Л.Эрхэмбаяр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаяр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга М.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын өнгөрсөн сонгуулиар 26 дугаар тойргийн хорооны даргаар ажилласан юм. Тус тойрогт нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын авсан санал хуульд заасан хувь хэмжээндээ хүрээгүй гэх үндэслэлээр дахин санал хураалт явуулахаар болсныг бид мэдэх билээ.

Гэтэл энэ тойрогт дахин санал хураалт явах эсэх нь ч тодорхойгүй болоод байгаа юм.

-УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн маргаан яг юунаас үүдсэн юм бэ. Энэ асуудлын үнэн худалд иргэд төөрөлдөж эхлээд байна. Таны хувьд энэ асуудлыг хамгийн сайн мэдэх хүний нэг шүү дээ?

-Миний бие энэ тойргийн хорооны даргаар ажилласан. Ямар нэгэн улс төрийн зорилго агуулсан болоод ийм юм яриад байгаа юм биш. Болсон процессоос бүх зүйл харагдана л даа. УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр хуулийн дагуу явагдаж, гурав хоногийн хугацаанд дүнгээ гаргасан. Гэтэл дүн гаргах явцад ажил үүргийн хуваарийн дагуу тойргийн хорооны нарийн бичгийн дарга бүх хэсгийн хороодын дүнг авч нэгтгэсэн юм. Нэгггэсэн дүнгээ тойргийн хорооны хуралдаанд оруулж ирэхдээ хоёр янзын дүн танилцуулсан.

-Яагаад хоёр дүн болчихов?

-Хуульд заасан үндэслэлээр ийм юм байж болохгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Сонгууль зохион байгуулж буй байгууллага, түүнд ажиллаж байгаа албан тушаалтан, гишүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр, бусдыг төөрөгдүүлэхээр хоёрдмол утгагүй дүн гаргах үндсэн үүрэг нь. Гэтэл манай тойргийн хорооны нарийн бичгийн дарга хоёр өөр хувь гаргаж тойргийн хорооны гишүүдийг төөрөгдүүлсэн. Ингээд л маргаан эхэлсэн юм.

-Нарийн бичгийн даргаас өөр хүмүүс бас ажиллаж байсан биз дээ. Нэг хүн ийм сонин зүйл гаргаж ирнэ гэдэг өнгөц харсан нөхцөлд эргэлзмээр л санагдаж байна?

-Сонгууль дууссаны гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 30-нд тойргийн хорооны хуралдааныг зарласан. Гэтэл тойргийн хорооны нарийн бичгийн дарга асуудал үүсгэж гишүүдийг талцуулсан юм. Тухайн үед даргаар нь ажиллаж байсан болохоор миний бие нарийн бичгийн даргад санал хураалтын дүнг хоёрдмол утгатай биш, ойлгомжтой болго гэсэн. Тойргийн хорооны гишүүддээ ч бүх материалтай танилцахыг үүрэг болгосон. Ингээд гурван цагийн дараа хуралдахад дахиад өнөөх хоёр хувилбараа танилцуулсан. Энэ хоёр хоёулаа хүчин төгөлдөр, зөв гэсэн тайлбарыг хийж, бөөн маргаан дэгдээж, тойргийн хорооны гишүүдийг хоёр талцуулсан юм.

-Тэгэхээр нарийн бичгийн даргатай санал нэгдэх хүмүүс байсан гэсэн үг үү?

-Эхнийх нь сонгуулийн тухай хуулийн дагуу саналын хуудаснаас тоолж гаргасан дүн байсан. Харин нөгөө нь хүчинтэй саналаас тоолж сонгогчийн хувийг гаргасан хууль бус дүн байсан юм. Эхний хувилбар дангаараа орж ирэх ёстой байтал тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хоёр дахийг оруулж ирсэн. Хоёр дүн дээр гишүүд хоёр талцаж, нэг хэсэг нь яг хүчин төгөлдөр зөв гэсэн талд зогсч, хэсэг нөхөд нарийн бичгийн даргатай санал нийлж байсан. Хоёр дахь хувилбарыг үндэслэн тойргийн хороо шийдвэр гаргах ёстой гэдэг зүйлийг ч хэлж байсан. Ингээд санал хураахад эхний хувилбар хүчин төгөлдөр гэдэг дээр олонхи гишүүн санал өгсөн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ажил үүргийн дагуу тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг албажуулж өгөх ёстой л доо. Гэтэл албажуулж өгөлгүй хоёр, гурван хонохдоо, дуудахаар ирэхгүй байсан. Тэр хооронд МАН-аас Улсын мөрдөн байцаах газарт мэдээлэл өгсөн юм шиг байна билээ. Тойргийн хороонд цагдаагийнхан шалгалт явуулж, асуудлыг нэг тийш нь болгож өгсөн. Ингээд л нарийн бичгийн дарга үнэнд гүйцэгдсэн юм. Манай тойргийн хороо 48 дугаар тогтоолыг гаргаж, СЕХ-д хүргүүлснээр Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг хоёр УИХ-ын гишүүн болж, нэг мандат дээр босго оноо хүрээгүй Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын дунд дахин санал хураалт явахуулахаар болсон.

-Тойргийн хорооны 43 дугаар тоггоол гэдэг нэг зүйл яригдаад байна шүү дээ. Энэ тогтоол албан ёсных гэдэг нь батлагдвал дахин санал хураалт явахгүй гэсэн зүйл яригдаад байна. Энэ тогтоолыг танай тойргийн хороо гаргаагүй гэж үү?

