Райн, Байден нарын мэтгэлцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Райн, Байден нарын мэтгэлцээн өндөрлөлөө

АНУ-ын дэд ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Пол Райн, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын эхний бөгөөд сүүлчийн мэтгэлцээн Кентаки хотын Денвэрт байх Төв коллежид болж өндөрлөлөө. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар Райн, Барак Обамагийн засаглалын сөрөг талууд нь эдийн засгийг доройтуулахад хүргэсэн бөгөөд хэрвээ зөв бодлого баримталсан бол ажилгүйчүүдийн тоо нэмэгдэхгүй байсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв. “Бид өнгөрсөн дөрвөн жил маш буруу замаар явсан” гэж тэрээр илтгэлдээ дурьдсан байна. Тэд мөн нийгмийн дунд давхаргын хүмүүсийн талаар, эрүүл мэндийн салбарын талаар мэтгэлцсэн байна. Нийтдээ гурван хэсэгт хуваагдсан уг мэтгэлцээний эхэнд Райн маш хүчтэй мэдэгдлүүд хийж байсан ч туршлагатай улстөрчийн хувиар Байден буурьтай хариулт өгч байсан юм. “Залуу хүн их зөв ярьж байна. Гэхдээ та, танай багийнхан бидний оронд байсан бол юу хийх байсан юм бэ?” гэж тэрээр сөргүүлэн асуужээ.

Бүтэн 14 жилийн хугацаанд конгрессын гишүүн байсан өдгөө 69 настай Байден, 42 настай Райнтай хүч тэнцүү өрсөлдлөө. Тэрээр “Би АНУ-ын төсвийг батлах үйл явцад бүтэн 14 жил оролцож өөрийн үзэл, бодлоо хэлж байсан хүн. Эдийн засгийн хүнд байдалд ямар бодлого явуулах вэ гэдгээ сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд сэтгэл хөдлөлөөр хандаад бүр буруутаж байсан тохиолдол зөндөө бий” гэж Байден мөн ярьсан байна. Энэ удаагийн мэтгэлцээнд Жо Байден өрсөлдөгчөөсөө бага зэрэг илүү байсан гэж судлаачид дүгнэсэн байна. Албан ёсны хариу удахгүй гарах аж.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж