Оросын хууль зүй Кремлийн туслагч хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Оросын хууль зүй Кремлийн туслагч хэвээрээ

“Мосгорсуд” (Москва хотын шүүх) “Pussy Riot” панк хамтлагийн дуучдын нэг Екатерина Самуцевичийн ялыг тэнсэн болгож суллажээ. Давж заалдах шүүхийн ажиллагааны үр дүнгийн талаар Герман, Оросын ажиглагчид DW агентлагт тайлбар хийжээ.
DW радиогийн асуултад бундестагийн гадаад бодлогын хорооны гишүүн бөгөөд "Холбоо-90/"Ногоонтнууд" эвслийн намын Зүүн Европын асуудал хариуцсан шинжээч Марилуизе Бек (Marieluise Beck) түүний хамтран зүтгэгч Фолькер Бек (Volker Beck) нар мэдэгдэхдээ  “Екатерина Самуцевичийн чөлөөлөгдсөнийг сонсоод сэтгэл хөнгөрлөө. Харин хамтлагийн нөгөө хоёр гишүүний хувьд өгсөн ялын шийдвэр “хатуу” хэвээр үлдлээ” гэжээ.

Немцийн ногоонтнуудын эсэргүүцэл

Марилуизе Бек

"Оросын хууль зүй нь Кремлийн хичээнгүй туслагч гэдгээ дахин харууллаа. Хэдхэн хоногийн өмнө Владимир Путин панк хамтлагийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг зөвтгөсөн. Харин өнөөдөр Дээд шатны шүүх үүнийг батлан Мария Алехина, Надежда Толоконникова нарт өгсөн хүний эрх талаас тохиромжгүй ялыг хэвээр үлдээлээ” гэж депутатууд ярьж байна.
Германы “ногоонтон” депутатууд “Орос хууль зүйт улс орны стандартыг бүдүүлгээр зөрчиж буйн гэрч нь Москва хотын шүүхийн шийдвэр болж байна. Орос Европын зөвлөлийн гишүүнийхээ хувьд энэ стандартыг барих ёстой” гэж үзэж байна. Марилуизе Бек Фолькер Бек нар үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглааны тухай, Засгийн газрын бус байгууллагуудын улс төрийн эрхийг хязгаарласан мөн интернэтийн хяналтыг чангатгасан хуулиуд гарч байгааг сануулав.
Ийм түгшүүртэй үйл явдлууд нь “Германы болон Европын зүгээс Путиний Орост хандах бодлогыг өөрчлөх” шаардлагатай байгааг харуулж байна гэж тэд үзэж байна.

Нуухыг нь авах гээд…

Брюсселийн ЕХ-Орос төвийн түүхч Эберхард Шнайдер (Eberhard Schneider) “Панк хамтлагийнхны даван заалдсан хэргийг шийдсэн нь дээд шатны шүүхээс Михаил Ходорковскийн хэрэгт авч байсан шийдвэртэй адилхан байна” гэж тэмдэглэв.

"Медведев гурван бүсгүйн хэргийг тэнсэн харгалзах ялаар солих хэрэгтэй, учир нь тэд хангалтай хугацаагаар шоронд хоригдлоо гэсэн юм. Гэвч дээд шатны шүүх зөвхөн Екатерина Самуцевичийн хэргийг л хөнгөллөө" гэж Шнайдер ярьжээ.
Ял ноогдуулсантай холбоотойгоор барууны хүчтэй шүүмжлэл, барууны хэвлэл мэдээллийн их анхаарал бүсгүйчүүдэд тус биш ус болсон байж магадгүйг шинжээч хэлж байна. Тухайлбал, Der Spiegel долоо хоногийн хэвлэлд Надежда Толоконниковагийн дэлгэрэнгүй ярилцлага гарсныг тэрээр санууллаа.

Берлиний Засгийн газрын бус Deutsch-Russischer Austausch  байгууллагын гүйцэтгэгч захирал Штефан Мелле (Stefan Melle) “Москва хотын шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээв. Гэхдээ тэр нь Оросын нийгмийн дунд ч маргаантай асууддал хэвээр байна” гэжээ.

"Бүсгүйчүүдийн нэгний шийтгэлийг тэнсэн харгалзах ялаар сольсон нь нэг талаасаа гэм буруутайг тогтоох эрмэлзлэл буйг харууллаа. Гэтэл яллагдагсад уг хэргийг улс төрийн агуулгатай гэсээр байгаа” хэмээн Штефан Мелле ярьжээ.

"Гайхмаар шийдэл"

Оросын шинжээчид ч Екатерина Самуцевичийн ялыг хөнгөлсөн жинхэнэ шалтгааны учрыг олохоор оролдож байна. Бүсгүйчүүдийг урьдчилан хорих  төвд олон удаа эргэж байсан Олон нийтийн ажиллах комиссийн гишүүн, хүний эрхийн төлөө тэмцэгч Зоя Светова шүүхийн шийдвэрийн “маш хачирхалтай” гэж нэрлэсэн байна. Шинэ өмгөөлөгч Самуцевич арга хэмжээнд оролцоогүйг баталж чадлаа. Өмнөх өмгөөлөгч нар нь ч Самуцевич гитараа ч савнаас нь гаргаж амжаагүй гэж байв. Бүсгүй өөрөө ч хэргээ хүлээгээгүй юм. “Тиймээс би түүнд тэнсэн ял өгсөнд гайхаж байна. Учир нь хэргийн учир байдалд ямар ч өөрчлөлт алга” гэж Зоя Светова хэлж байна.

Улс төрийн хэргийн шийдвэрийг шүүх биш Оросын засаг захиргаа гаргаж байна хэмээн тэрээр үзэв. “Хамгийн сайн өмгөөлөгч  ч ялыг өөрчилж чадахгүй. Энд хөшигний арын хэлэлцээр байж болох юм. Харин ямар гэдгийг би мэдэхгүй” гэж тэрээр мэдэгдлээ.

Лев Пономарев

“Хүний эрхийн төлөө” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Лев Пономаревын хэлснээр Самуцевичийн хэргийг тусад нь авч үзэх гэж байсан аж. “Самуцевичид төр өршөөлтэй хандлаа. Хэрэв тэрээр бусадтайгаа адилхан эв нэгдлээ харуулсан бол энэ хэрэг өршөөгдөх байсан байж магадгүй” гэж тэрээр хэлжээ. Ингээд “Засаг төр нийгмийн шаардлагыг хүлээн авч буй мэтээр нэг эмэгтэйг нь чөлөөлж, нөгөө хоёрыг нь хорилоо. Энэ бол хорлонтой шийдвэр” гэж тэрээр хэлээд Самуцевичид дарамт үзүүлж байсан учир түүнийг буруутгаад хэрэггүй хэмээн уриалжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж