Олон улсын охидын өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Олон улсын охидын өдрийг тэмдэглэлээ

Хүүхдийн төлөө Үндэсний газар, Хүүхдийн хөгжил хамгааллын хоёрдугаар төв, Охидын скаутын холбоо хамтран Олон улсын охидын өдрийг Чингэлтэй дүүргийн 17-дугаар сургууль дээр тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 11-ны өдрийг Олон улсын охидын өдөр болгон зарласнаас хойш Монголд анх удаа ийнхүү ёслол төгөлдөх тэмдэглэсэн юм.

Энэ удаад Охидод зориулсан төгс дэлхий ямар байх вэ уриан дор Чингэлтэй дүүргийн 150 гаруй охид өдөрлөгт оролцов. Ингэхдээ тэд эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог болоод эрх чөлөө, нэр төрөө хэрхэн хамгаалж болох талаар мэдээлэл сонслоо. Мөн Гар урлал, гоо сайхан, урлагийн ертөнцөөр аялж лор бүрнээ охидод зориулсан төгс дэлхийг бүрдүүлэхээр чармайсан билээ. Төгсгөлд нь охид өөр өөрийн хүслээ бичиж самбарт хадсан нь олон шинэлэг санаа, үзэл бодлыг дэвшүүлж чадсан билээ. Тэд самбарт найз нөхдөдөө баярласан талархсанаа, хайртай ээжийнхээ тухай, мөн ирээдүйд загвар өмсөгч болохыг мөрөөддөг тухайгаа бичиж үлдээжээ.   

Олон улсын охидын өдрийг тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн охид мөрөөдлийн ертөнцөө хайчилбараар бүтээсэн нь жинхэнэ охидод зориулсан төгс ертөнц болсон тухай зохион байгуулагчид хуучилж байна. Тиймээс цаашид энэ өдрийг улам өргөн дэлгэр тэмдэглэж, орчлон ертөнцийн чимэг болсон охидын үзэл бодлыг улам хүчтэй илтгэхийг Хүүхдийн төлөөх байгууллагууд зорино гэлээ. Охидын өдрийг тэмдэглэхээр Хүүхдийн төлөө Үндэсний газрын Хүүхэд хөгжлийн газрын дарга Баавгай, Монголын охид эмэгтэй скаутын холбооны гишүүн Б.Болортуяа, Хүүхдийн хөгжил хамгааллын хоёрдугаар төвийн багш Цагаанжанар нар санаачилгатай оролцлоо.

Б.АРВИЖИХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж