-Би хуучин ЗХУ-ын Дотоод яамны сургуулийг мөрдөн байцаагчийн мэргэжлээр төгссөн. Намайг төгсөнгүүт шууд аспирантурт урилгаар суралцуулах санал тавьж байсан юм. Тухайн үед анхны хүүхэд маань төрчихсөн нутагт хүлээж байсан, хурдхан ажил хийе гэсэн бодол төрж тэр саналаас татгалзаад Монголд ирлээ. Гэхдээ гайгүй дүнтэй төгссөн болохоор хотод үлдээчих болов уу гэж горьдож байтал Өмнөговьд хуваарилсан. Тэндхийн цагдаагийн байгууллагад намайг мөрдөн байцаагч, ахлах Мөрдөн байцаагчаар таван жил ажиллуулаад буцааж хот руу татаж, мөрдөн байцаах албаны даргаар томилсон. Гэтэл надад эрдмийн ажил хийх сонирхол төрөөд болдоггүй. Ингээд Цагдаагийн академид суралцах хүсэлтээ тавилаа. Тухайн үед Мөрдөн байцаах газрын дарга байсан хурандаа Д.Алтангэрэл “Эндээ ажилла, надад нэг бодол бий” гээд явуулах дургүй байсан. Ингээд Цагдаагийн академид арав гаруй жил багш, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирлаар ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийж, докторын зэрэг хамгаалсан. Цагдаагийн байгууллагад ажиллагсдын бараг 70 орчим хувьд нь ямар нэг байдлаар хичээл зааж байсан гэхэд хилсдэхгүй байх. Зөвхөн Цагдаагийн академи гэлтгүй Хууль зүйн сургуульд лекц уншдаг байлаа. Хожим Хууль зүйн үндэсний төв анх байгуулагдахад багшаар ажиллаж хуульчдад богино хугацааны давтан сургалтын хичээл заадаг байсан.
-Та Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх байхаасаа олон нийтэд танигдаж эхэлсэн. Ямар шалтгаан, шалгуураар таныг зөвлөхөөр ажиллуулах санал тавьсныг эргээд дурсвал сонин байна?
-Ингэж явж байгаад 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабанди хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлээд зөвлөхүүдээ сонгож байгаад надад хуулийн зөвлөхөөр ажиллах санал тавьж байсан. Тэгэхэд С.Баяр Тамгын газрын даргаар ажиллаж байлаа. Намайг дуудаад, энэ албан тушаалд сонгож судалсан, дэмжиж байгаагаа хэлсэн. Хэд хоногийн дараа Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахад. “Зөвлөх болохын зэрэгцээ Хууль зүйн үндэсний төвдөө багшлах боломжтой. Та бодож үз, эргээд ярилцъя” гээд чимээгүй болсон. Би ч яасан бол гэж асуусангүй. Сүүлд нь сонсоход одоо ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон байсан. Би хуулийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг судлах, заримдаа үндэсний экспертийн хэмжээнд ажиллах зэргээр Хууль зүйн үндэсний төвд ажлаа үргэлжлүүлэн хийж байлаа. Гэтэл Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож, намайг хуулийн зөвлөхөөрөө ажиллуулахаар санал тавьсан. Өмнөх зөвлөх Мандахбилэг нь өөрийн хүсэлтээр гэдэг байхаа, ажлаас чөлөөлөгдсөн байсан. Би тэгэхэд Н.Энхбаяр гэдэг хүнийг огт таньдаггүй байлаа. Санал тавихаас жилийн өмнө Цэргийн гавьяаны одонгоор шагнуулахдаа гар барьж үзсэн. Тамгын газрын дарга Т.Билэгт санал тавьж байгааг надад уламжлаад “зөвшөөрөх үү” гэсэн. Би Төрийн тэргүүн тийм санал тавьж байгаа учраас зөвшөөрөөд л маргааш нь Ерөнхийлөгчийн шийдвэр гарч томилогдсон. Томилогдсоныхоо дараа л анх нүүр тулан уулзаж, ярьж үзсэн дээ.
-Зөвлөхийн ажлаа эхлэхэд амаргүй байсан байх. Ажлаа хэр судалсан бэ?
-Ерөнхийдөө зөвлөх ёстой л гэж мэдэхээс нарийн ширийнийг нь мэдээгүй. Тэгээд урьд нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэв генерал, Г.Баясгалан нартай уулзаж, чиглэлээ заалгаж, тайлбарлуулж авлаа. Тэднээс сайн зөвлөгөө авсан учраас тэгтлээ түүртээгүй.
-Хуулийн салбараас шууд улс төрийн албан тушаалд очих, тэр тусмаа гэнэт “Н.Энхбаярын хүн” гэгдэхээр ямар санагдсан бэ. Одоо ч зарим хүнд та Н.Энхбаярынх хэвээрээ харагддаг шүү дээ?
-Н.Энхбаярын санал болгож томилсон хүн болохоор тэгж боддог л юм шиг байна билээ. Би улс төрөөр огт яваагүй. Намын гишүүн болох нь байтугай намуудын хаалга онголзуулж ч байсангүй. Ажлаа хийж яваад л энэ ажилд ороод ирсэн. Тиймээс юугаар нь “хэн нэгний” хүн болгоод байдгийг мэддэггүй байсан. Нуулгүй хэлэхэд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажилд очихоос өмнө “Албан тушаалд очиход мөнгө төгрөг хэрэгтэй, танил хүнээр хэлүүлж, лоббиддог юм шиг байна” гэж боддог байлаа. Гэтэл өөрөө гэнэт дуудагдаад томилогдсон учраас хүмүүсийн яриад байдаг шиг биш юм байна гэж бодсон шүү.
-Тэгвэл таныг байнга дагах “Энхбаярын хүн” гэх энэ тамгаас салъя гэж бодож байсан уу?
-Үгүй ээ, яалаа гэж. Юу гэж хэлүүлэх нь чухал биш шүү дээ.
-Одоо танд сөргөөр нөлөөлдөг үү?
-Надад нөлөөлөх юм байхгүй. Н.Энхбаяр даргад дургүй зарим хүн таагүй ханддаг байж магадгүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таны төсөөлж байснаас өөр авир гаргаж байсан удаа бий юу. Ямар чанар нь танд “чанга” санагддаг байсан бэ?
-Нэг их айхавтар авир гаргаагүй дээ. Хүнийг сайн сонсдог. Гэхдээ сонсож дуусаад “Яагаад” гэж заавал асуудаг. Яагаад болохгүй гэж? Яагаад болно гэж? гэхчлэн асуудаг. Түүнд нь үндэслэлтэй хариулт өгөхгүй бол хүлээж авах дургүй. “Яагаад”-д бэлэн биш орвол дургүйцлээ илэрхийлнэ.
-Яаж?
-Өөрөө мэдээллийн өргөн сувагтай. Танилцуулахаас өмнө судалгаа мэдээлэл хангалттай авсан байдаг учраас өмнөөс мадлах маягтай сууж байдаг. Түүнээс биш улалзаж загнаад, уурлаад байдаггүй.
-Та хоёрын хамтарч ажиллах хугацаа дууссанаас хойш, хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Цагаан сараар Канад руу өвлийн олимп үзэхээр явчихсан байсан. Ирэхээр нь очиж золгосон. Би өмнөх дарга нартайгаа яаж харилцдаг байсан түүний л адил Н.Энхбаяр даргатай хүн ёсны сайхан харилцаатай хэвээрээ байдаг.
-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр та хоёрын хэн хэний хувьд ажил үүргийн маш том холбоо, хэн хэнийг нь тодотгосон шийдвэр гаргах мөч тохиосон. Онц байдал зарлах нь хэний санаачилга байсан бэ. Тэр үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр тантай яаж зөвлөлдсөн талаар ярихгүй юу?
-Тэр үйл явдлыг тэгтлээ хурдан өрнөнө гэж би хувьдаа бодоогүй. Жагсаал цуглаан болдог л байсан. Онц байдал тогтоох хүртэл хэмжээнд очно гэж төсөөлөөгүй. Гэхдээ л үдээс хойш гал тавьж, чулуу нүүлгэж эхэлсэн үеэс л байдал хүндэрсэн. Галын машин оруулахгүй байна, шатаж байгаа байшинд хүн байгаа, байхгүй гээд янз бүрийн мэдээ ирж байлаа. Ерөнхийлөгчийн сувгаар ч гэсэн “Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтаасаа алдаагүй, байдал гайгүй байна” гэсэн мэдээлэл ирсээр байсан. Гэхдээ надад “Онц байдал тогтоож болзошгүй. Тэр үед шийдвэр гаргах төсөл бэлэн байх ёстой” гэсэн учраас тодорхой хэмжээнд цаг алдалгүй бэлтгэж, хуулийн холбогдох заалтуудыг судалж байсан.
-Монголд анх удаа Онц байдал зарласан нь тэр болохоор хуулийн зохицуулалт хэр тохирч байв?
-Анх удаагийнх болохоор мэдээж амаргүй. Оройхон тийшээ байдал хүндэрч эхэлсэн. Хуулийн дагуу Ерөнхийлөгч эхлээд олон нийтэд сануулж анхааруулах ёстой. Улс төрийн хүчнийхэнтэй уулзаж үймээнийг зогсоохын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй гэхчлэн шат шатны арга хэмжээг цаг алдалгүй авах талаар бидэнтэй байн байн зөвлөж байсан. Энэ журмаар телевизээр сануулсан, намын дарга нартай ярилцсан. Гэвч байдал үргэлжилж, сүүлдээ цагдаагийн байгууллагаас “Байдал хяналтаас гарч, хүч хүрэхээ болилоо”, “Цэрэг оруулах хэрэгтэй” гэхчлэн янз бүрийн санал ирж байсан. Шөнө болж, галын хүч, цуглагсдын тоо нэмэгдэн Бага тойруу хавьд байдал нэлээд эвгүй болж эхэлсэн. Онц байдлын тухай хуулийн хувьд практик туршлага байхгүй үед хийсэн гэхэд чамлахааргүй сайн зохицуулттай байсныг дурьдах хэрэгтэй. Үүний дагуу бүх зохион байгуулалтыг хийж байсан. Миний хувьд яавал хуулиа зөрчихгүй байх талаар түлхүү анхаарч ажилласан. Онц байдал тогтоох нь зөв, буруу байсан талаар одоо ч хүмүүс ярьдаг. Гэхдээ Онц байдал тогтоохгүйгээр нөхцөл байдлыг намжаах боломжгүй байсан л гэж би үздэг. Уг нь Онц байдлыг УИХ тогтоох ёстой. Гэтэл УИХ завсарласан үе учраас Ерөнхийлөгч шийдвэр гаргаад, УИХ түүнийг хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай. Дараа нь УИХ яаралтай хуралдаж “Ерөнхийлөгчийн Онц байдал зарласан шийдвэр зөв байсан” гэсэн тогтоол баталж, Ерөнхийлөгчийн тогтоосон хугацаанд үргэлжлүүлье гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс ард түмний төлөөлөл шийдвэрээ гаргаж хуульчлан баталгаажуулсан энэ асуудлын талаар одоо үнэлэлт дүгнэлт өгөх нь утгагүй хэрэг гэж би боддог.
-Хамгийн харамсалтай нь энэ үеэр таван хүний халуун амь үрэгдсэн. Энэ аймшигт мэдээг хүлээж авсан Ерөнхийлөгчийн байдал төрх ямар байсан бол?
-Ийм нөхцөл байдлыг харж суусан Төрийн тэргүүн үнэхээр ямар байсан нь ойлгомжтой. Маш их сэтгэл зовнисон, шаналсан байдалтай байсан. Энэ явдал олон хүнд сэтгэл санааны асар хүчтэй цохилт, дарамт үзүүлсэн. Тэр тусмаа Төрийн тэргүүнд айхавтар хүчтэй туссан байх гэж боддог юм.
-Одоо цаг үеийн өнөөгийн нөхцөл байдалтай холбон яриагаа үргэлжлүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гарган Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томиллоо. Хуульч хүний хувьд энэ томилгооны талаар ямар бодолтой байна вэ?
-Хариулахад түвэгтэй асуулт байна. Гэхдээ хариулж болно л доо. Ер нь төрийн тусгай байгууллага, мэргэшсэн захиргааны аппаратад мэргэшсэн албан хаагчид л ажиллах ёстой. Энэ бол миний ч бодол биш. Дэлхий нийтийн практикт хууль, цагдаагийн, ялангуяа шүүх эрх мэдлийн байгууллагад тусгай албаар мэргэшсэн хүн ажиллах ёстой гэдгийг онцолдог. Дээд шүүхийн тайлбар гарсан, ийм, тийм албан тушаал хашиж байсныг нь мэргэжлээрээ ажилласан гэдэгт тооцлоо гэж саяын томилгооны үеэр тайлбарлаж байгаа харагдсан. Шүүх эрх мэдлийн байгууллагад улстөрчийг томилсон анхны томилгоо энэ болчихов уу даа гэж би бодож байна. Д.Дорлигжав улс төрд олон жил явлаа. Жинхэнэ карьер хийсэн салбар нь ч улс төр юм. Намтраас нь ч харсан тийм л байгаа. Тиймээс шинэ албанд томилогдсоных нь дараах энэ үед “Аливаа асуудалд өс хонзон авах, асуудалд улс төрийн өнгө аясаар хандахаас л бүрмөсөн татгалзаж байж энэ ажлыг хийх ёстой” гэдгийг л түүнд хэлмээр байна.
-Та одоо Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байна. Мөрдөн байцаагч, багш, эрдэм шинжилгээний ажилтан гэсэн замналаар явсан болохоор энэ алба хэцүү санагддаг уу?
-Мөрдөн байцаагчийн мэргэжлээр хот, хөдөөд ажиллаж байсан тухайгаа дээр ярьсан. Энэ практик туршлага дээр сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлын онолыг нэмээд ажилласан. Хууль зүйн үндэсний төв бол төрийн үйлчилгээний байгууллага. Ингээд бодохоор би улс төрийн алба, төрийн захиргааны алба гэхчлэн хүн бүрийн шат дараалан туулаад байдаггүй төрийн дөрвөн ангиллаар ажиллажээ. Энэ туршлагадаа тулгуурлаад шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа болохоор өмнө нь хийж байсан ажил бүхэн одоогийн миний ажилд томоохон дөхөм болсон. Тиймээс нэг их түүртээд байдаггүй.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхий прокурорын томилгоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед тойрон хүрээлэгчид, эртний андуудын хүрээнд хэтэрхий явцуу байгаа нь харагдаж байна. Та Төрийн албаны зөвлөлийн даргын хувиар үүнд шүүмжлэлтэй ханддаг уу?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг сонгогдсоны дараа түүний Тамгын газар бүтцээ өөрчилсөн юм билээ. Төрийн захиргааны зарим албан хаагчийг “Зөвлөхүүдэд туслах алба” гэгчийг шинээр бий болгон шилжүүлж, улс төрийн албан тушаалтан болгосон. Төрийн улс төрийн албан тушаалтныг төрийн албаар дамжуулж болдоггүй. Улс төрийн үзэмжээр томилж болдог. Энэ нь хуулийн хийдэл гэх юм уу даа. Яагаад гэвэл ингэхийг нь хориглосон хуулийн заалт байдаггүй. “Улс төрийн албан тушаал гэдэг нь сонгуулийн үр дүнгээр томилогддог, түүнд тусалдаг албан тушаалыг хэлнэ” гэсэн тодорхойлолттой. Тэгэхээр зөвлөх нь улс төрийн албан тушаал. Зөвлөхийн туслахууд ч мөн адил. Намайг зөвлөх байхад зөвлөхийн туслах гэж албан тушаал байгаагүй. Ажлын алба гэж байсан, тэнд төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг байсан.
-Хуулийн хийдэл гэдэг нь хуулийн цоорхой гэсэн үг үү. Эсвэл хуулийг маш сайн мэддэг хүн эвтэйхэн ашиглачихсан гэж ойлгох уу?
-Хуулийн хийдлийг ашиглан зохион байгуулсан л гэж би хэлж чадна. Буруу байна гэж хэлэх гэхээр хуулиар бүтцээ батлах эрхийг Тамгын газарт олгочихсон байгаа. Үүнээс болоод төрийн жинхэнэ албан хаагчид халагдаж солигдсон зүйл бий. Одоогоор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, асуудал шийдэгдсэн тохиолдол байхгүй. Гомдол гаргасан тохиолдолд Төрийн албаны зөвлөл маргаан хянан шийдвэрлэх журмаар хэлэлцдэг. Цаашид Засгийн газар, Ерөнхийлөгч, ямар нэг дарга солигдсоноор төрийн нэгэнт тогтсон албыг бүтцийн хэмжээнд эвдэж, өөрчилж, хүмүүсийг бужигнуулж болохгүй. Үүнийг л хязгаарлах хэрэгтэй. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой ажиллах гэдгийн гол утга агуулга нь үүнд л байгаа юм шүү дээ.
-Уучлаарай, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулган дээр үг хэлэхдээ Төрийн албаны зөвлөлийг татан буулгах тухай хөндөж байсан санагдана. Хэрэв татан буулгасан тохиолдолд ямар сөрөг үр дагавар юу байх вэ гэдгийг хамгийн товчхоноор урьдчилан хэлж болох уу?
-Тийм ээ. Ерөнхийлөгч тэр үед “Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, төрийн албаны мэргэжлийн шалгалтыг ТББ-аар авахуулах нь зүйтэй” гэсэн агуулгатай үг хэлсэн. Төрийн албаны зөвлөл татан буугдах нь Төрийн албаны тухай хуулийг өөрчилнө гэсэн үг. Энэ бол хуулиар байгуулагдсан байгууллага. Албан тушаалтнуудыг нь ч УИХ томилдог учраас тэндээс эцсийн шийдвэр гаргах учиртай. Тэгэхээр хуулийг өөрчлөх буюу хүчингүй болгож байж Төрийн албаны зөвлөл татан буугдана. Байгуулаад 15 жил болсон одоо л хөлөө олж яваа энэ байгууллагыг татан буулгаад, шинээр байгуулах, эсвэл огт байхгүй байх нь эрсдэлтэй алхам болно. Би энд дарга байх гээд ингэж хэлж байгаа юм биш. Төрийн албаны шинэтгэлд эрсдэл авчирсан алхам болно гэдгийг л сануулж байгаа юм. Энэ долоо хоногийн сүүлчээр 100 жилийн өмнө байгуулагдсан Канадын Төрийн албаны зөвлөлийн дарга манайд айлчлах гэж байна. Тус байгууллагын чиг үүрэг, зарчим нь манайхтай яг адилхан юм билээ. Хэдийгээр тэдний дайтай хөгжихөд хугацаа хэрэгтэй боловч 15 жил үйл ажиллагаа явуулсан, туршлага хуримтлуулж цэгцэрсэн энэ байгууллагыг татан буулгахын тулд олон талаас нь ярьж шийдэх нь зүйтэй гэж бодож байна.
-Саяхан болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө орлогоо дутуу буюу буруу мэдүүлсэн төрийн албан хаагчдын талаар хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөл энэ хүмүүст арга хэмжээ авах, хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналтын талаар ямар үүрэг хүлээх вэ?
-Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу, дутуу мэдүүлсэн асуудал Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл мөн. Төрд ажиллахыг хүссэн бол хөрөнгөө мэдүүлэхээс аргагүй. Уг нь сонголт бий шүү дээ. Хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй, чөлөөтэй баймаар байвал төрд ажиллах албагүй. Тиймээс төрд ажиллана гэдэг нь тодорхой хэмжээний эрсдэл, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Нөгөө талаар төрийн албан хаагчид амьдралын олон талын баталгаа эдэлдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зүй бус бөглөсөн асуудлыг Авлигатай тэмцэх газар хариуцна. Харин УИХ-ын байнгын хорооны болон зарим гишүүн төрийн албан хаагчдыг дуудаж байцаасан явдлыг би сайн ойлгохгүй байгаа юм. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа талаас нь сайшааж байгаа. Хэлбэр нь арай биш байж магадгүй. АТГ-аар ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Институци хоорондын харилцаанаас даваад, ажил үүрэг холилдож хутгалдахын эхлэлийг тавьчихав уу гэж эргэлзэж байна. Төрийн албан хаагч ёс зүйгүй асуудал гаргаж байгаа талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтарч ажиллахыг хүсвэл дэмжих, хамтрахад бэлэн. Түүнээс биш АТГ-ын өмнөөс ажилд нь оролцож, давхардал үүсгэхийг хүсэхгүй байна.
У.Оргилмаа.
Улстөрийн тойм