Жүдочид Абу Дабигаас дөрвөн хүрэлтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Жүдочид Абу Дабигаас дөрвөн хүрэлтэй

Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид үргэлжилж буй Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 27 орны 130 гаруй тамирчид зодоглож байгаа юм. Харин Монгол Улсын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 11 тамирчнаа сойж байна.

Тэмцээний эхний өдөр буюу 11-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 ба 66 кг-ын жингийн барилдаан болсноос эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртжээ. Харин удаахь өдөр нь эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар хүрэл медалийн тавцанд гарсан байна.

Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жинд аваргууд тодорно. Энэ өдөр Монголын тамирчдаас 90 кг-ын жинд Б.Амбасэлмаа зодоглоно.

Монголын жүдочид одоогоор дөрвөн хүрэл медаль хүртэж, зургаан тамирчин медалийн төлөө барилдан ялагдаж, шагналт байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр 11 дүгээр байрт бичигдээд байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж