Өвөрмонголын спортын төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын спортын төлөөлөгчид айлчилж байна

МҮОХ-ны урилгаар Өвөрмонголын өөртөө засах орны Биеийн тамир, спортын хорооны удирдлагууд Монголд албан айлчлал хийж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод газардсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны БТСХ-ны орлогч дарга Ли Жы-Юү, Бэлтгэлийн төвийг удирдах газрын дарга Вэнь Зян, Хөнгөн атлетик, жүдо, үшүгийн төвийн захирал Люй Фү, орлогч захирал Д.Насан нар багтаж байна. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэднийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Ж.Отгонцагаан нар байлцсан юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Лондон 2012 олимпийн наадамд манай баг таван медаль хүртсэн. Энэ амжилтанд хүрэхэд Өвөр Монголын спорт хорооны оруулсан хувь нэмэр бий. Өнгөрсөн хугацаанд манай улсаас чөлөөт бөх, жүдо, боксын төрлөөр олон тамирчид танай оронд очиж, хамтарсан бэлтгэл хийсэн. Мөн танай тамирчид Монгол оронд ирж, бэлтгэл хийхийн сацуу тэмцээн уралдаанд тогтмол орж байсан. Ирэх жил Хятадын бүх ард түмний спартакиад болно. Энэ наадамд Өвөр Монголын баг амжилттай оролцоход нь бид чадлаараа туслахаа хэлье” хэмээлээ. Харин ӨМӨЗО-ны БТСХ-ны орлогч дарга Ли Жы-Юү “Биднийг хүлээн авч уулзаж байгаад их баяртай байна. Мөн олимпийн наадамд таван медаль хүртсэн баяр хүргэе. Монгол улс дээр дурдсан гурван төрөл, хүчний спортын төрлөөр дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Бид хэдийгээр заал танхим, дэд бүтцийн хувьд санаа зовох зүйл байхгүй болсон ч сургалт дасгалжуулалтын тал дээр та бүхнээс сурах зүйл маш их байна. Хятадын спартакиадын хувьд бид өмнөх спартакиадад 7 алтан медаль авсан, энэ амжилтаа ахиулах зорилготой байгаа” гэсэн юм. ӨМӨЗО-ны төлөөлөгчид манай оронд гурав хоног айлчлах бөгөөд энэ хугацаанд Монголын жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн холбооны удирдлагууд болон Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатартай албан уулзалт хийнэ.

МҮОХ, ӨМӨЗО-ны БТСХ-ны хамтын ажиллагаа 1990 оноос эхэлж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж