“Түр засвартай” хэмээх “моод”

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

“Түр засвартай” хэмээх “моод”

Хүн хордоож алах дөхсөн эмнэлэг, хүүхдүүд мансуурч байгаад дэлбэрэлт болсон зочид буудал, нохойн махаар зоогоо бэлтгэдэг цайны газар, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зардаг нь тогтоогдсон дэлгүүрээр та үйлчлүүлэх үү? Мэдээж үгүй. Гэтэл мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр болон бүрмөсөн хаасан аж ахуйн нэгжүүд “Их засвартай тул, түр ажиллахгүй” гэх бичгийг  үүдэндээ өлгөж, “моод”-орхдог болчихож.

“Эцэг эх болж тоглоно уу, мансуурч байгаад дэлбэрнэ үү өөрсдөө мэд дээ”  гэж төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр 14-17 насны таван хүүхдийг 20 настай залууд даатган нэг өрөөнд тухлуулж байсан “Хангай” зочид буудал мөн л дээрхи “моод”-ыг дагасан байна. Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр хүргүүлээд байхад, “засвартай байна” гэсэн бичиг үүдэндээ хадчихаад, дэлбэрсэн өрөөгөө засварлаж байна. Дэлбэрэлт болж сүйдсэн  өрөөг бол будаж шохойдоод л “ок”. Харин гуравдугаар зэргийн түлэгдэлттэй насанд хүрээгүй хүүхдүүдийн  арьсанд гэнэн шохоорхолоос нь үүдсэн “дэлбэрэлт” үүрд сийлэгдэн үлдэх нь тодорхой. 

Бас нэг баримт дурьдая. “Луноба” компанийн захирал Л.Базаррагчаа элс олборлодог бизнес эрхэлж байсан бөгөөд эдийн засагч мэргэжилтэй эхнэр Б.Цэндсүрэндээ “Алтан элс” сувиллыг бэлэглэсэн байдаг. Эдийн засагч мэргэжилтэй эхнэр нь ерөнхий эмч хэмээгдэн 14 өвчтөндөө хугацаа нь тодорхойгүй, баахан тариа хольж тариад хордуулж сүйд болсон. Үүнийх нь төлөө НМХГ, НЭМГ-аас үйл ажиллагаа явуулах эрхээ бүрмөсөн хаах шийдвэрийг гаргасан. Гэтэл өнөөдөр “Алтан элс” эмнэлэг “Үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангахын тулд засвартай байна” гэх бичгийг үүдэндээ өлгөсөн хэвээр байна. Миний бодлоор “Уучлаарай, Өвчтөнүүдээ хордуулсан тул үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан” гэж тодоор бичмээр.

Ийм бичиг үгүйг бодоход үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гараагүй байгаа юм болов уу ч гэж эргэлзмээр. Тиймээс НМХГ-ын эрх бүхий албан тушаалтнаас дахин тодруулахад “Манайх шалгалтынхаа хариуг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн. Мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор би дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Гэхдээ “Алтан элс”-д эмнэлгийн энгийн шаардлага хангах зүйл байгаагүй. Захирал бөгөөд ерөнхий эмч Б.Цэндсүрэн биднийг дуудахад ирэхгүй, ер нь хэцүү байна лээ. Цагдаагийн ажилтнаар сануулж, хэлүүлж байж уулзаж зарим зүйлийг тодруулсан шүү” гэв. Эх сурвалжаас сонсох нээ, Б.Цэндсүрэн “Цагдаа, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд миний нэр хүндийг унагасан мэдээлэл цацаж байна. Үүнийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдлыг ЦЕГ-т хүргүүлээд заргалдаж яваа гэнэ.  

Асуудлын гол нь дахиад ямар нэгэн эмнэлэг сувилалд хэн нэгэн хүн хордож, эсвэл хэн нэгний хүүхэд гэмтэж бэртэхгүй л байгаасай гэж мэргэжлийн хяналтын байгууллага нь ч тухайн бизнесийн байгууллага нь ч анхаарч сэрэмжилж байх ёстой. Тиймээс “засвартай байна” гэх бичгийг нь анзаарах ёстой байгууллагууд нь харж, хянаасай билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж