буй барилгын тулгуур төмөрт цохиулж харамсалайгаар амь насаа алдсан
хүүгийн ээж Б.Наранчимэгийг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүний
зовлонгоос бага ч гэсэн хуваалцаж, хэргийн эзэн нь хариуцлагаа
ухамсартайгаар хүлээгээсэй гэж зорьсны үндсэн дээр энэхүү ярилцлагыг
хийсэн юм.
-Танай гэр бүлд нөхөж баршгүй гарз учирсанд гүн
эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу?
-Хүүгийн минь
төлөө санаа, сэтгэлээ чилээж байсан хүн бүрт юуны түрүүнд баярлалаа гэж
хэлэх нь зөв байх.
Биднийг зул, зураг хоёроор хань хийж амьдарч
байгаа энэ үед Монголын ард түмэн маш их сэтгэлийн дэм өгч, хүнд хэцүү
үед сэтгэлээрээ хамт байсан. Миний хүү хар багаасаа л даруу төлөв,
дөлгөөн ааш зантай нэгэн байсан. Энэ хэрээрээ хүмүүсийн хайрыг булааж,
хүндэтгэлийг нь хүртэж чаддаг байсан юм. Оюутны болон ерөнхий
боловсролын сургуулийн ан-гийнхан нь бидэнтэй байнга холбоотой байгаа.
Их сургуулийн ангийнхан нь МОХ-той хамтарч 1000 зул асаах үйл ажиллагааг
зохион байгуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийнхан нь болон уг
сургуулийг төгсөгчид, эцэг эхийн зөвлөлийнхөн нь хамтарч Жанрайсаг
бурханд 1151 зул өргөж хүүгийн минь араас буян үйлдлээ. Үүнээс гадна
хэвлэлийнхэн болон цахим ертөнцийнхөн Сүхбаатарын талбайд “касктай
Монгол” цуглааныг хийсэн шүү дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ.
Талийгаач танай хэд дэх хүүхэд байсан юм бэ?
-Манайх гурван
хүүтэй айл байсан. Одоо хоёр хүүтэй болж хоцорч байна даа. Талийгаач
маань миний отгон хүү байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа энэ жил
төгсөөд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангид элсэж орсон шинэхэн
оюутан байсан юм. Хичээл нь эхлээд дөнгөж 14 хоног л болж байсан үед
осол гарч амь насыг нь авч одлоо.
-Талийгаач аль сургуулийн
төгсөгч вэ?
-Манайх Партизаны сангийн аж ахуй байхад
суурьшаад одоо хүртэл тэндээ амьдарч байгаа айлуудын нэг нь. Нөхөр маань
1977 онд трактор механизмын курс төгсөнгүүтээ тэнд хуваарилагдаж очоод
улсын аварга хадланч болж байсан юм. Миний хань ийм л махруу хүн.
Хүүхдүүд маань ч энэ зан чанарыг нь өвлөж авсан. Нөхөр бид хоёр 1990
оныг хүртэл сангийн аж ахуйд ажиллаж байгаад зах зээлд орох үед хувиараа
хөдөлмөр эрхэлсээр өдийг хүрсэн. Хоёр ах нь тэндээ ерөнхий боловсролын
сургууль төгссөн учир аав бид хоёр нь ярьж байгаад отгон хүүгээ хотын
төвийн ерөнхий боловсролын сургуульд оруулахаар шийдэж байсан юм. Хэн ч
гэсэн үр хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж хүсдэгийн адилаар л бид
дээрх шийдвэрийг гаргасан. Тэгээд хүүгээ герман хэлний гүнзгийрүүлсэн
сургалттай ерөнхий боловсролын 38 дугаар сургууль руу хоёрдугаар ангид
байхад нь шилжүүлсэн. Хүү маань ч гэр бүлийнхнийхээ итгэлийг алдалгүй
сайн сурч сургуулиа амжилттай төгссөн. Сургуулийнхаа урлаг, спортын
уралдаан, наадамд алгасалгүй оролцож, амжилт үзүүлж байсан. Харин одоо
гэрт эзэнгүй медалиуд нь л үлдэж дээ.
-Тэгэхээр талийгаач
герман хэлийг багаасаа сайн сурсан нэгэн байжээ?
-Тийм ээ.
Хүү маань герман хэлийг бага наснаасаа эхэлж сайн сурсан. Ерөнхий
боловсролын сургуулиа төгсөнгүүт нь нөхөр бид хоёр түүнийг Герман руу
явуулж сургах гэж байсан юм. Гэтэл хүү маань “Аав, ээж хоёр юм л бол
Герман, Герман гэх юм. Герман руу хэзээ ч явж болно шүү дээ. Би энд
мэргэжил эзэмшчихээд магистрын зэргээ Германд хамгаалаад эх орондоо ирж
ажилламаар байна” гэж байсан юм. Тэгэхэд нь хүлээн зөвшөөрч “За миний
хүү тэгвэл дуртай мэргэжлээ сонго” гэхэд ШУТИС-ийн уул уурхайн
инженерийн ангийг сонгосон доо. Аав нь ч гэсэн машин, техникт их
сонирхолтой учир багаас нь суурийг нь тавьчихсан байсан байх. Техникт
маш их сонирхолтой хүүхэд байсан юм. Конкурстаа тэнцчихээд баярлаж
байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.
-Ослын тухай мэдээг
анх хэрхэн сонсож байв. Та хүүтэйгээ уулзаж амжсан уу?
-Осол
болсон талаар тэр үед Өмнөд Солонгост байсан том ахаас нь сонссон. Манай
том хүү Өмнөд Солонгос улсад магистрын зэрэг хамгаалж байгаад ослоос
болоод эх орондоо ирчихсэн байгаа. Тэр тухай сонсоод намайг гэмтлийн
эмнэлэгт очиход эмч нь “Тархи нь цувчихсан ирсэн учир анхан шатны
тусламж үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Амь насыг нь аварч чадсангүй”
гэж хэлсэн. Хүүгийнхээ цогцосны дэргэд зогсож байхад үнэхээр дээшээ
тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байсан. Тухайн үед аав нь
хадлан хадах гээд хөдөө явчихсан байсан юм. Аав руу нь утасдаж дуудахад
үүрээр энд ирсэн.
-Том ах нь осол болсон талаар яаж мэдсэн юм
бол?
-Том хүү маань шөнөдөө ажиллаад өдөртөө сурдаг юм.
Ажилдаа гарч ирчихээд унтаж байхдаа бага дүүгээ зүүдэлсэн гэсэн. Дүү нь
зүүдэнд нь ирэхдээ нүүр царай нь танигдахгүй байсан юм билээ. “Муу ёрын
зүүд зүүдэллээ” гээд сэрэхэд нь найз охин нь “Монголд ийм осол болсон
байна” гээд интернет үзээд сууж байсан юм билээ. Өөрийнх нь явуулсан
пүүзтэй ижилхэн пүүз өмссөн хүн байхаар нь лавшруулаад харахад нь дүү нь
мөн байсан гэсэн. Тэгээд л “Юу болов” гээд наашаа утасдсан. Тэгж л би
мэдсэн. Осол болсны дараа тухайн үед ойр хавьд нь байсан бүх хүн түргэн
тусламж дуудаж, туслахыг хүсэж байсанд нь их баярлаж байгаа. Зарим хүн
аргаа барахдаа хажуугаар нь өнгөрч байсан түргэний машиныг дуудаж
авчрахад эмч нь анхан шатны тусламж үзүүлэлгүй “Манай дуудлага биш
байна” гээд явсан гэсэн. Харин дараа нь ирсэн машин нацилкгүй байсан юм
билээ. Осолд өртчихөөд газар дээрээ 30-40 минут болсон гэж байсан. Залуу
хүн байсан болохоороо л арай ядан тэсэж гэмтлийн эмнэлгийн үүдээр амьд
орсон байх гэж боддог юм.
-Осол гарах эх үүсвэрийг нь бий
болгосон хүмүүс танай гэр бүлийнхэнтэй холбоо барьж, дэмжлэг туслалцаа
үзүүлсэн үү?
-Осол болсны дараа тэр барилгыг бариулж буй эзэн
нь тодрохгүй, олдохгүй байсан шүү дээ. Арван хэдэн давхар барилга ямар ч
хариуцах эзэнгүй байна гэдэг итгэхэд бэрх асуудал биз дээ. Сүүлдээ
иргэн н.Пүрэв гэдэг хүн бидэнтэй ирж уулзсан. Тэр барилгыг барьсан
газрын гэрчилгээ нь энэ хүний нэр дээр байдаг юм билээ л дээ. Түүнээс
өмнө гүйцэтгэгч компанийн төлөөлөл гэсэн хэсэг хүн ирж уулзаж байсан юм.
Тухайн үед бид шоконд орчихсон байсан учир тухтай уулзаж, ярилцаж ч
чадаагүй. Өдийг хүртэл “Миний буруугаас болж танай хүүгийн алтан амь
үрэгдлээ” гээд уулчлалт гуйж ирсэн албан тушаалтан байхгүй байна.
Өнөөдөр монголчууд ийм болсон байгаа нь үнэхээр харамсалтай. Бид уучлалт
гуйгаад хэн нэгэн хүрээд ирэх болов уу гэж харж байсан. Түүнээс биш тэр
хүмүүсээс ямар нэгэн дэмжлэг туслалцаа авах гэсэндээ ингэж яваагүй
гэдгийг хүмүүс ойлгох байх гэж бодож байна.
-Тэгэхээр энэ
ослын буруутан нь одоо болтол тодорхой болоогүй гэсэн үг үү?
-Тийм
ээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст энэ асуудлаар эрүүгийн хэрэг
үүсгээд явж байгаа. Саяхан мөрдөн байцаагч нь манай нөхрийг дуудаж
уулзсан. Энэ хэргийг АТГ-т шилжүүлнэ гэсэн гэнэ. Хэргийн гол буруутныг
нь МХЕГ-ын байцаагч гэж үзэж байгаа юм билээ л дээ. Барилга барих
зөвшөөрөлгүй атлаа барилга барьсан нь МХЕГ-ын байцаагч авлига авсантай
холбоотой байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ. Тодруулбал,
зөвшөөрөлгүй барьж байгаа барилга гэдгийг нь мэдсээр байж МХЕГ-ын нэг
байцаагч үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг нь олгочихсон юм гэсэн. Энэ
бүхний цаана Монголын нийгэмд бугшчихсан байгаа асуудал нуугдаад үлдчих
вий гэсэн болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл, миний хүү энэ муу муухай
бугшсан асуудлыг илчлээд явлаа. Тэгэхээр цаашид ийм асуудал
гаргуулахгүйн тулд бид хаана, хаанаа хичээх ёстой. Өнөөдөр энэ ослын
буруутнаар нэг байцаагчийг тодруулах биш энэ бүхний цаана байгаа эзнийг
нь тодруулж уучлалт гуйлгаж, хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Хотын
дарга Э.Бат-Үүл “Шонхор суваг” телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Энэ
барилгыг нураах эсвэл улсын өмч болгох боломжтой” гэж байсан. Бид энэ
барилгыг улсын өмчид аваад залуусын эрүүл мэндийг хамгаалах том
цогцолбор болгоосой гэж хүсэж байгаа. Хэрэв ингэж чадвал хүү маань
эргээд ээждээ ирэхгүй ч гэсэн олон хүнд буян болохоос гадна ийм ослоор
амиа алдсан хүмүүст буян болж, цаашид ийм осол болохоос сэрэмжилж чадах
юм болов уу. Олон хүнд ч сургамж болох байх.
-Улаанбаатар
хотын дарга Э.Бат-Үүл замбараагүй баригдсан барилгуудыг цэгцлэх арга
хэмжээг авч байгаа. Та бүхний хүсэж буй зүйлийг манай сониноор дамжуулж
уншаад ямар нэгэн нааштай шийдвэр гаргах байх гэж бодож байна. Танай
гэр бүлийнхэн замбараагүй баригдсан барилгуудаас болж хохирсон хүмүүсийн
бодит жишээ учир санасан бүхэн тань бүтэж, ийм ослоор нас барсан
хүмүүсийн хойноос томоохон буян үйлдэх байх гэж найдаж байна?
-Миний
хүүгийн амь нас хий дэмий үрэгдээгүй байгаасай гэж хүссэний үндсэн дээр
л энэ бүхнийг ярьж байгаа юм. Хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй
баригдаж байгаа барилгуудын нэрийг гаргаад үйл ажиллагааг нь зогсоох
шийдвэр гаргасан. Энэ барилга тэр жагсаалтад ороогүй байсан юм билээ.
Уг нь тэр тоонд нь ороод үйл ажиллагаагаа зогсоосон байсан бол ийм
харамсалтай осол гарахгүй байх байсан. Тэгэхээр энэ бүхний цаана
нэлээд том хүн байна гэж бид хардаж байгаа. Иргэн н.Пүрэв энэ барилгын
эзэн гэгдэж байгаа ч түүний цаана “Эко констракшн”-ы С.Нямдаваа,
АПУ-гийн Г.Батхүү нар байна гэсэн яриа гарч л байсан. Харамсалтай нь
бидэнд энэ бүхнийг шалгах эрх байхгүй. Нөгөөтэйгүүр хүч ч хүрэхгүй
байна. Тиймээс холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх хүнийг
нь олж хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна. Хууль зөвхөн ард түмэнд
үйлчилдэг байх ёсгүй шүү дээ. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг
байх аа. Тиймээс энэ хэргийг үнэн, зөвөөр шийдэж, хүү маань амь насаа
хий дэмий алдаагүй юм шүү гэдгийг баталж өгөөсэй гэж хүсэж байна.
-Ярилцсанд
баярлалаа. Та бүхний хүсэж байгаа бүхэн бүтэх болтугай.