Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэл болон бүх аймаг, сумдын байгууллага, иргэд мод тарьдаг билээ.
Уг “Мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Тиймээс өнөөдөр энэхүү улс орон даяар болох үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон МУИС-ийн Байгаль эх лицей ахлах сургуулийн сурагчид, Сүхбаатар дүүргийн иргэд оролцож, гацуур, шар хуаи, тэхийн шээг зэрэг модны 400 гаруй суулгацыг Экологийн боловсролын төвийн хашаанд тарьсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Сүүлийн үед хот суурин газарт иргэд олноор шилжин суурьшиж, хотын агаарын болон хөрсний бохирдлыг нэмэгдүүлж энэ нь иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид цэвэр цэмцгэр, эрүүл агаартай аюулгүй орчинд ажиллаж амьдарч, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах ёстой. Бидэнд агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, төгөл юм. Өнөөдөр би нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байгаадаа баяртай байна. Хүн бүр хавар намар хоёрт нэг нэг удаа мод тарих хэрэгтэй. Та бүхэн өөрсдийн ойр дотно хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын жил бүр хоёр мод тарьж байхыг уриалж байна. Өвөг дээдэс маань “Нэг мод тарьвал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж нас нэмэх буян үйлдэж байна хэмээв.
Мөн уг арга хэмжээний үеэр дүүрэгтээ мод тарих үйлсээрээ тэргүүлсэн иргэн н.Түдэвдорж, “Агро сургалт хоршоо”-ны хамт олонд шагнал гардуулж, урамшуулсан юм. Иргэн н.Түдэвдорж 300 гаруй мод тарьсан бол Агро сургалт хоршоо нь есөн гишүүнтэй бөгөөд 1992 оноос эхлэн иргэдэд мод бут тарих, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга ухааныг зааж сургаж иржээ. Ингээд Байгаль эх лицей ахлах сургуулийн багш нарын зааварчилгаар мод тарих ажил эхэлсэн. Модыг тарихдаа суулгацыг тарихын өмнө 40-50см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж, тогоо бэлтгэнэ. Суулгацаа нүхний голд 2-4 хүрз хар шороо хийж, модлог иш, үндэсний системийг ил грагалгүй, нугалалгүйгээр жигд тараагаад үндсийг далд ортол нь шороо хийнэ. Суулгасны дараа хөрсийг сайтар нягтруулж, гишгэж, услах хэрэгтэй хэмээх зааврын дагуу эхний моддыг УИХ-ын дарга З.Энхболд тарив.
Түүнчлэн УИХ-ын дарга Экологийн боловсролын төв, Байгаль эх лицей сургуультай танилцав.
Дашрамд сонирхуулахад, Мод тарих өдрийг анх 1900-аад оны үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 32 оронд хэрэгжээд байна. Монгол улсын хувьд өмнө нь жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан бол одоо зөвхөн улсын төсвөөс хөрөнгө гаргаж жилдээ хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн тоог Ойн газраас гаргажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.