хоногийн өмнө Баянгол дүүргийн, гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст
байрлах “Хангай” зочид буудлын өрөөнд хэрэглээний газ үнэрлэж, улмаар
газ нь дэлбэрч зургаан залуу хүнд, хөнгөн түлэгдсэн. Тус зочид буудал нь
“Их-Алтай трейд” ХХК-ийн охин компанийнх бөгөөд эзэн н.Хосбаяр,
н.Хос-Эрдэнэ гэх хоёр хүн байдаг ажээ. Тус компани нь ганц “Хангай”
зочид буудлаар тогтохгүй хажууханд нь байрлах “Алтай”, Олимпус” гэх хоёр
буудлыг ажиллуулдаг байна. Зочид буудлын чиглэлээр дагнан үйл
ажиллагаагаа явуулдаг “Их-Алтай трейд” ХХК-ийнханд ашиг олж байвал
буудлынх нь өрөөнд юу болж байгаа нь огт хамаагүй гэж үздэг бололтой.
буудлын зохион байгуулагч н.Тунгалаг гэх эмэгтэй мэргэжлийн хяналтын
байцаагч нарыг “Газ бариад орж байхад нь юугаа харж байсан юм бэ” хэмээн
асуухад “Газ барьж ороогүй. Шар уутанд газаа шахаад бүсэлхийгээрээ
ороогоод орсон юм шиг байгаа юм” гэж хариулжээ. Газ дэлбэрсэн өрөөнөөс
гадна гурван өрөө дэлбэрэлтэд өртсөн бөгөөд одоогийн байдлаар тэдгээр
өрөөндөө засвар хийж байгаа ажээ.
“Хангай” зочид буудалд үүгээр ч
тогтохгүй хэрэг зөрчил олон гарч байсан юм. Тухайлбал, өнгөрсөн оны
есдүгээр сард хоёроос гурван сартай нярай хүүхдээ хөнөөж, буудлын орон
дор нуусан хэрэг гарч гарсан. Мөн өсвөр насны хүү тус буудалд хоноглож
байгаад амиа хорлосон хэрэг ч гарч байсан. Ийнхүү бусармаг хэргүүд жил
алгасахгүй гараад байхад “Хангай” зочид буудлын үйл ажиллагааг нь
зогсоохгүй байгаа нь хачирхалтай.
Тус
буудал үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг Баянгол дүүргийн Хүнс,
нийтийн хоол, аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтэн
Б.Эрдэнэчимэгээс тодруулсан юм.
-“Хангай” зочид буудал зөвшөөрөлтэй болов уу?
-“Хангай”
зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, тамхи худалдаалах
зөвшөөрөл гэх мэт бүх зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Өчигдөр (уржигдар)
“Хангай” зочид буудлын зохион байгуулагч н.Тунгалаг гэдэг эмэгтэйд “Ирж
уулз. Зөвшөөрлийн чинь хугацаа дуусчихсан байна” гэж хэлсэн. Бид
Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, нийгмийн халамжийн
хэлтсүүдтэй хамтраад дэн болон зочид буудлуудад хэсэгчилсэн хяналт
шалгалт хийх гэж байна. Саяхан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид
буудлын холбоотой хамтарч нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг зочид
буудлуудын ажилтнуудын дунд сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтад
“Хангай” зочид буудалд гарсан хэрэг шиг газ, галын аюулгүй байдал,
хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн байдлын тухай гэх мэт Монгол Улсад
мөрдөгдөж буй MNS 45 88 2004 буюу зочид буудлын стандарт, MNS 57 38
2007 буюу дэн буудлын стандартын талаар ярилцсан. Дээрх шаардлагыг 85
хувь буюу түүнээс дээш хангасан аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа явуулах
эрхийг нь олгодог. Зочид буудлууд нийслэлийн Аялал жуулчлалын газраас
зөвшөөрөл авдаг. Харин “Хангай” зочид буудал аваагүй. Тэгэхээр тус зочид
буудал ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг.
Өнгөрсөн жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Онцгой байдлын хэлтэс,
Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтраад үйл ажиллагаагаа явуулж буй
байгууллагуудын дунд аттестатчилал явуулахад “Хангай” зочид буудал бас л
тэнцээгүй.
-Тус зочид буудлын зөвшөөрөл хэзээ дууссан бэ?
-Өнгөрсөн
тавдугаар сард зөвшөөрлийнх нь хугацаа дууссан. Үйл ажиллагаа явуулж
буй аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийн хугацаа нь дууссан бол нэг
сарын дотор ирж сунгуулах ёстой. Гэвч “Хангай” зочид буудал одоо болтол
сунгуулаагүй байгаа.
-“Хангай” зочид буудалд удаа дараа гэмт хэрэг гараад байхад яагаад үйл ажиллагааг нь зогсоодоггүй юм бэ?
-Дүүргийн
Үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдэд торгож, хаах эрх байдаггүй. Мэргэжлийн
хяналт болон цагдаагийн байгууллагынхан шалгаж зөрчилтэй бол хаадаг.
-Тус буудал зөвшөөрлөө сунгуулчихвал хэвийн ажиллана гэж ойлгож болох уу?
-Тийм
ээ. Стандартын шаардлагыг бүрэн хангаад нийслэлийн Аялал жуулчлалын
газраас зөвшөөрлөө аваад ирэх юм бол зөвшөөрлийг нь сунгана. Саяхан
“Хангай” зочид буудлын зохион байгуулагч ирээд “Зөвшөөрлөө сунгуулъя”
гэхэд “Удахгүй шалгалт хийнэ. Мөн газ дэлбэрсэн хэрэг зөрчлийн эцсийн
шийдвэр нь гарахаар ярилцъя” гэж хэлээд явуулсан.
Тэрбээр
ийн ярив. Зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Дээрээс нь жил алгасахгүй
гэмт хэрэг гардаг “Хангай” зочид буудлыг ямар учраас хаахгүй байгаа
талаар Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч
Ж.Быхараас тодрууллаа.
-“Хангай” зочид
буудалд удаа дараа гэмт хэрэг гарлаа. Дээрээс нь зөвшөөрлийн хугацаа нь
дуусаад зургаан сар болж байгаа гэнэ. Иймээс тус зочид буудалд ямар арга
хэмжээ авах гэж байна вэ?
-“Хангай” зочид буудалд гарсан
хэргийн талаар цагдаагийн байгууллагынхан шалгаж үйл ажиллагааг нь түр
зогсоочихсон байгаа. Өмнө нь шалгалт хийхэд шалгалтад тэнцээгүй.
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Манай
байгууллагаас жилдээ нэг удаа зочид буудлын чиглэлээр үйл ажиллаагаа
явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийдэг. Энэхүү шалгалтаа маргааш
нөгөөдрөөс хийх гээд бэлтгэл ажилдаа орсон. “Хангай” зочид бууд-лын
хувьд өмнө нь шалгаж байсан байцаагч нь шалгаад улсын байцаагчийн
хугацаатай албан шаардлага хүргүүлж зөрчлийг нь арилгуулж байсан. Мөн
өнгөрсөн оны аравдугаар сард аттестатчилал хийхэд “Хангай” зочид буудал
стандартын шаардлага хангаагүй учраас тэнцээгүй. Үүнийгээ
сайжруулсныхаа дараа бидэнд хандаарай гэхэд ч ерөөсөө хандаагүй. Түүнээс
хойш дахин шалгалтад ороогүй юм байна лээ.
-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш зочид буудлуудад шалгалт хийхээ больчихсон гэж байсан. Яагаад больчихсон юм бэ?
-Нийслэлийн
Аялал жуулчлалын газар “Дүгнэлт, шалгалт хийхгүйгээр зөвшөөрөл
хэлбэрээр гэрчилгээ олгож байя. Танай байгууллагаас стандартын
шаардлагаа хангаж байгаа эсэхийг шалгаж бай” гэж бидэнтэй ярилцсан.
Хэрвээ тэнцвэл нийслэлийн Аялал жуучлалын газраас гэрчилгээг нь олгож
байхаар болсон юм.
-Танай байгууллагын зүгээс зочид буудлуудад ямар шаардлага тавьдаг вэ?
-Архи
согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй, согтууруулах ундаа,
тамхи худалдахгүй, цагаар өрөө өгөхгүй, стандартын шаардлагыг хангаж
ажиллахыг шаарддаг.
-“Хангай” зочид буудал зөвшөөрөлгүй ажиллаж байгаа. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа юм бэ?
-Зөвшөөрөлгүй
аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нь зогсооно гээд байгаа
боловч жижиг дунд бизнес гэдэг утгаараа үйл ажиллагаагаа явуулаад
байдаг. Би дээр жилд нэг удаа шалгалт хийдэг гэж хэлсэн. Энэхүү
шалгалтаараа л хатуу арга хэмжээ авна.
-Энэхүү шалгалтад тэнцэхгүй бол жижиг, дунд бизнес эрхэлж байна гээд зүгээр үлдээчихгүй биз дээ?
-Тэнцэхгүй бол үйл ажиллагааг нь шууд зогсооно.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин