Дэд ерөнхийлөгчийн төлөөх “цусгүй” тулаан

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгчийн төлөөх “цусгүй” тулаан

Улаан, цэнхрийн хооронд болох ээлжит цусгүй тулаан дэд ерөнхийлөгчийн төлөө өрнөлөө. Райн, Байден нарын энэхүү мэтгэлцээн маш их хүлээлт дагуулж байсан гэхэд болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Барак Обама, Митт Ромни нарын тулааны дараахан болж байгаа энэхүү мэтгэлцээн ач холбогдолын хувьд ардчилсан намынханд маш өндөрт тооцогдох мэтгэлцээн байсан юм. Тэд ийнхүү 90 минутын туршид АНУ-ын нийгэм, эдийн засгийн тухай мэтгэлцэж, дэд ерөнхийлөгчийн суудалд тохирох эсэхээ ард түмэндээ шалгуулсан билээ.

“Хонх цохисны” дараа

“Бид өнгөрсөн дөрвөн жилийн турш маш буруу замаар явсан. Энэ нь хүн бүрийн нүдэнд ил байгаа шүү дээ” гэж Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Пол Райн, Барак Обамагийн засаг захиргааны явуулсан эдийн засгийн бодлогыг шүүмжиллээ. Тэрээр мөн Ливийн тусгаар тогтнолыг сэргээнэ гэдэг нэрээр явуулсан хүчирхийллийг байж боломгүй үйлдэл хэмээн дүгнэсэн байна. “Обамагийн явуулсан энэ бодлого үнэхээр буруу алхам байсан юм. Улс орны дотоод хэрэгт хүчирхийллийн замаар оролцсон нь дэлхийд АНУ-ыг үзэн ядах үзлийг бий болголоо шүү дээ” гэж Райн илтгэсэн банйа.
 
Мөн тэрээр татварын тал дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. “Татварыг дундаж орлоготой иргэдэд дарамт болохгүй байдлаар зохицуулах ёстой. Мөн бизнес эрхлэгчдийг татвараар үзэн ядаж болохгүй” гэж Райн мэдэгдсэн байна.

Харин ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден “Та нар тэгвэл бид нарын оронд байсан бол юу хийх байсан бэ, үүнээс дээрдүүлж чадах байсан юм уу” гэж өрсөлдөгчөөсөө асуусан байна. Мөн тэрээр татварын системийг шинэчлэхийн тулд уян хатан бодлого баримтлахгүй бол үр дүнд нь үүнээс ч илүү сөрөг үр дагавар үүсч болохыг анхааруулсан юм.

Католикчуудын анхны мэтгэлцээн

АНУ-ын ерөнхийлөгчийн мэтгэлцээний түүхэнд католик шашинтай хоёр хүн мэтгэлцэж байсан  түүх байдаггүй. Харин энэ жилийн мэтгэлцээнд Райн, Байден хоёр хоорондоо мэтгэлцсэн нь түүхийг шинээр бичсэн явдал болсон билээ. Ихэнх мэргэжилтнүүд шашны үзэл суртлаа хэр зэрэг цухалзуулахыг ажиглаж, басхүү өөрсдийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэхийг анхааралтай ажиглаж байсан юм.

“Ахимаг настнууд ч чиний ярьж байгааг боддог. Харин тэд чиний тавьж байгаа энэ асуудалд хэр зэрэг итгэх бол” гэж Жое Байден илтгэлдээ дурьдсан байна. Тэрээр Райныг жилийн дундаж тэтгэврийг 6000 ам.доллар болгох тухай ярьсны дараа үүнийг өрсөлдөгчөөсөө асуусан юм. Чухамдаа энэ асуулт л мэтгэлцээний ялалтын туухайг эргүүлсэн гэхэд болно. Райн энэ асуултад дорвитой хариулт өгөөгүй бөгөөд Бүгд найрамдахчуудын татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодлого тэр бүр оновчтой биш байсныг олон нийтэд нотлох нэг баримт ч байж болох. “Яг үнэндээ Байденыг гайхалтай илтгэгч гэдгийг мэднэ. Энэ хоёрын тулааныг боксын тулаантай зүйрлэвэл эхний хэдэн раундад Байден зодуулсан, харин сүүлийн хэдэн раунддаа гайхалтай тоглож Райныг хүнд цохилтод орууллаа гэж дүгнэж болохоор байна” гэж СNN агентлагийн тоймч Марк Мардель ярьжээ.

Улс төрийн судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгаагаар энэ мэтгэлцээнд Жое Байден 55 хувиар ялсан гэсэн дүн гарчээ.

Их тулааны өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх дараагийн мэтгэлцээнүүд ирэх 16, 22-ны өдөр болно. Энэхүү их тулааны өмнө маш чухал гэж хэлж болох ялалтыг Жое Байден ардчилсан намынханд авчирлаа. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх эхний мэтгэлцээнд Митт Ромни ялснаар түүнийг дэмжигчдийн тоо дунджаар 270 мянган хүнээр нэмэгдсэн судалгаа гарчээ. Гэхдээ Обама, Ромни хоёрын рейтинг тун ойролцоо яваа. Тэднийг хооронд нь дөнгөж таван хувь л зааглаж байгаа билээ. Хэдийгээр дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнд ардчилсан намынхан ялсан ч Пол Райны ярьсан хэд, хэдэн зүйл ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн мэтгэлцээнд Обамад хүнд цохилт өгч болзошгүй. Учир нь гадаад бодлогын тухай, Ливи, Сирид хийж байгаа цэргийн ажиллагааг ихээхэн шүүмжилсэн нь мэтгэлцээний сэдвийг өөр хүнд сэдэв рүү эргүүлсэн гэхэд болно. “Түүний явуулж байгаа энэ цэргийн ажиллагаанууд манай улсыг терроризмыг хөхиүлэн дэмжигч хамгийн том улс болгон хувиргалаа” гэж Райн илтгэлдээ дурьджээ.

Хүлээлт дагуулсан дэд ерөнхийлөгчийн төлөөх мэтгэлцээн ийнхүү болж өнгөрлөө. Райны шүүмжилсэн цэргийн бодлогын талаарх үзэл бодол яг одоо цахим ертөнцийн халуун сэдэв болж байна. Мөн Байдены, Райнаас асуусан тэтгэврийн бодлогын талаах асуулт олны анхаарлыг татаж байгаа юм. Ямар ч Ромни, Обама хоёрын дараагийн мэтгэлцээн улам сонирхолтой болох нь гарцаагүй боллоо. Яагаад гэвэл Райн маш эмзэг сэдвийг хөндөөд орхисон. Тэр бол “дайн”.

Б.БОЛОРСҮХ

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж