Тус хүрээлэнгийн Гадаад харилцаа, засаглалыг дэмжих асуудал эрхэлсэн захирал Карин Гөрдис, Стокгольмын Олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн дарга Гөран Ленмаркер Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авч өөрийн байгууллага болон Монгол Улстай хамтран ажиллаж буй талаараа дэлгэрэнгүй танилцуулж, Монголын ардчилсан үйл явцад үнэлгээ өгөх чиглэлээр хамтран ажиллахаар Ерөнхийлөгчийн Тамгын газартай санамж бичигт гарын үсэг зурснаа онцлон дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай улс тус байгууллагад 2010 оны 12 дугаар сард 26 дахь гишүүн орон болж элсэн орсон юм.
ОУАСТХ нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн төсөлд санал өгч байснаас гадна улс төрийн намуудын санхүүжилтийн хуулийн төсөлд зориулан санал боловсруулаад байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “ОУАСТХ 1995 онд үүсэн байгуулагдсан цагаасаа дэлхий дахины ардчиллын тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж ирсэн.1990-ээд оны шилжилтийн жилүүдэд тус байгууллага олон улс оронд ардчиллын туршлагыг хуваалцах, сонгуулийг шударга үнэн зөв явуулахад ихээхэн анхаарч ирсэн нь үр дүнгээ өгсөөр байна.
Тус байгууллагын зүгээс шүүх засаглалыг сайжруулж шударга ёсыг тогтоох болон институциудыг чадваржуулах, хүний эрхийг хангах тал дээр гаргаж буй санаачилга, төслүүдийг бид дэмжсээр байх болно.
Бид цаашид АОХН-ийг тэргүүлсэн туршлагадаа тулгуурлан ОУАСТХ-г тэргүүлэн ажиллахын төлөө хичээх болно. Мөн тус байгууллагын гишүүн орны хувьд хүрээлэнгийн удирдах бүрэлдэхүүн, ажлын албанд Монгол Улсын иргэнийг ажиллуулах сонирхолтой байна” гэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Гөран Ленмаркер Монгол Улсыг ардчилал, хүний эрх, шударга ёсыг тогтоох талбарт гүн гүнзгий туршлага хуримтлуулж, амжилт олж байгаад баяр хүргээд Монгол Улс сонгуулиа цахим шийдлээр зохион байгуулсан нь олон улс оронд сайн жишиг болохыг онцлов. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан “Иргэний танхим”-ын үйл ажиллагаа жигдэрч иргэний оролцоог хангах чиглэлээр Монгол өндөр үнэлгээ авсаар байгааг тухайлан дурдлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тус хүрээлэнгийн танхимд “Монголын ардчилал, сорилт бэрхшээл, туршлага хийгээд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр лекцдээ Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, байгаль орчны асуудал, ялангуяа ногоон бодлогын талаар онцлон ярив.