“Төсөв дээр улс төр бага хиймээр байна”

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Төсөв дээр улс төр бага хиймээр байна”

УИХ-ын чуулганыг цаг сунган хуралдуулж, Монгол Улсын 2013 оны төсвийн төслөөр гишүүд асуулт хариулт үргэлжлүүллээ.

Гишүүн Ц.Нямдорж Оюутолгойн Монголын талын хувийг 50-д хүргэх талаар ажиллах хэрэгтэй. Энэ сэдвээр гурван жил үргэлжилсэн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн гурван гишүүн Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Н.Батбаяр нар сайд болсон байна. Одоо яриагаа дуусгаад ажлаа хийе гэлээ. Бас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Би олон Ерөнхий сайдын нүүр үзсэн.  Гэхдээ Ерөнхий сайдын суудалд суучихаад “Аятайхан байгаарай” гэж гишүүдийг занадаг хүн байгаагүй. Гишүүдийг занаж зандардаг зангаа татаарай” гэж байлаа.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шинэ хорих барьж хоригдлуудаа оруулбал 23 хорихын зургааг хэмнэж болно. Нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг хоёр болгож үрэлгэн, тарсан төсвийг хумиж болно гэж байлаа. Үүнд тав, таван тэрбум төгрөг гаргаад ажилдаа даруй орох хэрэгтэй гэсэн юм. Эдийн засгийн сайд Н.Батбаяр “Өнөөдөр Ц.Нямдорж сайд “Оюутолгойн гэрээ буруу болсон юм биш үү” гэж байгаад баярлаж байна. Ц.Нямдорж гишүүн бол Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн. “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийнхэн орж ирж сайд болсон нь үнэн. Цөөнх байсан учраас үгээ хүргэх гэж тэгдэг байсан. Хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” гэсэн юм.
Гишүүн Ж.Энхбаяр төсвийн хуваарилалт хүсэн хүлээж буй зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхийг асуулаа. Тансаг хэрэглээ, өв залгамжлах, газрын зэрэг татварын хэмжээ багасч зорилтот бүлгийн ачаалал нэмэгдэж байна гэж тэрбээр хэлж байлаа. Сайд С.Эрдэнэ “Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг хуулиараа зогсоосон. Авч амжаагүй иргэдэд олгох асуудлыг судалж байгаа. Өмнөх ололтоосоо ухраад зорилтот бүлгийн халамж үйлчилгээг зогсоосон юм байхгүй. Орон нутгийн сонгууль дөхөж байна. Төсөв дээр улс төр бага хиймээр байна” гэсэн бол сайд Н.Батбаяр “Төсвийн хууль одоо мөрдөж байгаа татварын хуулийн хүрээнд хийгддэг.  Мөнгө гэж юу вэ. Хүний бүтээсэн нэг л бүтээл. Хүн өөрөө үүнийг бүтээгээд эхлээд зоосон хэлбэртэй байснаа цаасан хэлбэртэй болжээ. Хүний бүтээлийг мөнгөөр илэрхийлдэг болсон. Хөдөлж чаддаг нь мөнгө бүтээдэг. Монголчууд дор бүртээ чадах чадахаараа хөдөлбөл мөнгө бүтээж чадна. Төсвийн мөнгийг хэрэгтэй зүйл дээр нь хатуухан зарцуулна. Ард түмэн өөрсдөө баялгаа бүтээдэг. Тусгаар тогтносон улсад мөнгөний гачаал гэж байдаггүй. Монголын зах зээлээс 500 дахин том зах зээл хажууд байна. Монголчууд бүтээх л хэрэгтэй” гэж байлаа.

Гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн ерөнхийлөгчөөс татгалзах хэрэгтэй гэж өдөр яригдсан юм. Энэ талаар тэрбээр “Намайг МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр та нар биш манай гишүүд сонгосон. Энэ сарын 15 хүртэл хүлээчих. Хүлээж чадахгүй бол шүүхээр ярь” гээд цалингийн механизмыг боловсронгуй болгох, худалдан авах чадварыг нэмэх талаар асуулаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд инфляцийг бууруулах гэж байгааг тайлбарлав. Үүгээр гишүүдийн асуулт хариулт дуусав. Төсвийн талаар санал дүгнэлтээ гишүүд маргааш хэлэхээр боллоо.

Үүгээр 19.20 цагт чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. Чуулганы хуралдаан маргааш өглөө 10.00 цагаас эхлэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж