Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Нохойн мах л биш шүү

Өчигдөрхөн телевиз үзэж суухдаа өөрийнхөө чихэнд итгэхгүй мэдээлэл олж сонслоо. Учрыг тайлбарлавал, том жижиг хоолны газруудад гудамжинд тэнэж явсан нохойг алж зардаг байсан бүлэг гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн тухай байсан юм.

Тэдгээр нөхдүүд энэ ажлаа нэлээд удаан хийж байгаа бөгөөд айлын хашаа, гадуур тэнэж байгаа нохойг алаад цайны газруудад зарахад нөгөөдүүл нь дуртайяа худалдан авдаг талаар хэнэггүй ярьж байлаа.

Тэгэхээр цөөхөн хэдэн монголчууд бид “магнаг болсон” малын махаа ч биш хаа хамаагүй тэнэж, олдсон хог хаягдлаар өдөр, оройн “зоог” барьдаг нохойн махаар хооллодог нь тодорхой байна. Энэ асуудлыг хэвлэлийнхэн дэлгэж тавьдаг ч араас нь шаргуу явж, асуудлыг чухалчилж арга хэмжээ авсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан байгууллага байсан эсэхийг би лав дуулаагүй. Тийм учраас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажилд нэлээдгүй ахиц гаргаж байгаа О.Магнай даргад “хов" хүргэмээр санагдлаа.

Магнай дарга аа, монголчуудын эрх ашиг хоолны талаар бас хөндөгдөж байна. Гэртээ хоолоо хийгээд идэж болох ч өдрийн ажилдаа түүртсэн, өглөө гараад орой ордог ажилтай бидэн шиг хүмүүст өдрийн цайгаа хажууханд байрлах хоолны газарт орж идэх тохиолдол бишгүй олон гардаг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Ер нь нохойн махандаа ч гол биш барилга байшингийн булан тохой, орц хонгилд байрладаг том жижиг цайны газар, ресторанд хэрэглэгчийн эрх ашиг, хэрэглэгч хаан гэдэг үг хэрэгжихээ болиод удаж байгаа.

Тэнгэрт тулсан үнэ хэлчихээд тавагны ёроолд хэдхэн ногоо хийгээд урд авчраад чулуудчихаад хялалзаж, цэхэлзэх үйлчлэгчийн “урлаг” хаа, сайгүй цэцэглэсэн байна шүү дээ. Ерөөсөө л ходоодоор бизнес хийж, хэдэн төгрөг олж байвал амттай чанартай хоолоор түргэн шуурхай үйлчилж, үйлчлүүлж байгаа хүмүүсээ хүндэтгэх соёл “мартагдсан дууль” болчихоод байгаа олон газар байдгийг надаар хэлүүлэх юун. Үйлчилгээ сайтай, инээж ханиасан үнэтэй ресторан, солонгос, хятад хоолны газарт тэр болгон орж хооллоод байх чадалгүй нийгмийн олонхи болсон давхаргынхан хатуухан хэлэхэд хоёр алхаад тааралддаг хоолны газарт нохойн махаар хийсэн “зоог” идэж, нохойноос дорд үзэгдэх болжээ.

Учраа олохгүй мунгинасан үйлчлэгч хэзээ сайхан зан гаргаж хоолыг нь дөхүүлэхийг хүлээж, ааштай тогоочийн хольж хутгасан хоолыг амтгүй гэж хэлэх эрхгүй идэх нь энэ нийгмийн ердийн үзэгдэл шиг болсоор удаж байгааг таны сонорт хүргэе. Даварсан нөхдүүдэд даруулга хэрэгтэй байна. Норм, стандарт тогтоож, хоолны газрын үйлчилгээ явуулах хэм хэмжээг тогтоож болохгүй юу. Ангилал, зэрэглэл гэж зүйл байдаг эсэхийг бид хэнээс асуух вэ. Магадгүй Мэргэжлийн хяналтаас асуу гэсэн хариулт өгөх байх. Гэвч ахиухан мөнгө авсан байцаагчид асуудлыг аргалаад өнгөрдөг нь нууц биш учраас тэднээс асуулаа гээд “Арга хэмжээ авч байгаа. Торгууль ногдуулсан” гэсэн алдарт хариултыг нь сонсоно.

50,100 мянгаар торголоо гээд хэзээ ч алдаа дутагддаа засахгүй. Үнэ төсөрхөн олдсон “нохойн махтай” хоолоо өндөр үнээр зарж хоёр, гурав нугалж ашиг олж байгаа тэдэнд багахан торгууль тоглоом шиг санагдах нь мэдээж. Ходоодоо хогоор дүүргэж байгаа хөөрхий монголчуудын эрх ашгийг танай байгууллага хамгаалах хэрэгтэй байна даа. Ёстой л хөл ихтэй газрын хөөрхийлөлтэй үйлчилгээнд чирэгдэж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалмаар байна, Магнай дарга аа.

Амттай, амтгүй, өндөр үнэтэй байсан ч хамаагүй өвс ногоогоор хооллосон монгол малынхаа махыг л идмээр байна. Нохойн мах эрүүл мэндэд сайн хэмээн гадныхан ихээр иддэг гэж сонсч байсан. Гэхдээ хашааны урдуур сүлжилдэж, хаягдал хоолоор голоо зогоож байгаа нохойн мах л биш шүү, бурхан минь. 200,300-ийн хятад сироп найруулчихаад “жүүс” гэж зардаг нөхдүүдэд арга хэмжээ авч байгаа гэж дуулсан. Одоо нохойн махаар хоол хийчихээд хонь, үхрийн махан гуляш гэж зарж байгаа нөхдүүдийн тусгай зөвшөөрөлтэй нь яримаар байна, даргаа.

Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж