Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Бид чухамдаа хэн юм бэ? Өгсөн юмыг нь дуугүйхэн авчихдаг хүмүүс юм уу, эсвэл лангуун дээр байгаа барааг голж, шилээ, үзэж, сонгоод авдаг дархан эрхтэй хүмүүс юм уу, бүр эсвэл юу нь ч мэдэгдэхгүй хуурамч барааг хэн нэгний шахалтаар авдаг хүмүүс юм уу. Чухамдаа энэ асуудлын хариултыг олох гэж олон жил ч хичээсэн. Үйлдвэрлэгчдийн барааг үг дуугүй авч, үйлдвэрлэсэн хугацаа, хуучин, шинийг нь асуухаар хөөгдөөд гардаг тийм үе байсан, одоо ч байсан хэвээр…

Нефть импортлогч компаниудаас авах 17 тэрбум юу болсон бэ?

Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсан шинж чанартай байна гэж үзсэн. Ингээд 17 тэрбум төгрөгийн торгууль оноох гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга асан Б.Лхагва болон ерөнхий зөвлөлийн зургаан гишүүн энэ торгуулийг тэглэж болно гэдэг дээр санал өгсөн билээ.

ШӨХТГ-ын даргын суудлыг аваад удаагүй байгаа О.Магнай нэн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан ч шалгалтын хариу гараагүй учраас тодорхой хариу хараахан гараагүй байна. Угийн тэмцэгч О.Магнай энэ газрын дарга болсны дараахан энэ асуудлыг сөхсөн учраас иргэдийн сонирхол татаж буй. Тэгвэл “Бид ямар ч байсан нэр бүхий гишүүдийг АТГ-д өгсөн. Тухайн үед үгсэн хуйвалдаад үнээ нэмсэн нь ямар нэгэн “но” байна гэсэн хардлагыг төрүүлнэ биз дээ. Ямар ч байсан шалгаж байгаа гэсэн. Ерөнхийдөө ШӨХТГ-ын ерөнхий зөвлөлийн гишүүдийг өөрчлөх шаардлагатай энэ тухай саналыг ч би Ерөнхий сайдад тавьсан. Ойрын хугацаанд шийдвэрлэх байх” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай ярьсан юм.

Нефть импортлогч компаниудаас авах 17 тэрбум төгрөгийн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ч шалгах ёстой байгууллага нь шалгаж байгаа аж. Ямар ч гэсэн замхраагүй л гэсэн үг.

Ирэх сараас хэрэгжих шинэ стандарт

Үүнийг эрхэм уншигч та чухам юу вэ, гэж гайхаж байж болох. Тэгвэл сүү болгон дээр хэрвээ хуурай сүүтэй хольсон байх юм бол “Сэргээсэн сүү” гэх тэмдгийг заавал тавих ёстой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагын шалгалтаар цэвэр сүү юу, өөр ямар нэгэн бодистой хольсон сүү юу гэдгийг савлагаан дээрээс нь шууд мэдэж болохоор байрлуулах юм байна. “Олон улсад хүнсний нэмэлт бодисын “E” гэдэг код гэж байдаг. Чухамдаа үүнийг л сүүн дээр хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Ямар нэгэн хольцтой сүүг цэвэр сүү гэж зарах нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй хэрэг” гэж О.Магнай ярьсан юм.

Мөн шүүс, ундаан дээр ийм төрлийн стандартыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх ажээ.

Секундээр бодох аргачлалыг нэвтрүүлэх боломжтой

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүрэн телефоны операторуудын секундээр тарифыг тооцох аргачлал нэвтрэх бололцоогүй дор хаяж зургаан сарын хугацаа шаардлагатай гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл үүнийг албаны хүмүүс үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, үүрэн телефоны дөрвөн операторын удирдах албаны хүмүүстэй уулзсан бөгөөд энэ тал дээр албан ёсны зөвшилцөлд хүрсэн гэнэ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээллүүд үндэслэлгүй гэж би хэлнэ. Яагаад гэвэл бид энэ дөрвөн операторын удирдах ажилтнуудтай уулзсан. Бүгд нааштайгаар хүлээж авсан. Ирэх долоо хоногоос би хэвлэлийн хурал зарлах гэж байгаа. Үүгээрээ яг хэзээ энэ журмыг мөрдөж, секундээр тооцох вэ гэдэг нь тодорхой болох юм” гэж О.Магнай ярьсан юм.

Энэ бүгдээс харвал бид чухамдаа ямар хүмүүс вэ гэдэг нь ойлгомжтой болж байгаа байх. Гэгээн оюундаа дүгнэх эрх нь уншигч танд бий. Дараа, дараагийн удаад бид хэрэглэгчийн эрхийг хөндөж байгаа өөр асуудлаар бичих болно.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж