Гуравдагч эх үүсвэрээс нефть авахаар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Гуравдагч эх үүсвэрээс нефть авахаар ярьж байна

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Дэд сайд боллоо. Таны хамгийн эхний хийж буй ажил юу байна вэ?

-Ажилтайгаа танилцахын зэрэгцээ ханцуй шамлан орж байна. Хэд хэдэн ажлын хэсгийг ахалж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс өргөн барих гэж буй Ашигт малтмалын тухай хуульд манай яамнаас ямар санал оруулах талаар бэлтгэл хийж байна.

Мөн эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр газрын тосны бүтээгдэхүүний хангамж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бид зайлшгүй шинэ бодлого баримталж ажиллах шаардлагатай байна. Монгол Улс алийн болгон нэг улсаас хараат байж, тухайн улсын нефть бүтээгдэхүүний үнэ болон татварын өсөлт, бууралтаас хамааран эдийн засгаа савлуулж байх вэ. Энэ утгаараа бид гуравдагч эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүнийг оруулж ирэх, мөн уламжлалт ОХУ-ын Роснефть компанитай харилцаа холбоогоо сайжруулах чиглэлээр ажлууд хийж байна.

-Гуравдагч эх үүсвэр гэдэг нь аль улс байх юм бэ?

-Манай улс Кувейт улстай найрсаг харилцаатай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус улсад айлчлах үеэр Кувейтийн талаас тодорхой хэмжээний нефтийг түүхийгээр нь авах тухай яриа хэлэлцээр хийж байсан. Үүнийг бид үргэлжлүүлнэ. Бидний цаашдын зорилго бол газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой, үнийн өсөлтийн савалгаагүйгээр барихад онцгой нөлөөтэй юм.

-Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?

-Кувейт улстай хийсэн хэлэлцээрээ ажил хэрэг болгож, сая тонн түүхий нефть өгөх квотоо ашиглая гэж байгаа юм. Нэгэнт манай улс дотооддоо боловсруулах үйлдвэргүй тул Тяньжинд боловсруулж таарна. Ингэж тээвэрлэж, боловсруулсаны дараа эх орондоо авчрах нь зардлын хувьд маш өндөр гарч байгаа тул боломжгүй. Харин квотоо ашиглан Орос эсвэл Хятадтай ярьж, дэлхий дахинд хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл ашиглан хямд өртгөөр гуравдагч эх үүсвэрийг оруулж ирэхэрэ ярьж байгаа юм. Ингэснээр үнийн хэлбэлзэл гэх ойлголт үгүй болно.

-Олон улсад ашигладаг санхүүгийн хэрэгсэл гэдэг нь юу юм бэ?

-Түүхий нефтиэ Кувейтээс Орос эсвэл Хятад руу бодитоор зөөвөрлөхгүй. Зөөвөрлөх тухай асуудал зөвхөн цаасан дээр л байна. Өөрөөр хэлбэл, Кувейтээс зөөвөрлөөгүй ч бидний мэдлийн түүхий нефть олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Орос, Хятадад байж байна гэсэн үг.

-Таны яриад байгаа зүйл ажил хэрэг болоход хэр хугацаа шаардлагатай вэ?

-Манай яаманд дээр ажлын хэсэг гарчихсан, асуудлыг судалж байна. Ер нь үүнийг ойрын хугацаанд хэрэгжих, боломжтой зүйл гэж үзэж байгаа.

-Таны хэлж байгаа ажил хэрэг болвол нефтийн бүтээгдэхүүний хараат байдал жаахан ч гэсэн үгүй болох нь. Гэхдээ бид дотооддоо нефть бүтээгдэхүүн боловсруулах асуудлыг яаравчлах ёстой биз дээ?  

-Энэ бол хамгийн чухал. Өмнө нь уг асуудал дээр маш олон санал санаачилга гарч байсан. Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх чиглэлд хувийн хэвшлийнхэн гадны байгуулагуудтай хамтарч нэлээд их зүйлийг хийсэн байгаа. Тиймээс одоо яамны хувьд дээрх бүх санал санаачилгыг судалж, хамгийн боломжтой гэж үзсэнээ тухайн хувийн хэвшилтэй нь хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Та Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэгт багтсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай багтсан. Гэхдээ ганц Оюутолгой биш өмнө нь байгуулж байсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтвортой байлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэт 15-16 гэрээ бий. Эдгээрийг эргэж харах, улмаар яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх тухай тусгасан. Энэ хүрээнд Оюутолгойн гэрээний асуудлыг хөндөж байгаа. Ер нь аливаа гэрээг хоёр тал нэг эрх ашгийг төлөө хийдэг. Тиймээс ч яриа хэлэлцээрээр яригдах зүйл байна. Энэ бол байж болох л зүйл.

Өнөөдрийн байдлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж, нөгөө талыг хэлэлцээрийн ширээнд урьчихаад байж байна.

-Гишүүдийн шаардаж буй Монголчуудын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх тухай асуудал нь хэр боломжтой юм бэ?

