-“Эрдэнэс Тавантолгой”-д өрнөж байгаа олон ажил, үүрэг даалгавраас аль нь хамгийн төвөгтэй хүнд байсан бэ?
-Бүгдээрээ маш чухал, ачаалал шаардсан ажлууд байлаа. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах бидний хувьд шинэ бас асар олон жижиг зүйлийг зэрэг тооцоолох ёстой хамгийн төвөгтэй хэсэг нь байлаа. Гэхдээ нилээд хэдэн чухал ажил амжуулсан учраас цааш явна аа. Би Монголын хамгийн том, эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх компанийн хувь заяаг эхлүүлж ажилласнаа хувь зохиол гэж боддог. Өнөөдөр би өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгч байна. Өнөөдөр Зүүн Цанхид олборлолт жигдэрсний дээр бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төслүүд эхлэх гэж байна. Ажил хэвийн үргэлжилж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой”Хөгжлийн банкнаас олгосон 100 сая ам.долларын зээлээ юунд ашиглаж байгаа вэ?
-Маш их хөөцөлдөж байж, арай гэж авсан зээл шүү. Төрийн өмчит компаниуд бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. ЭТТ үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэхэд дор хаяж 400 сая ам.доллар хэрэгтэй. Үйлдвэрлэлийн төслүүд буюу нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцын төсөл, усны хангамжийн бие даасан том төслүүд эхлэх хэрэгтэй учраас тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд бидэнд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй болно. Хөгжлийн банк ч гэсэн үргэлжлүүлээд хамтрах байх. Саяын 100 сая ам.долларын зээлийг өдөр тутмын үйл ажиллагаа болон уурхайд төмөр замын ТЭЗҮ хийхэд ашиглана.
-Яагаад хөрөнгө оруулагчийн тендерт оролцож байга “Пийбоди”-д Баруун цанхийн гэрээт олборлогчоор ажиллах санал тавьсан юм бол?
-Хөрөнгө оруулагчийн тендерийг хүлээж цаг хугацаа их алдсан, өөр аргагүй байсан. Баруун цанхийг ашиглалтад оруулах нь эдийн засагт нэмэртэйгээс гадна ажлын байр шинээр бий болгоно. “Пийбоди Энержи” компанийг гэрээт олборлогчоор хамтрах санал тавьсан. Пийбоди өнгөрсөн жил хөрөнгө оруулагчийн тендерт оролцсон, хажуугаар нь олборлогчоор ажиллах сонирхолтой байсан. Туршлагатай, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны нөхөн сэргээлтээрээ нэр хүндтэй компани учраас хамтрах санал тавьсан. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд хэрхэн үзэхийг мэдэхгүй байна. Зүүн Цанх том уурхай болох учраас тэндээ “Макмохан” гэрээт олборлогчоор ажиллахад хангалттай байх. Баруун цанхи ч гэсэн том уурхай болох учраас “Пийбоди”-д санал тавьсан.
-“Чалко”-той хийсэн нүүрсийг урьдчилан борлуулах гэрээ хэзээ дуусах вэ?
-Ирэх жилийн хавар дуусна. Түүнээс долоон сар гаруйн дараа анхны борлуултын орлогоо үзнэ гэж найдаж байна. Гэхдээ “Чалко” дараагийн таван жилд үргэлжлүүлэн нүүрс худалдаж авна. Тэр үедээ үнээ тохиролцоно
-Таныг гарахаар компанид дэд дарга нарын ч юм уу, бүтцийн өөрчлөлт орох уу?
-Төрийн байгууллага биш компани болохоор төсөл хариуцсан хүмүүс болон хэлтэс албадууд үргэлжлүүлэн хэвийн ажиллана гэж бодож байна.