Нэг цонхны үйлчилгээг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Нэг цонхны үйлчилгээг хэлэлцэж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын Нэг цонхны үйлчилгээтэй холбоотой цогц сургалтыг өчигдөр өөрийн байранд эхлүүллээ. Сургалт өнөөдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр нэг цонхны үйлчилгээтэй холбоотой саад, бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг ярилцах гэнэ.

Нэг цонхны үйлчилгээг нийгмийн даатгалын салбарт нэвтрүүлэх нь ач холбогдолтой талаар албаныхан онцолдог ба одоогоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 1 бүсийн төв, хоёр хороо, хоёр суманд туршилтын журмаар байгуулж, ажил үйлчилгээг нь жигдрүүлээд буй юм байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламж болох  1,8 тэрбум төгрөгөөр байгуулагдсан дээрх 35 “нэг цонхны үйлчилгээ”-ний төслийн хүрээг өргөтгөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай 2012 онд гэрээг дахин сунгаж “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Цаашдаа  албаныхан хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслийг нийгмийн даатгалын байгууллагад үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 4 хороо, 1 суманд дахин Нэг цонхны үйлчилгээтэй болгох зорилт тавьсан юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж