Бондын хүүг дөрвөн хувьд барина

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Бондын хүүг дөрвөн хувьд барина

УИХ-ын чуулганаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газар бонд гаргахдаа УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Үүний дагуу Засгийн газраас бонд гаргах төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа аж.

 Засгийн газрын бонд гаргах төслийн талаар УИХ-ын гишүүд асуулга тавьж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Монгол Улсын гадаад өр хэтэрсэн гэж байхад дахин бонд гаргах нь хэр зүйтэй юм бэ, Монголбанктай ярилцсан уу” гэсэн асуултад Эдийн засгийн  хөгжлийн сайд Н.Батбаяр “Монголчууд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогддог. Ийм байж бид яагаад ядуу, ажилгүй яваад байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Учир нь бид буруу бодлого явуулаад байна. Үүнийг өөрчлөе гэж байгаа. Үүний нэг алхам нь бонд гаргах юм. Оюутолгойн гэрээний асуудлаар Монгол Улсын эрх ашиг давуу байх ёстой. Энэ талаар асуулга оруулж ирсэн байгаа. Засгийн газрын бонд гаргаснаар өртөг багатай мөнгөний эх үүсвэртэй болж Монголын банк, санхүүгийн байгууллага дэлхийн зах зээл дээр мөнгө босгох боломжтой. Мөн хүн бүрт урт хугацаатай, хүү багатай зээл авч орон сууцтай болох боломж ч нээгдэнэ. Бондын хөрөнгийг зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна. Халамж, төсвийн цоорхойг нөхөх зэрэгт зарах ёсгүй гэдэг үүднээс бонд гаргахаар болсон” гэлээ.

Үүнд “Таван тэрбум ам.долларын бондыг нэг өдөр гаргах гэж байгаа зүйл биш. Эхний ээлжинд буюу энэ жил 1,5 тэрбум ам.долларын бонд гаргах юм байна. Энэ мөнгөөр төмөр зам байгуулна. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд Тавантолгойгоос урагш, хойш, зүүн тийш 1800 км зам барих шаардлагатай. Үүнд таван тэрбум ам.доллар зарцуулах боломжтой. Мөн цахилгаан станцууд барих шаардлагатай байгаа.  Одоо Оросуудаас эрчим хүч импортолж байгаа. Уурхай болгон дээр дэлхийн стандартад нийцсэн дэд станцуудад барихаар төлөвлөж байгаа. Мөн аж үйлдвэрийн паркийг нийслэлд төдийгүй орон нутагт бий болгохоор тусгасан байгаа” гэж салбарын сайд нь онцоллоо.

Харин үүнд Б.Бат-Эрдэнэ гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа гэлээ. “Засгийн газраас бонд гаргаж байгаа бол нийгмийн халамжийн мөнгө, үйлдвэрлэлд зарцуулах хэрэгтэй.  Гадаадын хөрөнгө оруулагчдын станц, төмөр замыг барьж өгөх гэж байна” гэлээ. Харин сайд Н.Батбаяр “Тавантолгойгоос урагш, хойш зэрэг олон гарцаар нүүрсээ гаргах ёстой. Нүүрс, зэс, төмөр бүгд урд, хойд хөршөөс хамааралтай байгаа. Бид уул уурхайгаар дамжуулан орлогоо нэмэгдүүлэх гэж байгаа бол урд хөршөөс гадна олон гарцтай байх шаардлагатай.  Тиймээс л төмөр зам барихаас эхний ажлаа хийж байгаа юм” гэсэн тайлбар өглөө.  Мөн тэрээр “Их хэмжээний мөнгө байгаа учраас чиглэл нь тодорхой товч байх ёстой. Хөгжлийн банк бонд гаргаж байсан. Үүний жилийн хүү 5,75 байсан. Харин Засгийн газрын бондын хүү бага байх бөгөөд дөрөв орчим хувьд барина” гэлээ.  Харин хяналтыг УИХ өөрөө тавихаар төсөлд тусгажээ.

Монголын Засгийн газар анх удаа олон улсын зах зээлд бонд гаргах гэж байна. Өмнө нь дэлхийн эдийн засгийн хямралын үед буюу 2009 онд бонд гаргах шийдвэр гаргаснаа хойшлуулсан. Одоо харин үе шаттайгаар дэлхийн зах зээлд бонд гаргах  аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж