В.И.Лениний хөшөөг маргааш буулгана

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

В.И.Лениний хөшөөг маргааш буулгана

Нийслэлийн төвд хагас зууныг “үдсэн” В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. Одоогоос 58 жилийн өмнө босгосон, зөвлөлтийн бэлгэдэл болсон уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон юм. Шийдвэр ёсоор маргааш 12.30 цагт буулгахаар болжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулна. Хөшөөг худалдан авахаар хэдийнэ хоёр компани саналаа ирүүлээд байгаа ажээ.

В.И.Лениний хөшөө байсан газарт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим албаны хүмүүс гаргасан бол 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох санал ч бий гэнэ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж