Үйлчилгээний газар, ойд тамхи татахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний газар, ойд тамхи татахыг хориглоно

УИХ-ын чуулганы хуралдаан 18.00 цагт өндөрлөх байсан ч үдээс хойшхи хуралдаан цагтаа эхлээгүй учраас УИХ-ын дарга чуулганы хуралдааны цагийг сунгаж, хуралдлаа. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.  Энэ хуулийг гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан  С.Ламбаа нарын гишүүд өргөн барьж байсан аж.

Тамхины хяналтын тухай хууль байдаг ч өнгөрсөн хугацаанд хангалттай хэрэгжиж байгаагүй гэдгийг гишүүд онцолж байлаа. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр 26 зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаар болсон. Өмнө бид уг хуулийг хэлэлцэхийн өмнө МАН-ын зарим гишүүд чуулганы танхимыг орхиж гарсан талаар мэдээлсэн.

МАН-ын гишүүн Бямбацогт “МАН-ын гишүүд тамхины хуулийг эсэргүүцээгүй. Нам, эвслүүд гишүүдээ бүрдүүлээд санал хураая” гэсэн горимын санал гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуулиар өглөөний ирцээр үргэлжлэх хүчинтэй байгаа учраас санал хураахаар боллоо. Санал хураалтын явцад “Ой хээрийн бүсэд тамхи татахыг хориглоно” гэсэн заалтын томъёолол нь багагүй маргаан үүсгэлээ. Ой хээрийн гэдгийг цаг хугацаа, ой хээрийн түмэр гаргахгүйн тулд тамхи татуулахгүй зэрэг заалтуудыг хоёрдугаар хэлэлцүүлэгт зөв томъёоллоор оруулж ирж, дахин санал хураахаар боллоо. Мөн тамхийг 18-аас дээш насны иргэдэд худалдах байсныг 21 наснаас дээш болгон өөрчлөхөөр боллоо.

Хэлэлцүүлгийн дараа 26 зарчмын зөрүүтэй санал, найруулгын зөрүүтэй хэд хэдэн томъёоллоор  санал хурааж, дараагийн хэлэлцүүлэг буюу хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үүний дараа “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэнээр  УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж