Гурвантэс суманд ашиглалт, хайгуулалтын лицензтэй 60 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. “Саутгоби Сэндс”, “МАК”, “Чинхуа”, “МАК” компанийн гурван том, хоёр уурхай жижиг уурхайгаас нүүрс олборлож эхэлснээс хойш сумын урд хэсгийн гурван булаг шанд хуурай сайр болж, худгийн ус шавхагдаж үлэмж хэмжээгээр багассан гэж тус сумаас ирсэн малчин Н.Ариунаа хэлсэн юм.
Одоо дахиад сумын гүн рүү аргаль, янгир ирвэс гээд дэлхийд ховор ан амьтантай нутагт Жавхлант-Од, Зэлэм гэдэг хоёр шинэ уурхай ухах гээд бэлэн болжээ. Гурван уурхай ажиллаж эхлэсний “ач”-аар малчид төдийгүй говийн ан амьтад, хулан хавтгай, хар сүүлт бүгд дайжсан байна.
“Бид анхандаа уул уурхайг улсын эдийн засагт нэмэртэй, болно бүтнэ гэж бодсон. Гэхдээ дахиад жаахан л удвал амьдрал маань үгүй болохыг бид хараад сууж чадахгүй. Бид дахиж өөр газрыг ухаж сүйтгэж, малын бэлчээргүй болохгүй. Эх нутагтаа эзэн байх зоримог алхам хийх гэж байгаа бид дуулгах гэж энд ирлээ” гэдгээ онцолсон юм. Дахиж уурхай нээх гэвэл ямар нэг аргаар хаалт тавьж, таслан зогсоохоор тэд сэтгэл шулууджээ. Аль болох хүнийг хохироохгүйгээр хуулийн дагуу хориглоно, тэгээд бүтэхгүй бол хууль бус аргаар ч тэмцэнэ гэж мөн Гурвантэс сумын малчин А.Нинжбадгир news.mn-д хэлсэн юм.
Харин Ханбогд сумын төлөөлж ирсэн Л.Батцэнгэл гэдэг малчин ирээдүйд усгүй болчих ий гэж айж байгаагаа илэрхийллээ. Ханбогд сумын гүний хоолойн усыг Оюутолгойн үйлдвэрлэлд ашиглахаар болсон. Гүний хоолойн усыг ашиглах шийдвэрийг малчдын оролцоогүйгээр, тэднийг сонсолгүй гаргасанд бухимдаж байна. Хамгийн гол нь гүний хоолойг ашиглавал ургамал, булаг шандад нь нөлөөлж цөлжилт үүсэх вий гэж тэд айж байгаа юм.
Одоо л гэхэд гүний хоолойгоос ус авч эхлээгүй байхад худгийн ус ширгэж нэг, гарц нь илт муудаж малчин нь нөгөөгөө хүлээхгүй малаа услахад нь нөгөө малчин нь нэг хэсэгтээ малаа услаж чадахгүй болж, бие биетэйгээ муудалцаж, эв нэгдэл нь алдагдаж, усны төлөө дайтаж эхэлжээ.
Зуслангийн бэлчээр, хаваржаа намаржаа маань олборлолтын талбай болж, нэгнийхээ өвөлждөг газар хаваржих эсвэл ойрхон шахаж буухаас өөр аргагүй болж байна. Өвөлжөөнийх нь газарт нэг малаа бэлчээж малаа маллаад амьдрах боломжгүй болж болсоноос болж говь нутагт төрсөндөө баярлаж, өөрсдийгөө азтай гэж боддог малчид одоо азгүй, хувьгүй хүмүүс юм гэж бодох болжээ. Өмнөговьд төрж өссөж, амьдарч байгаадаа гутрах ч хэцүү гомдох ч хэцүү болсон болж байна гэж Н.Мэндбаяр гэдэг малчин ярьж байсан юм.
Малчид холбоо байгуулаад компаниудын удирдлагтай уулзаж амьдрал нь хэрхэн доройтож, яаж хохирч байгааг хэлэх гэж оролдсон ч огт уулзаж сонсож байгаагүй юм байна. Өмнөговь аймгийн 5 суманд ашигт малтмал олборлож, хайгуул хийж эхлэснээс хойш малын бэлчээргүй болж, булаг шанд ширгэж ус өвсний төлөө малчид хоорондоо муудалцаж байгаа учраас ерөнхий сайд, их хурлын дарга, байгаль орчин ногоон хөгжлийн яам болон эрүүл мэндийн яамны сайд нарт бидний асуудлыг анхааралдаа авахыг шаардсан бичиг гардуулж, дахиж олборлолт хийлгэхгүй тайван амьдрахад туслахыг хүсэж байна.