
Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрөлгүй, ШТС байгуулах зөвшөөрөлгүй дөрвөн ШТС үйл ажиллагаа явуулж байсан нь “Сод Монгол” группийн 33, 43, 22, 32 дугаар станцууд байсан аж. Газрын тухай хууль зөрчиж, гэр хороолол дунд зөвшөөрөлгүй хоёр ч ШТС байгуулсан учраас цаашид “Сод Монгол” группэд газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, татан буулгах арга хэмжээ авах ёстой гэдгийг өнөөдрийн хуралдаанаас онцгойлон санууллаа. Мөн улсын комисст хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулж байсан “Петровис”-ийн хоёр, “Магнай трейд”-ийн гурав, “Сод Монгол”-ын долоо, “Шунхлай” болон “Бадрал”-ын тус бүр хоёр, “М-Ойл”-ын нэг, нийт зургаан аж ахуй нэгжийн 17 ШТС байсныг шалгалтаар илрүүлжээ. Дээрх зөрчил, дутагдал гаргасан бүх байгууллагатай хариуцлага тооцохыг нийслэлийн Удирдах зөвлөлийн хурлаас холбогдох байгууллагуудад анхааруулав.