Дайнгүй 60 жилийн төлөө Нобелийн шагнал олгов

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Дайнгүй 60 жилийн төлөө Нобелийн шагнал олгов


Турбьер Ягланд Нобелийн энх тайвны шагналтанг зарлаж байгаа нь. Фото AFP

Норвегийн Нобелийн хороо энэ жилийн энхтайвны шагналыг Европын холбоонд өглөө. Зохион байгуулагчдын зүгээс Европын холбоог сүүлийн 60 жилийн хугацаанд буурал тивд энхтайвныг тогтоож, дайн дажингүй байлгаж чадсан хэмээн үнэлжээ. Ёслолын чанартай энэхүү шагнал өрийн хямралтай тэмцэн ядаж буй тус холбоог бутаргахгүй байх өөр зорилготой гэж дүгнэх хүн ч бас байна.

Нобелийн хорооны энэ шийдвэр анхных гэж болно. Урьд өмнө томоохон байгууллагуудад энхтайвны шагнал олгож байсан ч Европын холбоо бол байгууллага гэх ойлголтоос дэндүү ялгаатай. Европ тивийн олон орныг хамарсан, олон улсын бодлогыг зангидсан үндэсний нэгдлээс ч дээгүүрт тавигдах томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байж таарна.

Энхтайвны Нобелтонг зарлах хэвлэлийн бага хурлын үеэр Нобелийн хорооны дарга Турбьер Ягланд (Thorbjoern Jagland) Европын хамгийн нөлөө бүхий Франц, Герман хоёр гүрний эвлэрлийг онцгойлон дурджээ. Үнэндээ энэ хоёр орны эсрэг байр суурьтай байсан түүхэн үе нэг биш зууныг хамарна. Урт хугацаанд салангад вант улсуудаас бүрэлдэн байсан Герман Францтай байлдаж байгаад л эвлэлдэж чадсан билээ.

Хожим Еврпын холбоог үүсгэн бүрэлдүүлсэн Чулуун нүүрс, болд төмрийн Европын нэгдлийг 1952 онд байгуулсаны гол зорилт нь Парис, Бонн хоёрын хооронд урт хугацааны энх тайван тогтоох явдал байлаа. Энх тайвнаар зэрэгцэн орших баталгаа нь чулуун нүүрс ба болд төмрийн зах зээлийн интеграци болох ёстой байсан юм. Франц, ХБНГУ хоёроос гадна уг байгууллагад Итали, Бельги, Нидерланд, Люксембург нэгдсэн юм.

Хожим тэр нэгдэл нь Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын цөмийн эрчим хүчний хамтын нийгэмлэг гэсэн хоёр байгууллагаар өргөжсөн билээ. Нийтийн захиргаатай болсны дараа эдгээр байгуулагууд нийлж Европын хамтын нийгэмлэгийг үүсгэжээ. Харин Европын холбоо нь оролцогч орнуудын бодлогыг зангидах зарчмыг тогтоож өгсөн Маастрихийн гэрээний үндсэн дээр хожим нь 1993 онд бий болсон юм. Тухайн үед Европын холбоо 12 орныг нэгтгэж байв. Хүрээгээ тэлсээр өдгөө 27 гишүүн оронтой болжээ.

Бүс нутагт энх тайвныг сахиулах механизм гэдэг талаасаа ЕХ-ны үүрэг нь “төмөр хөшиг” унан, Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн байсан орнууд ЕХ-нд нэгдэх болсон үеэр улам тод томруун гарч ирсэн юм. Өдгөө ЕХ-ны гишүүн орноор Болгар, Румын хоёроос гадна Унгар, Польш, Словак, Чех, хуучин Зөвлөлтийн Литва, Латви, Эстони байгаа. Мөн Зөвлөлтийн нөхөрсөг Югогславын бүтцээс Словени ЕХ-ны гишүүн болжээ.

Нобелийн хорооны шийдвэрийг Брюссель, Германд маш өөдрөгөөр хүлээн авч, шагнал олгосон нь Европын орнуудад үзүүлсэн хүндэтгэл гэлээ. Төвөөс зугтах хандлага илүү тод харагдаж байгаа орнуудын зүгээс зохион байгуулагч нарын хаягаар шүүмжлэл гарч байна. Тухайлбал, Европын холбоотой харилцаагаа авч үзэх шаардлагатай гэж яриад байх болсон Их Британийн зарим депутатууд энэ шагналд таагүй хандлаа. Британичуудад вант улсынх нь ЕХ-ноос хамааралтай төвшин нь түүний тоонд сул дорой орнуудын төлөө хариуцлага хүлээх зэрэг нь төдийлөн таалагдахгүй байгаа билээ. Ингээд Лондонд холбооны гишүүн байх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэсэн яриа нэмэгдэх хандлагатай болжээ. Хэдийгээр консерваторууд тийм алхам хийхээс болгоомжилж байгаа ч түүнийг үгүйсгэх аргагүй гэдэг.

Нобель-2012

Афин дахь эсэргүүцэл. Фото Reuters    

Нобелийн хорооны шийдвэрийг шударга бус гэж үзэж буй эсэргүүцэл Грект ч бас бий. Асар их өрийн улмаас Европын холбооноос хасагдахдаа тулаад буй Грекийн санхүүгийн байдал дордсоор буй. Амьжиргаа нь улам бүр дордож буй грекчүүд гол “дайснаа” Ангела Меркель гэж үздэг гэнэ.

Ер нь бол Европын бүрэн бүтэн байдалд занал болж байгаа улс нь ганц Грек биш. Испани, Итали, Португали ч ноцтой хямралд байгаа. Европыг бутаргах гэж байгаа хариуцлагыг эдгээр орнуудад тохох нь бүдүүлэг хэрэг болно. Нэн түрүүнд нэгдлийн нэгдсэн хариуцлага яригдах болов уу. Эдийн засгийн зохицуулалтын механизмийг цаашид засварлан, шинэчлэх шаардлагатайг харуулж байна.

Энх тайвны шагнал авснаар ЕХ нь сэтгэл санааны асар их дэмжлэг авсан бөгөөд тэр нь хямралыг даван туулахад туслах ёстой болж байна. Мөн түүнийг өөр өнцгөөр харвал нэгдсэн Европыг хадгалах үүргийг Брюссельд даалгаж байгаа хэрэг болох юм.

Нобелийн хороо өмнө нь дээрхийн адил шийдвэр гаргаж байлаа. Саяхан гэвэл 2009 онд энхтайвны шагналыг Барак Обамад олгож байсан.  “Олон улсын дипломат ажиллагаа, ард түмний хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө” гэж Америкийн лидерт уг шагналыг өгсөн байв. Гэтэл тэр дээр дурьдсанаас юу ч хийж амжаагүй байсан билээ. Шагнал гардуулснаа түүнд үзүүлж буй найдлагын урьдчилгаа гэж тодотгож байсан юм. Түүнчлэн 2001 онд энхтайвны шагналыг НҮБ-д олгосон. Дайны дараа байгуулагдсан энэ нүсэр байгууллагын ерөнхий зорилго нь дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангах явдал. Гэтэл сүүлийн үед НҮБ-ын үйл ажиллагаа, бодлого шийдвэр ихээхэн асуудал дагуулах болсон. Орших байх үндэс нь ч асуудалд ороогдож эхэлсэн юм.

Энэ жилийн Нобелийн энхтайвны шагналд 231 хүн, 43 олон нийтийн болон олон улсын байгууллага нэр дэвшжээ. Тэдний дунд Wikileaks сайтад АНУ-ын дипломат албаны нууц илгээлтүүдийг нууцаар өгсөн Америкийн цэргийн албан хаагч Бредли Мэннинг, дээрх сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко нарын нэр багтсан юм.

Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд шагналыг эзэнд нь гардуулах ёстой. Энэ жилийн Нобелийн шагналын хэмжээ нь найман сая швед крон буюу 930 мянган евро юм.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж