
Нью-Йорк хотын Faile уран бүтээлийн нэгдэл Монголын урлагийн зөвлөл, “Tiger Translate – 2012” Олон Улсын уран бүтээлийн наадмын хүрээнд Улаанбаатар хотноо зочлон ирсэн бөгөөд хурдацтай хотжин, сууриншиж буй өнөө үеийн Монголын ирээдүйн аялалдаа гарахаар зэхэж, скит тэвэрсэн залуу бүсгүйг дүрсэлсэн энэхүү ханын зураг нь Америкийн уран бүтээлчдийн Монголын шинэ түрэн гарч ирж буй авъяаслаг залуу уран бүтээлчидтэй хамтран Улаанбаатарт хийж буй анхны уран бүтээл юм.
Faile уран бүтээлийн нэгдэл нь орчин үеийн гудамжны урлагийн анхны болоод нэрт төлөөлөгчид ба дэлхий томоохон хотууд болох Нью-Йорк, Лондонд тэдний уран бүтээл хэдийнээ танигдсан ба энэ удаад залуусын маань их хөлийн газар Улаанбаатар хотын төв, их сургуулийн гудамжнаа бүтээгдлээ.
График дүрслэлийг тусгай материал дээр эсгэн цоолтуур бэлтгэн түүнээ шүршдэг будгаар будаж бүтээдэг энэхүү гудамжны урлагийн төрөл нь Монголд төдийлөн хөгжөөгүй бөгөөд манай залуу уран бүтээлчдийн хувьд энэхүү цоолтууран дүрслэлийн арга техникийн талаар Америкийн нэрт уран бүтээлч залуусаас суралцах, туршлага солилцох зэрэг ач холбогдолтой байсан тухай Монголын уран бүтээлч залуус ярьж байв.
Олон улс орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх зорилготой “Tiger Translate” наадам дэлхийн томоохон хотууд болох Нью Йорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд зохион байгуулагдаж байсан ба 2012 онд тохиож буй Tiger брэндийн 80-н жилийн ойн хүрээнд, энэ жил Улаанбаатар хотноо зохиогдож манай уран бүтээлч залуус маань Өрнийн уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлээрээ их хотын гудамжаа чимлээ.