Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Залуу насыг нэг ёсондоо амьдралын хамгийн өндөр, хурдан хэмнэл гэж ойлгож болно. Бүр ондоо утгаар ойлгоё. Баар, пабаас өөр газаргүй болсон залуусын өнцгөөс харвал хөгжмийн хэмнэлтэй нь холбон ойлгож болох талтай. Монгол Улсын хувьд 60-аас дээш хувийг нь залуучууд эзэлдэг хэрнээ тэдэнд ямар боломж байна вэ, олоход тун хэцүү. Харин хэдэн төрлийн халамж байгааг олоход тун амархан…

Боломжийн эсрэг халамж

2000 оны эхнээс оюутны төлөө ажилладаг байгууллага нь нийтийн тээврийн автобусанд үнэгүй зорчих хүсэлтэйгээ илэрхийлж, энэ нь 2005 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Мөн энэ үнэмлэхээрээ тусгайлсан хэдэн газар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Оюутнуудын төлөө хийсэн хамгийн том гавьяа нь энэ. Өнгөрсөн жилээс оюутнуудыг 70 мянган төгрөгөөр сар бүр урамшуулахаар болсон. Энэ мэтчилэн халамжууд цуварч өгнө.  Харин оюутнууд сургуулиа төгсөөд жинхэнэ ёсоор амьдралаа эхлүүлж ажиллах боломж байна уу гэвэл хараахан үгүй. Төгссөн оюутнуудыг ажлын байранд нь зуучлах, компанитай гэрээ байгуулах, цагийн ажилд зуучлах тал дээр хийсэн ямар зүйл алга. Сайн сурлагатай ч амьдралын боломж тааруу оюутнуудыг гадаадад зуучлах, хөнгөлөлттэй үнээр сургах боломжийг гаргаагүй л байна. Гэсэн атлаа улс төрийн зорилгоор ямар нэгэн жагсаал цуглаанд уриалан дуудаж, сонгуульд дайчилна. “Залуусыг халамжлахаас илүү боломжийг нь гаргаад өгвөл уг нь зүйтэй. Манайхаас өөр оронд ингэдэггүй, боломжоор нь л хангаад өгчихдөг шүү дээ” гэж Монголын залуучуудын холбооны ерөнхйилөгч А.Мөнхбат ярьж байсан удаатай.

Чөлөөт цагаа хаана өнгөрөөх вэ?

Сонголт байна аа… Гэхдээ сонголтын дийлэнх хувийг баар, пабууд эзэлнэ. Үүнээс өөр сонголтууд бий, гэхдээ цөөхөн. Улсын болон нийслэл хотын мэдэлд байх хоёр номын сан, гурван кино театр. Баарнаас арай өөр газар гэвэл бас л чамгүй хэмжээгээр байх интернет, PC тоглоомын газар. Үүнээс өөр сонголт алга. Залуусын хөгжлийн клуб гэж барууны орнуудад томоохонд тооцогддог газрууд бий. Үүгээрээ тэд үеийнхэнтэйгээ уулзаж, хөгжлийн тухай, сонирхож байгаа сэдвүүдийнхээ тухай ярилцаж, зарим нэгэн хүмүүст сайн дураараа туслах үйлчилгээ үзүүлдэг газрууд. Үүнд элсэхэд ямар нэгэн мөнгө төлөхгүй, иймэрхүү ажил хийснийхээ төлөө цалин ч авахгүй. Харин тэд клубуудээрээ дамжуулаад мэргэжил, мэдлэгээ ашиглан ажилд орох бололцоотой. Сүүлийн үед бас цахим ном нэртэй клубүүд гадаадад нэмэгдэх хандлагатай байна. iPad, ном унших зориулалттай таблетыг олноор байрлуулсан уг газарт та хэдхэн цент төлөөд орж болох бөгөөд уншсан номынхоо тухай ярилцдаг ажээ. Үүнийг зарим улсууд дэмжиж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж өгдөг болжээ.

Харин манайд иймэрхүү клубууд алга. Залуусын төлөөх байгууллагууд нь улс төрийн албан тушаал шиг болон хувирч нам болгон дэргэдээ залуусын байгууллагатай болж залуус жилд хэдэн мянгаараа улаан, ногоон, цэнхэр үнэмлэхийг өвөртөлдөг жишиг тогтсоор уджээ. Гэтэл амьдрал дээр залуусын амьдрал боломжийн байгаа юу?

Шинэ санааг дэмждэг үү?

Харамсалтай нь, бас л үгүй. Аравдугаар ангийн хүүхэд гэрлэн дохиог хэрхэн ашигтайгаар, цахилгаан бага зарцуулахаар хийх вэ гэдэг санааг бодон олж үйлчилгээнд нэвтрүүлэх гэсэн ч гадаадын чанартай брендийг оруулж ирнэ гэх үүднээс буцаасан тохиолдол гарч байжээ. Одоо ч гэсэн гардаг аж. Зарим нь шинэ санаа олчихоод танилцуулахаасаа ч айдаг болжээ. Харин зарим нэгэн хувийн компаниуд залуусын шинэ санааг дэмжин үйлдвэрлэлдээ хэрэгжүүлж, ажилд урин, өндөр шан харамж амлан ажиллуулж байна. Анхаардаггүй атал Оюуны өмчийн газраас гэрчилгээ авч байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байдаг гэх судалгаа гарчээ. Хүүхэд залуусын бүтээлийг хэн нэг нь луйвардаад авчихлаа гэхэд Монголд үүнийг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байдаггүй учраас эрх нь зөрчигдлөө гэхэд шүүхэд ялах магадлал тун муу байдаг аж.

Төгсгөлийн оронд….

Уг нь улс орны хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг. Гэтэл тэднийг дэмжсэн, шинэ санааг нь урамшуулсан, ажлын байранд зуучилсан ямар ч үйлчилгээ алга. Харин тэднийг халамжлах, мөнгө тараах, хөнгөлөлт боломжоосоо илүү байна. Тэд харин амьдрал дээр гараад хэрхэх вэ, сайхан ирээдүй байна уу……Хариулт нэхсэн л асуулт хэвээр.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж