Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шведийн Вант Улсын Гадаад
харилцааны сайд Карл Билдтэй уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд дорх
мэдээллийг хийв.
Ардчилал
бэхжиж, авлигатай тууштай тэмцэж, хууль дээдлэх ёсыг хэлбэрэлтгүй
сайжруулж байгаа энэ оронд эдийн засгийн өсөлт түргэсч өндөр амжилтад
хүрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швед Улсад хийж буй энэ айлчлал
хоёр орны найрсаг харицлаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан
үнэхээр түүхэн үйл явдал болж байна. Ноён Ерөнхийлөгч манай улсад
айлчилж буй энэ үеэр Эрхэм дээдэс хаан, Ерөнхий сайд, парламентын дарга
зэрэг манай улсын нөлөө бүхий шийдвэр гаргагчидтай уулзаж хоёр орны
харилцааг илүү олон салбараар үр дүнтэй хөгжүүлэх гарцыг бий болголоо.
Манай
хоёр улсын хувьд нэг ижил үнэт зүйлтэй орон бөгөөд цаашид энэ удаагийн
айлчлалаар ярилцсан зүйлийг шат шатандаа ажил хэрэг болгох тал дээр
анхааран ажиллах нь чухал юм. Мөн Монгол Улс авлигатай тууштай тэмцэж,
шударга ёсыг тогтоох болон ардчиллыг улам бүр чанаржуулахад ихээхэн
анхаарч буй нь харагдаж байна. АОХН-ийг тэргүүлж буй нь бас өндөр ач
холбогдолтой юм. Бид нэг нэгнийнхээ алдаа онооноос суралцан харилцан
туршлагаа солилцсоноор илүү гүнзгий харилцааг бий болгоно гэж итгэж
байна.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж:
Шведийн Вант
Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Сая тус
улсын Гадаад харилцааны сайдтай уулзаж хоёр орны харилцааны асуудлаар
дэлгэрэнгүй ярилцлаа. Өмнө нь Цог жавхлант хаан Густав болон Засгийн
газар, парламентын тэргүүнүүдтэй уулзсан. Швед Улсын хувьд бид олон
жилийн найрсаг харилцаатай. Ялангуяа 1990 оноос хойшх шилжилтийн
жилүүдэд Шведийн Засгийн газар, ард түмэн маш их тус болсон. Шведийн
хөгжлийн хөтөлбөрийн дагуу Монголд олон төсөл амжилттай хэрэгжсэн. Бид
өнөөдөр Шведийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа. Мөн дэлхийн байгаль
орчин, усны асуудалтай холбоотой болон сонгуулийг шударга явуулах
зорилго бүхий хэд хэдэн маш чухал байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа.
Хоёр орны харилцааг цаашид олон салбарт хөгжүүлэх шинэ шинэ боломж
нээгдэж байгаад баяртай байна.