзөр”-өө дэлгэж эхлэв. “Рио”-ийнхон Ногоон тивд хөрөнгө оруулахын зэрэгцээ төмөр, нүүрсний зах зээлд голлон тоглогчоор оролцдог юм. Харин одоо Канадын төмрийн үйлдвэрлэлийн опе­ра­­тор компаниудтай хамт­­ран ажиллаж, “Канад дахь хөрөнгө оруулалтын сэтгэл татам дүр зураг”-аас сэдэвлэн үйл ажиллагаагаа тэлэхийг оролдох болов. Швейцарийн “Xtrata” груп­пийн­хэн орон нутаг дахь хайгуул, судалгааны ажлаа түр зогсоожээ. Тэдний эл шийдвэр уул уурхайн жи­жиг компаниудад багагүй “доргилт” өгч байна. Авст­рали улс татварын бод­ло­годоо өөрчлөлт хийх сургаар томоохон компаниудад нэг­­дэж, нийлэх үйл явц ажиг­лагдах боллоо. АНУ-ын “Пибоди энержи” групп нүүрс үйлдвэрлэгч “Макартур Коал”-тай хамтарч ажиллахын төлөө үнэ хаял­цахад ч бэлэн байна. Ногоон тивийн нүүрсний магнат “Макартур Коал”-ын удирдлагууд тэдний саналыг хүлээн зөвшөөрч, хямд үнийн болзлыг нь анхааралдаа авснаа мэдэгджээ.

Баялгийн магнатууд юуны учир ийнхүү хөдөлгөөнд орж эхлэв. Дээр дурьдсанчлан татварын өөрчлөлтийн су­­раг тэднийг ийнхүү цаг хугацаанаас нь өмнө “хөгш­рүүлэх” шахаж байна. Австралийн Засгийн газар тэднээс 40 хувийн татвар авах шийдвэрээ баталвал энэ нь 2012 оны долдугаар сард хүчин төгөлдөр болно гэсэн үг. Уул уурхайнханд ижил тэгш үйлчлэх татварын шинэ бодлогын үр дүнд Ногоон тивийн орлого ойрол­­цоогоор 2.65 тэрбум доллараар нэмэгдэх юм. Хэдийгээр “Супер ашгийн татвар” улсынх нь “хэтэвч”-ийг ийнхүү зузаатгах ч Авст­ралийн гүйцэтгэх засаг­лалынхан өнгөрсөн бямба гарагт хөрөнгө оруулагчдыг тайвшруулах амлалт хэлэв. Тэд “Талууд ширүүхэн шүүм­жилж байгаа ч энэхүү төлөвлөгөөг тогтвортой хэ­рэг­жүүлнэ. Гэхдээ бид уул уурхайн магнатуудын са­налыг сонсч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэж мэдэгдсэн нь уур амьсгалыг бага ч атугай зөөлрүүлэв. Эрх баригчид энэ үеэр “Шилжилтийн үеийн энэхүү төсөл нь ашиг муутай нөөцийн татвар буюу роялтигаас илүү үр дүнтэй” гэсэн юм. Австралийн Сангийн сайдын телевизээр хийсэн мэдэгдэл ч хөрөнгө оруулагчдын нэг хэсэгт таалагдаж, заримынх нь дургүйцлийг төрүүлсэн биз. Тэрбээр “Австралийн ард түмний мэдэлд 100 хувь байдаг уул уурхайн салбарт нөөцийн татвар газар дорхи баялгийг нөхөх хэмжээний үр дүн өгч чадахгүй байгаа. Үүнийг уурхайчид маань сайн мэднэ” гэжээ.  
Ногоон тив дэх уул уурхайн татварын шинэчлэлт тус салбарынхныг хэд, хэд талцуулав. Консерватив үзэлтнүүд энэ хагас жилийн эхээр татварын өөрчлөлтөө хэрэгжүүлж эхлэн газрын баялаг олборлогчдоос ахиу­хан хэмжээний татвар авахыг яаравчилж байгаа бол сөрөг хүчнийхэн нь дээр дурьдсан 40 хувийн татварыг “Улсын нэр гутаасан хам­гийн муу үйлдэл” хэмээн үзэж байна. Олон улсын ажиглагчид эл хэрэг явдлыг “Австралид энэхүү татварын бодлого өнөөдөр хэрэгжиж эхэллээ гэхэд маргааш Чили, нөгөөдөр Бразилд үйлчлэх нь лавтай” хэмээн таамаглаж байгаа юм. Тэр ч бүү хэл Перу, Хойд Америк, Африкт нөлөөлж, нэг хэсэгт нь том боломж, нөгөө хэсэгт нь гэтэлж давахын аргагүй эрсдэл учруулж мэдэхийг тэд анхааруулжээ.  

С.Баттулга.
Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж