өмнө Өмнөговь аймаг руу сурвалжилгаар явахад “Оюу толгой онцгүй л
байна” гэж амандаа үглэх иргэд тун олон байлаа. Бүгд л Оюу толгой онцгүй
байна, бүтээн байгуулалт хийсэнгүй хэмээн шүүмжилж байсан нь оргүй зүйл
биш ээ.
Өмнөговь аймгийн алт, зэсийг хуйгаар нь хамж явахаар
бэлтгэл ажлаа аль хэдийнэ шуудруулж буй уг компанийнхан өнөөдрийг хүртэл
Ханбогд суманд буюу орон нутагт нь дорвитой бүтээн байгуулалт
хийгээгүйгээр зогсохгүй нүүдлийн барилга гэж болох сэндвичэн байшинд
ажил, амьдралаа үргэлжлүүлсээр байна. Монгол гэр, сэндвичэн барилгаар л
өнөө, маргаашаа аргацааж буй тэд Ханбогд суманд үйл ажиллагаагаа
эхлүүлснээс хойшхи арваад жилийн хугацаанд гэрэл, цахилгааных нь
асуудлыг ч бүрэн шийдэж өгсөнгүй. Өдгөө арай хийж цахилгаан станцынхаа
бүтээн байгуулалтыг хийж дуусгаж байгаа бөгөөд энэ ондоо багтаад орон
нутгийнхан 21 дүгээр зуунд амьдарч байгаагаа мэдрэхүйц гэрэл,
цахилгаантай болно хэмээн найдаж сууна. Найдаж суусаар олон жилийг ардаа
орхиж дээ.
2000 айлын орон сууц барина гэж аль 2008 оноос хойш
Оюу толгойнхон ярьсан ч зураг, төлөвлөгөөгөө ч гаргаагүй байна. Ингээд
бодохоор Оюу толгойд итгэснээс өөрсдөдөө найдсан нь дээр гэдэг ойлголт
төрж байгаа юм.
Мэдээж бүх зүйл Оюу толгойгоос хамаарах мэт
хошуугаа унжуулаад эрхэлж суухыг нутгийн удирдлага хүсээгүй аж.
2009-2012 онд зөвхөн Ханбогд суманд гурван тэрбум 623 сая төгрөгийн
бүтээн байгуулалтыг хийсэн байна. Үүнд Оюу толгойн нэмэр жаахан ч гэсэн
бий байх л даа.
2009-2011 онд хүртэл сумын төвийн 0,4 кВт-ын
ЦДАШ-ын засвар шинэчлэл, Цагдаагийн кабоны дулааны шугам сүлжээний
холболт, Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гаргасан
инженерийн хийцтэй 2 худаг, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн
боомтын төвийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, Гашуун сухайтын хилийн
боомтын ажилчдын орон сууцны барилга, Гашуун сухайт хилийн боомтын
мэргэжлийн байгуллагуудын ажлын байрны барилга, сургуулийн хичээлийн
байрны их засвар, Сумын ЗДТГ-ын конторын барилгын ажил, суманд 175 ортой
цэцэрлэгийн барилга барих зэрэг нэлээд ажлыг хийсэн байна. Зөвхөн зах
зухаас нь дурдахад шүү дээ.
Харин
2012 онд ахмадын өргөө, инженерийн хийцтэй худаг, сумын төвийн шинэ
хорооллын 2,1 км дулааны шугам сүлжээний зураг, төсөв, Гашуун сухайт
хилийн боомт дээр хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, сумын ЗДТГ-ын
гадна талбайг засч, тохижуулах, багийн төвүүдэд техник, тоног төхөөрөмж
өгөх зэрэг олон ажлыг Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс хийсэн байна
лээ. Үүнээс гадна сумын ЗДТГ-ын зүгээс ч нэлээд их хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтын ажил хийснээр Ханбогд сум ямартай ч үхмэл хот суурин
болчихоогүй өнөөдрийг хүрчээ.
Тэгэхдээ чамлалттай. Чамлалттай
гэхийн учир нь сүүлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Энержи Ресурс компанийн
байрладаг Цогтцэций сум гэрлийн хурдаар хөгжиж байна. Бүтээн
байгуулалтууд өрнөж, есөн давхар орон сууцны барилгууд хүртэл энэ суманд
босч эхэлжээ. Кембрижийн стандартыг нэвтрүүлэх зорилготой Орчлон дунд
сургууль уурхайн ажилчдын хүүхдүүдэд эрдэм ном зааж, “Модерн Номадс”
компани олон улсын жишигт нийцсэн, таван одтой тансаг зочид буудал
барьсан аж.
Үүний дэргэд Оюу толгой компани Ханбогд суманд юу
хийсэн юм бэ гэж үгүйсгэгдэхээр байна. Үнэхээр хоноцын сэтгэлтэй гэдэг
нь харагдаад байгаа уншигч та анзаарах биз. Юутай ч Ханбогд сумын Засаг
дарга Л.Дэндэвсамбуу болоод нутгийн иргэн юу ярихыг уншиж, сонирхоно
уу.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Л.Дэндэвсамбуу:
Цаад Энержи Ресурсынхан чинь монгол юм байна
-Тантай
жилийн өмнө ярилцлага хийхэд Оюу толгой компанид сэтгэл дундуур байдгаа
ярьж байсан. Танай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэрнээ
гэрэл, цахилгаантай ч болгоод өгчихгүй өнөөдрийг хүрсэнд Засаг даргын
хувьд дургүйцэж байгаагаа илэрхийлж байсан шүү дээ?
-Оюу
толгой компани төслийнхөө үйл ажиллагааг маш сайн явуулахын тулд
иргэдийн лицензийг авах буюу олонход таалагдах хэрэгтэй. Хэдийгээр Оюу
толгой компани Ханбогд суманд зөндөө ажил хийснийг үгүйсгэхгүй ч сэтгэлд
бүрэн нийцэхгүй байна.
Би 2008 онд ажил аваад Оюу толгойтой хэдэн асуудлаар аман яриа хийсэн юм.
-Ямар яриа хийсэн гэж?
-Өнөөдөр гал унтраах маягаар хандив, тусламж үзүүлэх зэргээр хамтарч ажиллаж болохгүй ээ. Хэдхэн зүйл дээр тохирч ярья.
Уул
уурхайн ханган нийлүүлэлтийн асуудлыг орон нутгаас тодорхой хэмжээгээр
оруулъя, ажиллах хүчний асуудлыг орон нутгаас татъя мөн дэд бүтэц, гэрэл
цахилгаан, замын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийн асуудлыг
шийдэхгүй бол ханган нийлүүлэлтийг орон нутгаас түлхүү оролцуулна гэдэг
Хөрөнгө оруулалтын гэрээ зүгээр л цаасан дээр бичигдсэн лоозон болж
хувирна. Тиймээс эхлээд гэрэлтэй болъё. Гэрэлтэй байвал
бүгдээрээ л гэрэлтэй байя, харанхуй амьдарвал бүгдээрээ л харанхуй
амьдаръя гэдэг асуудлыг тавьсан. Оюу толгой гэрэлтэй байхад Ханбогд сум
харанхуй байж болохгүй шүү дээ.
-Одоо ямартай ч Ханбогд сум гэрэлтэй болох өндөр хүчдэлийн шугам баригдаж байгаа гэж сонссон. Энэ ажил нь хэр урагшилж байна вэ?
-Оюу
толгойн албаны хүмүүсийн хэлж байгаагаар цахилгааны асуудлаа авахаар
шийдсэн, баяжуулах үйлдвэр маань 97 хувийн гүйцэтгэлтэй, гурван хувийн
үлдэгдэлтэй байна. Энэ ажлыг дуустал хөрөнгө санхүүгээ хэмнэх байдлаар
явж байна. Баяжуулах үйлдвэрээ барьчихвал гэрэл, цахилгаантай болгоно л
гээд байгаа.
-Тэгээд яг хэзээ гэрэлтэй болох юм бол оо?
-Энэ ондоо л гэж итгэж байна. Барилга угсралтынх нь ажил ер нь бол гүйцсэн. Холбоход бэлэн болсон.
-Мэдээж
Ханбогд сум Харанхуй хот гэдэг нэр авах хүртэл нь Оюу толгой компани
гэрэлтэй болгохгүй, луу унжиж байгаад бухимддаг л биз дээ?
-Ханбогд
сумаас гурван км-ын урд байрлах, хойшоо таван км-т байрлах Оюу толгойн
зуслангууд Ханбогд суманд хүрэлцэхүйц хэмжээний дизелийг асаагаад
гэрэлтэй амьдарч болж байна. Тэгтэл Ханбогд сум нөгөө зуслангууд руу
04-ийн шугам татчихсан байгаа шүү дээ. Иймээс зарлага битгий
давхар гарга л даа, хоёр талаасаа түлшээ гаргаад хамтраад явъя гэж
хэлсэн ч тодорхой шийдвэрт хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ өндөр
хүчдэлийн 35-ын шугам баригдаж эхлэхээс өмнө бид үл ойлголцолд хүрч,
заримдаа ойлголцоод явдаг л байлаа. Харин дизель хүчдэлийн асуудлыг
манай руу шийдсэний хүчинд 2008 онд гурван цаг асч байсан цахилгааны
түгээлт өдгөө 15, 16 цаг асч байна. Яах вэ, өмнөхөөсөө арай ахисан алхам
л даа.
Тэгэхдээ энэ бол зөв алхам биш. Компанидаа зарлага
ихтэй. Хоёрдугаар 32-хон км-ийн цаана байрлах Оюу толгой компани 24
цагаар өдөр шиг гэрэлтэй байхад бид яагаад ингэж амьдарч болдоггүй юм бэ
гэж нутгийн иргэд халаглаж л байгаа байхгүй юу. Өнөө цагт энэ
ордыг нээсэн монголчууд азтай. Гэхдээ бид үр ашгийг нь хүртэж байж
азтайд тооцогдоно. Үр ашгийг нь хүртэхгүй, бусдад хоол болгоод өгчихвөл
амны хишиггүй ард түмэн болж хувирна биз дээ.
-Ганц гэрэл, цахилгааны асуудал биш. Өөр олон асуудал дээр Оюу толгойтой ойлголцолд хүрч чаддаггүй гэж ойлгодог шүү?
-Жишээ
нь газрын асуудал байна. Аливаа аж ахуйн нэгж, компаниудад газрыг
дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулалтаар өгөх хуультай.
Тэгэхдээ манай газрын хууль их муу боловсруулагдсан. Цаана нь дандаа
луйвар дагаж явдаг. Хуучин хүүгийн дээл шиг цоорхой ихтэй хууль шүү
дээ. Тухайлбал Оюу толгойн газрын асуудлыг саадгүй шийдэж өг
гэдэг Засгийн газрын 177 дугаар тогтоол гарчихсан. Ингэхээр хуулиасаа
өндөр эрх мэдэлтэй тогтоол гараад ирчихэж байгаа юм. Ер нь хууль
эцэг юм уу тогтоол эцэг юм уу. Хуулиасаа өндөр эрх мэдэлтэй тогтоол
гарч ирсэн нь асуудлыг буруу тийш нь залж байна. Би өөрөө газар зохион
байгуулагч мэргэжилтэй хүн л дээ. Дахиад хэлэхэд бид газраа нэг
компанид хүссэн хэмжээгээр нь май гээд өгөөд байж болохгүй. Тэгэхээр бид
Оюу толгойтой арай өөрөөр ярихаар шийдсэн.
-Өөрөөр яаж ярих гэж байгаа юм?
-Энэ
компани Засгийн газар биш. Тэгээд ч бид дөрвөн жил эднийг гуйж явлаа.
Оюу толгойтой эдийн засгийн хувьд харилцан үр ашигтай байхаар шийдэж,
бодлогоо өөрчилсөн.Би танайхыг гуйхгүй, зовоохоо больё, та бүхэн явдаг
замаараа л яв гэж хэлсэн. Өөр бодлогоор ажиллана.
-Ямар бодлого баримтлахаар шийдсэн гэж?
-Өнөөдөр
Оюу толгой компани хүдрээ гаргахад бэлэн болгоод, хүдрийн том овоолго
хийчихлээ. Тиймээс ашиглалтын талбайнаасаа гадна хяналтын талбай болох
40 газрын олгооч ээ гэж хүссэн. Орон нутгийн 100 хувийн өмчтэй
үйлдвэрийн газар байгуулаад Оюу толгойн нэхээд байгаа газрыг энэ
компанидаа өгчихье. Харин Оюу толгой энэ газрыг түрээслээд явна гэсэн
үг. Ингээд орж ирсэн мөнгөө ИТХ-аараа ярилцаад, эхлээд замаа засах уу,
барилгаа барих уу гэдгээ шийдээд явна. Иргэд энэ бүхнээ хянаад явах юм.2009
онд бид Шилэн түрийвчний аян гэж зарласан. Төсвийн мөнгө шилэн
түрийчинд байгаа юм шиг л ил байх ёстой. Дундарч байна уу, дүүрч байна
уу гэдгийг иргэд хянаж байх боломжтой юм.
-Тэгэхээр Оюутолгойн нэхсэн 40 га газрыг тэдэнд түрээслүүлэх нь ээ?
-Гашуун
сухайт хилийн боомт нэг тонн нүүрсийг гурван доллараар түрээсээр
хураадаг юм байна. Тэгэхээр би тэр 40 га газрыг Оюу толгойд зүгээр
өгчихөөд араас нь хэрэлдээд, ард түмэндээ шүүмжлүүлж явахын оронд орон
нутгийн өмчит компанидаа өгчихөөд, түрээслүүлье гэж бодсон. Зөв биз дээ.
-Зөв л дөө. Тэд сэтгэл гаргахгүй бол сумынхаа төлөө та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй?
-Зэс
өнөөдөр дэлхийн зах зээл дээр тонн нь 7800 орчим доллар байгаа. Алт
грам нь 850 орчим байна. Нийт 2,7 тэрбум тонн хүдрийн нөөцтэй шүү дээ,
Оюу толгой чинь. Тэгэхээр бид шунахгүй, тонныг нь таван доллараар л
тооцоод талбайгаа ашиглуулчихъя.
-Тэгэхээр орон нутгийн өмчит компани жилд хичнээн төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг вэ?
-Оюу
толгой компанийн ТЭЗҮ-тэй холбоотой л доо. Хамгийн багаар бодоход 500
мянган тонныг жилд олборлоход л 2500 мянган доллар буюу гурван тэрбум
төгрөг олох боломжтой. Харин бид олсон мөнгөөрөө нийгмийн салбарын нэг
номер болсон, хэрэгцээгээ хангасан бүтээн байгуулалт хийе гэж бодож
байна.
-Ямартай ч та бүхэн Ханбогд сумынхаа төлөө бүхий л арга хэмжээг авч байгаа юм байна?
-Тийм
ээ. Би Оюу толгойнхонд хот болгоё гэвэл Ханбогдыг л хот болгох
хэрэгтэй, хот болгохгүй гэвэл өөр газар хотоо байгуулж болно. 88 жилийн
түүхтэй энэ газрыг устгая гэвэл та бүхэн өөр газар хотоо байгуул, би бол
зөвшөөрөхгүй гэж хэлдэг юм.
-2008 оноос хойш Ханбогдод 2000 айлын орон сууц баригдана гээд байсан юу болсон бэ?
-Тийм
ээ, энэ асуудал яригдаад явж байсан ч одоо сураггүй л байна. Оюу толгой
МГЛ компанийн захирал, өмнө нь Гашуун сухайт боомт хариуцсан Засгийн
газрын бүрэн эрхт төлөөлөгч хийж явсан Батбаатар гэдэг нөхөр сонгуулийн
өмнө 3000 айлын орон сууц бариулна л гээд яриад байсан. Би ч бараг
худлаа биз дээ гэж бодож суулаа. Халамжид дулдуйдсан амьдрал
бидэнд хэрэггүй ч гэр бүлд ээлтэй ажлын байр гэдэг асуудал байхгүй
болчихож байгаа юм. Оюу толгой барилгаа барина уу, байна уу хамаагүй ч
иргэд хохирох гээд байна. Тиймээс орон сууцаа бид өөрсдөө барья гэж
шийдсэн.
-Хүний гар харж суухаар өөрсдөө хөдөлсөн нь дээр л дээ. Эхний ээлжинд хичнээн айлын орон сууц барих гэж байна вэ?
-Ханбогд
сумын төсвийн байгууллагад 139 хүн ажилладаг юм байна. Түүний 86 хувь
нь орон сууцтай болъё гэж байна лээ. Иргэд ч олноороо байртай болъё
гэцгээж байгаа. Тиймээс газрыг нь компаниудад олгоод нэг сая 200 мянгаас
хэтрүүлэхгүй барилгаа барь гэсэн гэрээ хийхээр ярилцаж байна. Эхний
ээлжинд 50 айлын орон сууц баригдана.
-Одоо Ханбогд сум хичнээн хүн амтай болоод байна вэ?
-Үндсэн
хүн ам нь 4000. Явуулынхтайгаа нийлээд 12 000 орчим болсон. 7000, 8000
орчим нь хөдөлгөөнт хүн ам буюу Оюу толгойн ажилчид гэсэн үг л дээ. Энэ
хүн амыг бодохоор наад зах нь 2000, 3000 айлын орон сууц хэрэгтэй байгаа
биз.
-Тийм байна. Ингэхэд Цогтцэций сум их хурдтай хөгжиж
байгааг нүдээр үзээд ирлээ. Гэтэл Ханбогд сумын хөгжил Цогтцэцийд
гүйцэгдээд зогсохгүй, хоцорчихлоо шүү дээ. Энэ бүхэн бас л Оюу толгой
компанитай холбоотой биз?
-Энэ дээр би хоёр юм хэлье. Би
өөрөө газар зохион байгуулагч хүний хувьд Ханбогдын хот төлөвлөлт маш
сайн байгаа гэж боддог. Харин хөгжлийн хурдаараа Цогтцэций сайн яваа.
Яагаад гэвэл цаад Энержи Ресурсынхан чинь монгол юм байна. Монголчууд
болохоороо мөнгөө авч гараад хаачих вэ дээ. Хөөрхөн орон сууцны
хорооллуудыг эхлүүлчихсэн, барилгууд сайн баригдаж байна. Манай
суманд байрладаг Оюу толгойн хувьд хоноцын сэтгэлээр хандаад байна.
Сэндвичэн барилга нь эднийг явах үед л нураад, элэгдэлд орчихно шүү дээ.
-За тэгвэл та Засаг даргын хувьд Оюу толгой компанид үнэлгээ өгвөл ямар дүн тавихаар байна вэ?
-А,
В үнэлгээ лав өгөхгүй. Жишээ нь Оюу толгой компани ханган
нийлүүлэгчдийнхээ дунд тендер зарлаад гурван сараас авах гэж байна.
Миний сонссоноор америк стандартыг мөрдөж ажиллана гэж байна лээ. Тэгэх л
юм бол орон нутгийн ханган нийлүүлэлт байхгүй болно.
Монгол
Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Ханбогд
сум өнгөрсөн жил 711 ажлын байр бий болгож, тэргүүлсэн. Гэхдээ 17 мянган
Оюу толгойн ажилчдын 600, 700 нь л Ханбогд сумын иргэд. Ихэнх нь
цэвэрлэгч, үйлчлэгч гэсэн ажлын байранд томилогддог.
-Нарийн мэргэжилтнүүдээ төв болон гаднаас аваад цэцвэрлэгч, үйлчлэгчээ л танай сумаас авдаг юм уу. Цалин хэдийг өгдөг бол?
-Тийм.Цалин нь 400 мянга орчим л юм шиг байна лээ.
Ханбогд сумын иргэн М.Хашхүү:
Дэлхийд нэртэй том компани оффисийн барилгаа ч барьчихаж чадаагүй л байгаа шүү дээ
-Ханбогд сумын бизнесийнхний төлөөлөлтэй уулзаж байгаагийн хувьд энэ нутагт наймаа хийхэд хэр боломжтой байна вэ?
-Манай
нутагт гадна, дотноос шилжилт хөдөлгөөн их хийгдэж байна. Хуучин манай
Ханбогд сум 2004 оны сонгуулиар 2000 гаруйхан сонгогчтой байлаа. Одоо
бол 12 000 гаруй иргэнтэй болсон. Энэ хүмүүсийг дагаад тодорхой
хаягггүй, Оюу толгойд ажиллаж байгаа гэр бүлийнхнээ эргэж тойрох гэсэн
хүмүүсийг тооцвол 20-иод мянган хүн Ханбогдоор ирж, явж байна. Тэгэхээр
бизнес хийхэд боломжтой гэсэн үг л дээ.
-Ханбогд сумын уугуул иргэний хувьд хөгжлийн асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Оюу
толгойг хөгжүүлнэ байх гэсэн ард иргэдийн хүлээлт их байдаг. Хачир
дээрээ орон нутагт юу ч хийж өгсөнгүй. Бизнесийн төлөөлөл болсон ганц
нэг залуучууд л үйлчилгээний хэдэн барилга барьснаас биш Оюу толгой юм
хийсэнгүй.
Амарбаясгалан гэдэг залуу “Говь” гээд үйлчилгээний
төв барьж байна. Миний төрсөн дүү Хашбаатар “Өгөөмөр” төвийг бариад
ашиглалтад оруулчихлаа. Би өөрөө “Саруул” төвийг ашиглалтад оруулаад үйл
ажиллагаагаа эхлүүлчихлээ. Энэ мэтээр бизнест хөл тавьж буй нутгийн
залуучууд жаахан жаахан юм хийж байна. Дээрээс нь боломжийн дундаж
амьдралтай хүмүүс хоёр давхар хаусаар Ханбогд сумаа чимж байна даа.
Түүнээс биш хот болох утгаараа бүтээн байгуулалт хийгдэхгүй байна.
-Уг нь хот төлөвлөлтөө танайх аль хэдийнэ хийчихсэн ч Оюу толгой хотыг босгож өгөхгүй байгаа бололтой?
-Манай
Засаг даргын Тамгын газраас хот төлөвлөлтийн зургийг маш сайн гаргасан.
Дэд бүтэц, цэвэр усны нөөцийн судалгаагаа Азийн хөгжлийн банктай
хийчихсэн. Хатуу хучилттай замын эхний хэсгийг хийгээд өнөөдөр актанд
өгөх гэж байна. Үүнийг хэрхэн хучилт хийж, хар зам болгох вэ, хөрөнгө
мөнгийг нь хаанаас босгох вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тиймээс
төвийн том пүүс, корпорациуд хот байгуулалтад оролцооч ээ, Эрдэнэтээс их
ордтой орд энд бий болчихоод байна гэж уриалмаар байна.
-Оюу
толгой компанийг бүтээн байгуулалт хийхгүй болохоор нутгийн иргэд ихэд
сэтгэл дундуур байдаг гэж сонссон. Ер нь бослого хийхэд ч нутгийн иргэд
хэзээд бэлэн байдаг талаар яригддаг юм билээ. Үнэхээр тэгтлээ дургүйцдэг
болоо юу?
-Би АН-ын гишүүн хүн л дээ. Ханбогд сумын АН-ын
удирдах зөвлөлд ажилладаг. Аймгийн АН-ын гишүүн. Ер нь бол би Ханбогд
суманд төрж, өсөөд нэг хэсэг гадаадад амьдарлаа. Ирчихээд жил гаруйн
хугацаанд энэ “Саруул” төвөө барьж, ашиглалтад орууллаа. Юм хийе гэсэн
сэтгэл байвал болдог юм байна. Хувь хүн болж байхад бүхэл бүтэн дэлхийд
нэртэй том компани энд оффисийн барилгаа ч барьчихаж чадаагүй л байгаа
шүү дээ. Айлын байр түрээслээд ажлаа явуулах зэргээр эмгэнэлтэй зүйл
зөндөө харагддаг.
-Оюу толгой дээр дандаа сэндвичэн барилга, гэрүүд л баригдсан харагддаг юм билээ?
-Би
өнөөдөр хуралд суучихаад аймгаас давхиж ирэхдээ хажуугаар нь гарахад
гурван давхар сэдвичэн барилга хашаандаа нэмээд барьчихсан байна лээ.
-Бүр гурван давхараар нь уу?
-Тийм.
Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр чихэнд дээр цэцэг ургуулж байна.
Нүүдлийн журмаар манай нутагт ажиллаж, хамаг алтыг нь ухчихаад удахгүй
хаяад явахад бэлэн байна. Бороогоулдын эмгэнэл давтагдах гээд байна шүү
дээ. Асар хүчтэй техник оруулж ирээд хамаг баялгийг хуу хамчихаад,
хусмыг нь хятадуудад зараад үлдээчихэж мэдэх л хүмүүс.
-Хажууд байгаа Цогтцэций сум их сайхан хөгжиж байна шүү дээ. Цогтцэцийг харахаар сэтгэлд нэг юм бодогддог биз?
-Цогтцэций
их сайхан хөгжиж байна. Өдрөөс өдөрт өнгө ороод л. Яг манай урд хөрш
шиг хөгжөөд байгаа юм. Эхлээд сайхан хар замаа тавьчихаж байна. Дараа нь
замынхаа дагуу байшин барилгуудаа төлөвлөөд барьж байх жишээтэй. Дөрөв,
тав, есөн давхар барилгууд боссон байна лээ. “Номадс” ресторан
Олон улсын жишигтэй таван одтой зочид буудал Цогтцэцийн төв дээр
барьсан. Үнэхээр сайхан болсон. Үүнээс дутах юмгүйгээр л Оюутолгой хийх
ёстой шүү дээ. Энэ бүхнээс улбаалаад тэмцэх бодол надад их байдаг юм.
Удахгүй орон нутгийн сонгууль дуусахаар Оюу толгойтой хийх арга хэмжээ
бий.
-Гэхдээ Оюутолгой Монгол Улсын Засгийн газартай шууд
гэрээтэй ажиллаж байгаа учраас Ханбогд сумын иргэдийн үгийг үл тоодог юм
биш үү?
-Тийм. УИХ-ын дарга нэг бус удаа Оюу толгойн онгоцны
буудал дээр буусан. Тэгэхэд манай Засаг дарга эзгүй байсан учраас
орлогч нь тосч авахаар очиход эхлээд Оюу толгойнхон УИХ-ын даргатай
уулзана, дараа нь та нар уулз гэсэн шаардлага тавиад оруулаагүй. Ханбогд
сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байж нутгийн удирдлагатай
нь ингэж доромжилсон өнгө аясаар харьцсан нь үнэхээр ёс зүйгүй, үл тоож
байгаагаа харуулсан.
Эх сурвалж: www.mongolcomments.mn