Хотын шинэ даргын тэмцэл барилга байшин, газрын луйврыг зах зухаас нь уудлан гаргаж, хатуу гар хаа хаанаа хэрэгтэй байсныг харуулж байгаа бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай үйлдвэрлэгчдийн хазгай үйлдлийг тэгшлэхээр зориглож эхэлжээ. Нефть импортлогч компани, үүрэн телефоны оператор компаниуд зах зээлд шударга өрсөлдөж чадаж байгаа эсэхдээ таагүй үнэлгээ аваад удаагүй байсан бол өчигдөр жирийн хэрэглэгчид бидний өдөр тутмын амьдралд хамаатай хүнс үйлдвэрлэгчид “эвгүй байдал”-д орлоо.
Эхнийх нь жүүс үйлдвэрлэгч компаниуд. Хар ухаанаар бодоход ойлгомжтой юм шиг мөртлөө бид өнөөдрийг хүртэл “Байгалийн 100 хувийн жимсний жүүс” гэсэн шошго хаяг, реклам сурталчилгаанд хууртаж, савласан жимс ууж яваа юм шиг санадаг байжээ.
Телевизийн рекламыг нь харахад жимс шахаад цэвэр жүүс хийгээд байдаг юм шиг ойлголт өгдөг энэ хэрэглээний талаар тус газарт гомдол нэлээд ирдэг ажээ. Тийм ч учраас шударга өрсөлдөөнийг хүсэмжилж буй О.Магнай үйлдвэрлэгчдэд “Үнэхээр гаднаас жимс оруулж ирээд шүүс шахдаг юм уу, эсвэл сироп оруулж ирээд, устай найруулж зардаг юм уу” гэсэн асуулт тавьсан юм.
Үйлдвэрлэгчдийн хариулт юу гээч. “Монголд угаасаа гаднаас жимс оруулж ирээд жүүс хийдэг нэг ч компани байхгүй”… Энэ одоо юу гэсэн үг вэ? Бид юу уудаг байсан, үйлдвэрлэгчид ийм олон жил яагаад ямар ч хяналтгүй хэрэглэгчдийг хуурсаар ирсэн байж таарах вэ?
ШӨХТГ-ынханд буй гаалийн мэдээллээр бол жүүс үйлдвэрлэгчид хилээр их хэмжээний нектар оруулж ирдэг аж. Нектар гэдгийг хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бол сироп гэж тайлбарлаж болно. Тиймээс Монголын жүүс үйлдвэрлэгчид стандартын дагуу бол сиропоор найруулж буй жүүсээ “Сэргээсэн”, “Өтгөрүүлсэн” гэж ангилах ёстой юм. Тиймээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа хуурамч сурталчилгаа, хуурамч шошгоо яаралтай солихыг ШӨХТГ-аас өчигдөр болсон уулзалтын үеэр хатуу сануулахад, “Бид их хэмжээний шошго үйлдвэрлэчихсэн байдаг. Түүнийг дуусгаж байж шинэ шошго наана” гэхчлэн тайлбар хэлжээ.
“Витафит” компани гэхэд “Биднээс шаардах нь зөв. Гэхдээ 14 хоногт бид яаж үүнийг хэрэгжүүлэх юм. Манай компанид гэхэд яг одооны байдлаар 51 нэр төрлийн 46 сая шошго байна. Энэ нь 940 мянган ам.доллар буюу нэг тэрбум 320 сая төгрөгийн шошгоны үлдэгдэл байна гэсэн үг” хэмээн хуучин шошгоо дуустал худалдаа явуулахыг хүсэв.
Мэдээж сироп найруулж зарахыг Монголд зөвшөөрдөг. Гэхдээ үүнийгээ хэрэглэгчдэдээ үнэнээр нь хэлж, шударгаар өрсөлдмөөр байна.
Магадгүй та дэлгүүрээс жүүс авах гэж байгаа бол шошгыг нь заавал хараарай. Монголд нэг ч компани жимсний цэвэр жүүс үйлдвэрлэдэггүй юм байна шүү.