Төсөв хэлэлцэх өдрүүд

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Төсөв хэлэлцэх өдрүүд

News.mn өнөөдрийн өдрийн үйл явдлын хураангуйг эргэн сануулж байна.

УИХ жилдээ ганц удаа нухацтай хэлэлцдэг улсын төсвөө хэлэлцэж байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ жилийн төсвийн орлого долоо орчим их наяд, харин урсгал зардал нь 4.8 их наяд байна гэж төсвийн төсөлд тусгаад буй.Оновчтой, ашигтай, өгөөжтэй төсвийг батлахын тулд сайтар хэлэлцэх нь чухал учраас олон нийтийн анхаарал УИХ-ын танхим руу хандаж байна. Хууль тогтоогчид болоод гүйцэтгэх засаглалынхны хувьд ч ойрын өдрүүдийн хамгийн чухал асуудал болох нь тодорхой.

Ийн  УИХ төсвөө хэлэлцэж байх зуур өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн уламжлалт мэдээллээ танилцуулж, инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, жилийн өмнөхөөс 14.8 хувиар өссөн тухай мэдээлэв. Өмнөх сард сургалтын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн бол энэ сард архи тамхины онцгой албан татварыг нэмэгдсэн нь голчлон  нөлөөлсөн гэж статистикчид дүгнэсэн байна. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дотоодын үнийн өсөлтийг найман хувьд барихын тулд инфляци үүсэх хүчин зүйлийн шалтгааныг арилгах гол асуудлуудаар Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхээр болоод байгаа. Тиймээс цаашид үнийн өсөлт, инфляци тодорхой хэмжээгээр буурна гэдэгт иргэд найдаж байгаа юм.

Ээж, аавуудын сэтгэл зовних асуудал авто замын ослоос гадна, үдийн хоолны аюулгүй байдал болоод байгаа. Өнөөдрийн бас нэг сенсаци дэгдээсэн асуудал бол “Орчлон” сургуулийн 200 орчим сурагч учир битүүлгээр өвдөж, гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байв. Ямартай ч сургуулийн удирдлага нэгэн төрлийн ханиад байх магадлалтай гэсэн бол, НМХГ-аас үдийн хоолонд хордсон байж болзошгүй гэсэн. ХӨСҮТ-өөс өвчний шалтгааныг тодруулахаар сурагчдаас шинжилгээ авсан бөгөөд хариу нь нөгөөдөр гарах юм байна.

Хоёр шатны шүүхээр албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон нь тогтоогдоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярт давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулан өгөв. Н.Энхбаяр одоогоор Улсын II эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд ШШГЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар түүнийг хамгаалж байгаа. Нийслэлийн шүүхийн магадлалыг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл ч Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа. Улсын Дээд шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор шүүх хурлын товыг зарлана. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард Н.Энхбаярыг хэргийг Улсын Дээд шүүхэд дэнслэх нь тодорхой боллоо.

Долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр өнөөдрийн хувьд томоохон осол, гэмт хэргийн зөрчил гараагүй, ирэх жилийн төсвөө сайтар хэлэлцсэн, иргэд ч үүнд гол анхаарлаа хандуулсан харьцангуй тайван байлаа. Амралтын өдрүүддээ та тавтай сайхан амраарай.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж