Ерөнхийлөгч Шведийн Вант Улсын Цог жавхлант хаан Карл XVI Густавтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Шведийн Вант Улсын Цог жавхлант хаан Карл XVI Густавтай уулзав

Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарыг тус улсын Цог жавхлант хаан Карл XVI Густав, Цог жавхлант хатан хаан Сильвия нар албан ёсоор угтан авах ёслол Стокгольмын төв дэх хааны ордонд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний гэргийг тус улсад анх удаа морилон ирснийг нь тохиолдуулан Швед Улсын хаан, хатны хамтаар хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод соёл, түүх, уламжлал, хоёр ард түмний нийтлэг үнэт зүйл болсон хүний эрх, ардчиллын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Цог жавхлант хаан Густав Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “Эртний түүхтэй Монгол орны төрийн тэргүүн гэргий болон албаны хүмүүс, мөн бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Швед Улсад зочлон ирж буйд талархаж байна. Та бүхэн манай оронд тавтай морилно уу. Манай хоёр улсын хооронд төсөөтэй болон ялгаатай олон тал байдгаас хамгийн түгээмэл ижил зүйл нь ардчиллын төлөө үзэл санаа нээлттэй орнууд юм. Бид та бүхний сүүлийн хоёр арван жилийн хугацаанд хүрсэн амжилтыг онцлон сайшааж байдаг” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын зорилго болон Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаар, 1989 оноос хойшх ардчилсан тогтолцооны ололт хийгээд сорилтын тухай танилцуулаад сайн засаглалын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх эгнээнд ордог тус улсын амжилтаас суралцах хүсэлтэй байгаагаа хэлэв. Мөн байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, эрчим хүч, технологи, боловсрол гээд хоёр орны харилцааг хөгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж худалдааны эргэлтийг өсгөх талаар ихээхэн анхаарч байгаагаа хэллээ.

Хаан Карл XVI Густав нь1988 оноос эхлэн өдгөөг хүртэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Шведийн салбарын Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай бөгөөд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ. Тэрээр 1950 онд Угсаа залгамжлах ханхүү болж, 1973 оны 9 дүгээр сарын 15-нд 27 настайдаа Шведийн төрийн тэргүүн болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж