Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улс, үндэсний холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Олон улсын хүндийг өргөлтийн холбоо, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд Ерөнхийлөгч Ёдбантое Интарат (Тайланд), Йемений хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Ал Жармал Абдулла, Хятадын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чиан Гуанжиан, Кыргызстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Омуржан Молдодосов, Узбекистаны Хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Данил нар байлцлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн хэлэхдээ “Олимпийн төрлийн энэхүү спортыг Монгол оронд хөгжүүлэхэд та бүхний оруулж буй хувь нэмэрт баярлалаа. Цаашдаа Монгол оронд олон улс, бүсийн чанартай олон тэмцээнийг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Харин Олон улс, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд Ерөнхийлөгч Ёдбантое Интарат “Монгол орон биднийг байх хугацаанд цаг агаарын хувьд сэрүүн байсан ч, та бүхний зочломтгой зан их дулаахан байлаа. Сайхан тэмцээн зохион байгуулсанд баярлалаа. Монголын тамирчид ирэх жилүүдэд илүүамжилт үзүүлэх боломжтой нь энэхүү тэмцээнээс харагдлаа. Амжилт хүсье” гэв. Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн дээрх зочдод Монгол оронд олимпийн төрлийн спорт, хүндийг өргөлтийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Олимпийн Алдар” одонгоор шагналаа.
Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд 10 орны 150 гаруй тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн төрөлд, эрэгтэй найм, эмэгтэй долоон жингийн ангилалд хүчээ үзсэн юм.