Бүр заримынх нь бодол нь давхцаад л сонирхолтой л хурал болж байна. Давхцах давхцахдаа УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүний тэр тусмаа “Шударга ёс” эсвлийн хоёр бүсгүйн бодол нь давхцсан нь бас сонин. Гишүүн болсныхоо дараа багагүй шүүмжлэлд өртөөд байсан Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар Төсвийн төслийн талаар саналаа хэлэх гэж байтал бодол нь давхацсан юм байх. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Боловсролын салбар 79 мянган ажилтантай. Тэдний 5000 нь ирэх жилээс тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарах багш бүрт 36 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгасныг эргэн харж, судлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүний дараа З.Баянсэлэнгэ гишүүн бас энэ талаар саналаа илэрхийлэх гэсэн бололтой. Гэтэл сандарсандаа ч юм уу “Миний бодол давхацсан байна” хэмээн гишүүдийг инээлгэж орхисон.
Өчигдрийн хуралдаан дээр гэхэд л Ч.Сайханбилэг дарга Н.Энхболд гишүүнд гомдоллож, хүний яриа сонсохгүй утсаар ярилаа хэмээн асуултад хариулахаас татгалзав. Угийн хэрүүлч Ц.Нямдорж бас ч үгүй таван үгний зөрүү алддаггүй С.Эрдэнэ гишүүнтэй маргаж, би, чигээрээ дуудалцаад авна лээ. Арга ч үгүй биз хэнийх нь яам хэдэн төгрөг, хэн нь салбартаа ямар бүтээн байгуулалт хийх вэ гэдгээрээ иргэдээс “үнэлгээ” авдаг хүмүүс хойно аль болох илүү хөрөнгө оруулалт авах гол үе нь юм чинь. Ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуяг загнаж, зандарлаа хэмээн экс Боловсролын сайд Ё.Отгонбаяр боловсролын салбарын хөрөнгө оруулалт хэлэлцэх үеэр зэмлэлээ илэрхийлж байсан. Чуулганы хуралдааны “хэргийн эзэд” МАН-ын гишүүд баахан хэрүүлийн алим шидлэх. Ингэхэд сөрөг хүчний байр суурь гэдгийг хэрүүл хийх гэж ойлгодог юм биш байгаа даа, энэ УИХ-ын гишүүд.