-Захиргааны хэргийн шүүхээс намайг өнгөрсөн наймдугаар сарын 13-нд дуудсан юм. Гайхаад яваад очтол 43 дугаар тогтоол гээчийг надад танилцуулсан. Тэр тогтоол нь өнөөх манай нарийн бичгийн даргын танилцуулж байсан хоёр дахь хувилбарыг үндэслэсэн байгаа юм. Тойргийн хорооны даргын гарын үсэггүй, нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгийн гарын үсэгтэй, тойргийн хорооны тэмдгийг дарчихсан албан бус, хүчин төгөлдөр биш тогтоолыг Захиргааны хэргийн шүүх дээр харсан.

-Энэ хоёр тогтоолын аль нь үнэн зөв гэдгийг шүүхэд юугаар нотлох вэ?

-Нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй хавсаргасан 43 дугаар тогтоол гэгч нь надад танилцуулагдаагүй, миний гарын үсэг байхгүй, тойргийн хорооны бичиг хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, СЕХ-нд албан ёсоор хүргэгдээгүй тийм л зүйл байсан. Нөгөөтэйгүүр тогтоол гаргасан хуудас, үг найруулга бусад бүх тойргийн хороодын тогтоолын хуудаснаас ялгаатай гээд захын хүн хараад л ойлгохоор зүйл байгаа юм. Ийм улайм цайм юм байж болохгүй биз дээ.

-Ер нь ингэхэд энэ хоёр тогтоол юугаараа ялгаатай болоод ийм их ач холбогдол өгөөд байгаа юм бэ?

-Нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гаргасан хууль бус 43 дугаар тогтоол гэгч нь өөрийгөө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан босго оноонд хууль бусаар, хүчээр хүргээд байгаа юм. Ингэснээр УИХ-ын гишүүний эрх мэдлийг хууль бусаар авах гэж буй хэрэг л дээ. Тойргийн хорооноос гаргасан 48 дугаар тогтоол бол УИХ-ын сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан дүрэм, журмын дагуу гаргасан хүчин төгөлдөр тогтоол. Энэ тогтоолоор бол нэр дэвшигч Л.Эрхэмбаярын саналын хувь босго оноондоо хүрэхгүй байгаа юм. Гэвч эцсийн дүнд аливаа зүйл хуулийн дагуу л хийгдэх ёстой шүү дээ. Тиймээс энэ хоёр тогтоолын хооронд асар том ялгаа бий.

-Энэ асуудлын цаана яг юу байна гэж та харж байгаа вэ. Нөгөөтэйгүүр таныг ч худлаа яриад байгаа эсэхийг хүмүүс мэдэхгүй шүү дээ?

-Эцсийн дүнд энэ бол зүгээр нэг нарийн бичгийн даргын төөрч будилаад хийсэн хэрэг биш гэдэгт л учир байгаа юм. Юуны түрүүнд хуурамч бичиг баримт бүрдүүлж, захиргааны хэрэг үүсгэх ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. Ингэснээр хууль хяналтын байгууллагуудыг төөрөгдүүлж төрийн эрх мэдаийг хууль бусаар авахыг оролдож байгаа хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа.

-Захиргааыы хэргийн шүүхээс одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Л.Эрхэмбаярын нэхэмжлэлд хавсаргасан хүчин төгөлдөр бус 43 дугаар тогтоол гэгч дээр маргаан үүсгээд байгаа. Тойргийн хороо 48. 43 гэсэн хоёр тогтоол гаргачихсан байна. Аль нь зөв болохыг тогтоож өгөөч гээд байгаа. Гэтэл Захиргааны хэргийн шүүх Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийг түдгэлзүүлчихсэн байгаа юм. Ингэснээр дахин санал хураалт явуулахад хэцүү болоод байна. Хоёр хүний нэр дээр гарсан шийдвэрийн нэгийг нь түдгэлзүүлчихээр шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй болоод байгаа юм.

-Хуулийн дагуу энэ хэргийг аль шатны шүүхээр шийдэх ёстой юм бэ?

-Одоогоор Захиргааны хэргийн шүүх хянаж байгаа. Энэ талаар СЕХ хүртэл байр сууриа илэрхийлсэн. 43 дугаар тогтоол гэгч нь манайд ирээгүй гэсэн хариугаа шүүхэд албан ёсоор өгчихсөн байна билээ. Уг нь миний зүгээс дахин санал хураалт явуулж, хууль журмаар нь шийдье л гээд байгаа юм. Ийм хуурамч үйлдпийг би хэзээ ч эсэргүүцнэ.

-Л.Эрхэмбаяр нэр дэвшигчийн зүгээс таныг гуггэлгийн шинжтэй зүйл ярилаа гэсэн байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Миний зүгээс хэн нэгэн хүнийг гүтгэсэн, явцуу эрх ашгийн зүгээс хандаж яриад байгаа зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллагад ч хандаагүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хянаж үнэн зөв шийдвэр гаргах байх.

-Ер энэ мэт маргаан юунаас үүдэж гардаг гэж бодож байна. Хуулийн цоорхойд байна уу. Ер нь хууль эрхзүйн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй юм болов уу. Дараагийн сонгуульд ийм зүйл давтагдахгүй гэх баталгаа алга байна шүү дээ?

-Зарим хүмүүсийн хуулиа хэрэгжүүлэхгүй, өөрийн болон, хэсэг хүмүүсийн эрх ашгийн төлөө хэт улайрсан үйлдлээс үүдэлтэй. Хүн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үнэнч шударгаар ажиллаж амьдарвал ийм маргаан гарахгүй гэж бодож байна.

Ч.Батмаа.

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" сонин.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж