Перугийн экс ерөнхийлөгч өршөөл хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Перугийн экс ерөнхийлөгч өршөөл хүсчээ

Перугийн
ерөнхийлөгчөөр 1990-2000 оны хооронд ажилласан экс Ерөнхийлөгч Альберто
Фүжимори хүний эрх зөрчсөн хэргээр шоронд хоригдож байгаа билээ.
Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Ольянта Умалагаас өршөөл үзүүлэхийг гуйсан
байна. Энэ тухай Альберто Фүжиморигийн том охин Кейко эрх мэдэлтнүүдэд
уламжлан, түүнийг  шоронд хоригдох хугацаандаа амны хөндийн хорт
хавдраар өвдөн, таван удаа хагалгаанд ороод буй тухай мэдэгджээ.
Түүнчлэн Кейко Фүжимори аавыгаа эрүүл мэндийн шалтгаанаар өршөөлд
хамрагдахад шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрдүүлж, Перугийн Хууль
Зүйн сайдад хүргүүлсэн байна. Гэхдээ  Ерөнхийлөгч Ольянта Умала
Фужиморид өршөөл үзүүлэх юм бол энэ нь түүний барууны сөрөг хүчний намд
томоохон дэмжлэг болох бөгөөд түүнийг өршөөлөөр суллагдахыг ихэнхи
Перучууд эсэргүүцэж байгаа аж. Альберто Фүжимори Перугийн ерөнхийлөгчөөр
ажиллаж байх үедээ тус улс дахь терроризмтой идэвхитэй тэмцэж, макро
эдийн засгийг тогтворжуулж чаджээ. Гэвч хожим тэрээр авторитари дэглэм
тогтоож, хүнийг эрхийг зөрчсөн хэргээр шүүгдсэн юм. Япон гаралтай 
Фүжимори 2000 онд авилгын асуудалд орооцолдож, албан тушаалаасаа
огцорон, Японруу дүрвэсэн байна. Дараа нь 2005 онд Чилид зочилж байхдаа
баривчлагдаж, 2007 онд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 6
жилийн хорих ял сонсчээ. Улмаар 2009 онд Фүжимори  1990-ээд онд хэт
зүүний партизануудтай тэмцэх үеэрээ хүний эрхийг зөрчсөн хэргээр 25
жилийн хорих ял авсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж