УИХ-аас ч тариаланчдаас худалдан авах үр тарианы мөнгө, урамшууллын хөрөнгийг ч баталсан байхад гэнэтхэн Т.Бадамжунай сайд зангаа хувирган 208 тоот тушаалаа өөрчилжээ. Өөрийнхөө гаргасан тушаалыг ямар нэг шалтгаангүйгээр өөрчилж, тариаланчидтай байгуулсан гэрээгээ зөрчин 2009 оны арванхоёрдугаар сарын 21-нд тариаланчдаас нэг тонн улаан буудайг 290 мянган төгрөгөөр худалдан авч урамшуулалд нь 50 мянган төгрөг олгохоор тушаал гаргасан байх юм. Хуулиар бол “Харилцан тохиролцсон хоёр этгээд гэрээгээ өөрчлөх тохиолдолд сарын өмнө аль нэг тал нь саналаа гаргана” хэмээн заасан. Гэтэл салбарын сайд нь илтэд гэрээгээ зөрчин тариаланчдын мөнгөн дээр луу унжиж тэднийг будаагаа тушаасан хойно хүүхдийн хэллэгээр бол ёстой “новширчээ”. Шаварт унасан шарын эзэд болох яамны мэргэжилтнүүд үүнийгээ тариаланчдад тайлбарлах гэж ичиж үхэхээ дөхсөн талаар одоо болтол амны зугаа болгон ярилцдаг. “Улсын нөөцөд улаан буудай авах шаардлага их байгаа учраас ийнхүү анх байгуулсан гэрээнд үнэ, өртөг, урамшууллын хувьд өөрчлөлт оруулж нийтдээ 50 мянган төгрөгөөр багассан” гэсэн тайлбарыг л амны уншлага болгожээ. УИХ нь тариаланчдад зориулж улсын төсөвт мөнгө суулгаад байхад салбарын сайд нь 50 мянгаар багасгасан үнэ тогтоож, түүнийгээ хэрэгжүүлсэн нь сонирхолтой. Нэг тонн тутмаас 50 мянган төгрөг хэмнэсэн мөнгөөр улсын хэмжээнд хэдий хэрийн будаа авсан талаар сонирхтол “тэд” гээд хэлчих хүн олдсонгүй. Тэр бүү хэл энэ нь хэмнэсэн мөнгө хаачив гэж бодоход хүргэв.
Сайдын үзэгний үзүүрээр нэг тонн улаан буудайн үнэ буурч, тариаланчид тонн тутмаас нь 50 мянган төгрөгийн “хохирол” үзээд энэ асуудал шийдэгдсэн гэвэл бас худал. Өнөөх тушаасан будааныхаа мөнгийг найман сарын турш нэхэл дагал болсны эцэст саяхан л авч дууссан байна. Гэтэл дөрөвдүгээр сарын эцсээр, нэгдүгээр улирлын тайлан, бланс гаргах болж Сангийн яамнаас улсын хэмжээнд хэдэн тонн улаан буудай хураасан. Түүний хөлсөнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, урамшуулалд нь хэдэн төгрөг өгсөн талаар мэдээ гаргах болтол ХХААХҮЯ-нд албан ёсны нэгдсэн тоо, баримт албан ёсоор бүртгэгдээгүй байсан тухай мэдээлэл байна. Зарим нэг мэдээллээр утасны цаанаас л хэдэн тоо бүртгэж авчээ, Сангийн яамнынхан. Тариаланчдын хувьд сайдад луйвардуулсан ч тушаасан будааныхаа мөнгийг авах гэж Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очиход “Манайх та нараас будаа авах л үүрэгтэй. Та нарт тэдэн тонн будаа тушаасан гэсэн баримт л өгнө. Салбарын яам будааны мөнгийг хариуцаж байгаа” хэмээн тайлбарладаг. Гэтэл хариуцах ёстой яаман дээр очиход “Бид та нарын хэн нь хэдэн тонн будаа тушааж байгааг мэдэхгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сан будааны асуудлыг бүхэлд нь хариуцсан. Тэндээс л мөнгөө асуу”, гэх юм уу, эсвэл “Сангийн яамнаас мөнгө орж ирээгүй байна” гэсэн тайлбар өгч тариаланчдыг гутлынх нь улыг эргэтэл алхуулсан даа. Өнөөдөр Сангийн яам, ХХААХҮЯ-наас тариаланчдын гар дээр хэдий хэмжээний мөнгө очсон талаар асууж, сураглахад мэдэх хүн байхгүйгээр үл барам тариаланчид мөнгөө бүрэн авч чадсан гэдэгт хүртэл эргэлзээ төрж байв. Цагаан сарын өмнөхөн Т.Бадамжунай сайд “Өмнөх жилийн будааны үлдэгдэл их бий. Тэгээд ч улаан буудайн үнэ өндөр байна. Гурилын үйлдвэрийнхэн өндөр үнэтэй будаа авахгүй гаднаас түүхий эдээ авч байна. Үлдэгдэл будаагаа зараад та нарын мөнгийг барагдуулна” хэмээн цэнхэр дэлгэцээр мэдэгдэж байсан. Засгийн газар 2009 онд 100 мянган тонн улаан буудайг тонн тутмыг нь 330 мянган төгрөгөөр худалдан авахаар хөрөнгийн эх үүсвэрийг нь гаргасан. Гэтэл салбарын сайд үнийг тонн тутамд 40 мянгаар бууруулсны зөрүү болох зургаа орчим тэрбум төгрөгөөр хэдэн тонн улаан буудай худалдаж авсан нь ч алга байна. Тариаланчид хэдий хэмжээний улаан буудай улсад тушааж түүнд нь төрөөс хэдэн төгрөг зарцуулсан талаарх нарийвчилсан тоо баримт одоо болтол гараагүйг бодоход өнөө жилийн хувьд тариаланчдаас хэдий хэмжээний улаан буудайг ямар үнээр худалдан авах тухай үнэр ч алга. Уг нь “Атрын III” аяны сүүлийн жил тариаланчид дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангана гээд л хаврын ажилдаа гарсан юмсан даа.
Н.Мөнхтөр
Улстөрийн тойм