
Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр боловсролын салбарт зарцуулах мөнгөний дүн тэнгэрт тулах шахаж байгаа дээр гишүүд цаг хайрлахгүй мэтгэлцсэн юм. Өмнөх УИХ-аар Бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын байгууллагын ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Өөрчлөлт орсон хуулинд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш “…бүх шатны сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох…” гэсэн заалтыг нэмсэн юм. Ингэхдээ тухайн үед анхлан хууль батлуулсан гишүүд гурван тэрбум гаруй төгрөг л тэтгэвэрт гарах багш нарт хэрэгтэй гэж байсан. Гэвч хэрэг дээрээ 50 тэрбум шаардлагатай болоод байгаа аж. Иймд Cангийн яамнаас энэ их мөнгийг хаанаас, яаж олох тухай асуудлыг хөндсөн байна. Одоогоор дээрх хуулийн заалтыг хүчингүй болгох асуудал яригдсан ч шийдэгдээгүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яам ч хуулийг хэвээр нь мөрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа гэж байна. Энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэж, шийднэ.
А.АМАР