-Зөвхөн хувь эзэмшил бус өөр олон зүйлийг хэлж байгаа. Тухайлбал, цахилгаан, татварын асуудал гэх мэт олон зүйл бий.

Өмнөх гэрээгээр бол анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэнэ гэж бий. Энэ утгаараа эрт орой хэзээ нэгэн цагт Монголчуудын хувь эзэмшил нэмэгдэх нь гарцаагүй л гэж ойлгож байгаа.

-Тэгвэл таны ярианаас сонсоход талууд гэрээнд өөрчлөлт оруулах асуудалд илүү уян хатан хандаж байгаа юм шиг байна. Гэтэл тухайн үед гэрээг үзэглэж байсан С.Баярцогт гишүүн хэлэхдээ гэрээнд өөрчлөлт оруулах нь бараг боломжгүй мэтээр ярьж байсан…

-Яриа хэлэлцээрээс л шалтгаална. Хоёр талдаа зөв ойлголттой байж л асуудлыг шийднэ. Ер нь бид цаашид аливаа гэрээг хийхдээ маш сайн судалж, нэг л удаа хийдэг болох хэрэгтэй. Дахин дахин өөрчлөөд байдаггүй байхаар шүү. Дэлхий нийтийн практикт гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал нь нэг их зохимжтой зүйл байдаггүй.

-УИХ-ын гишүүд гэрээнд өөрчлөлт оруултал тэмцэхээ мэдэгдсэн. Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулах бол хэдийгээр уг асуудал шийдэгдэх вэ?

-Ойрын хугацаанд хийнэ. Эхний уулзалтыг хийсэн. Ингэхдээ хоорондоо харилцан мэдээлэл солилцох чиглэлд анхаарсан. Дараа дараагийн уулзалтаар ямар зүйл дээр ярилцах тухайгаа ярьж тохирно.

-Оюутолгойгоос роялтын татвар авахаар болсныг нөгөө тал хэрхэн хүлээж авсан бол? 

-Энэ бол яриа хэлэлцээрийн л нэг хэсэг нь.  

Ер нь уул уурхан яамны бодлого нь Монголд уул уурхайн бизнес хийх гэж байгаа хүмүүст нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, эрхзүйн орчны хувьд таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Гарч буй шийдвэр, гэрээ бүгд ил байх ёстой. Харин үүнийхээ дүнд бид хариуцлага шаардана. Өндөр технологи ашиглан байгалийн баялагийг бүрэн дүүрэн ашигладаг, экологид ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх талаар шаардлага тавина.

-Оюутолгой, Таван толгойгоос бусад ордуудын ашиглалтын асуудалд хэрхэн анхаарах вэ?

-Зөвхөн Таван толгой, Оюутолгой гэлгүйгээр өмнө нь стратегийн ач холбогдох бүхий ордын жагсаалтад орж байсан ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь туйлын чухал. Тухайлбал, би Асгатыг хэлж байна. Асгалтыг бид ойрын хугацаанд ашиглалтад оруулах ёстой. Энэ орд эдийн засгийн эргэлтэд орсноороо бүс нутгийн хөгжилд онцгой нөлөө үзүүлнэ.

Нөгөө талаас цаашид байгальд хохиролтой буюу бага нөөцтэй ордуудыг ашиглахаас татгалзаж, байгалийн онгон төрхөөр нь үлдээх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд бичил уурхайн асуудал дээр ямар бодлого гаргах тухай нухацтай ярьж байгаа. Тэр хүмүүсийн хүчийг улс орны бүтээн байгуулалтын өөр зүйл ашиглах талаар бид бодолцох учиртай. Тиймээс ч миний хувьд энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллана. Өргөн барихаар бэлтгэж буй Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд энэ талаар тодорхой тусгаагүй ч цаашид энэ төрлийн зохицуулалтыг тусгасан тусгай хууль гарахыг ч үгүйсгэхгүй. Миний бодлоор бол уул уурхайн бизнес бол мэргэжлийн хүмүүсийн тоглолт. Үүнийг мөрдүүлэх ёстой.  

-Дэд сайдуудын томилогооны үеэр таныг гадаадад боловсол эзэмшсэн гэж байсан. Ер нь ямар мэдлэг, боловсролтой хүн Уул уурхайн дэд сайд болчихов оо?

-Би Итали улсад эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн. Дотооддоо бол ШУТИС-ийг төгссөн. Өмнө нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага гэх мэт олон салбарт ажилласан. Тиймээс ч гадаад харилцаа, бизнес хэлэлцээрийн чиглэлээр туршлага бий.

-Та Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бил үү?

-Тийм. Би банкинд ажиллаж байгаад Сангийн сайдын зөвлөх хийж байлаа. Дараа нь уул уурхайн салбарт ажиллаж байгаад Төрийн өмчийн хороонд орсон. Тэнд ажиллахдаа төрийн өмчийн компанийн сайн засаглалыг тогтоох чиглэлд анхаарч ажиллахыг оролдсон.

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч Монголын хөрөнгийг биржийг хөгжүүлэх  ажлыг удирдаж байлаа.

Т.ГЭРЭЛМАА

 “Өдрийн сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж