Өмнөд Африкийн уурхай 1400 уурхайчнаа халжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкийн уурхай 1400 уурхайчнаа халжээ

Өмнөд Африкийн “Езулвини” уурхайд ураны олборлолт явуулдаг “Gold One” компани өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ажил хаясан 1400 гаруй уурхайчнаа ажлаас нь халсан байна. “Gold One”  компанийн зүгээс уурхайчид ажил хаясан нь компанийн ажилчдын сахилгын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл бөгөөд шүүхээс уурхайчдын ажил хаялтыг хууль бус гэж тогтоосон гэж мэдэгджээ. Тус компани ийнхүү 1400 уурхайчныг ажлаас нь халснаар “Езулвини” уурхайд ажилладаг уурхайчдын дөрөвний гурвыг нь алдаж байгаа юм. Халагдсан уурхайчид тус компаниас хууль бусаар ажил хаясандаа албан ёсоор уучлал гуйх юм бол эргэн ажилдаа орох боломжтой гэнэ. “Езулвини” уурхайн ажилчид энэ сарын эхээр ажил хаяж, жагсаал цуглаан хийн,  хамгаалалтын ажилчидтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтэж, шархаджээ. Энэ нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд Өмнөд Африкийн уул, уурхайн олборлолтын томоохон компани олон мянган уурхайчдыг ажлаас нь халсан хоёр дахь тохиолдол болсон байна. Өмнө нь дэлхийн уран үйлдвэрлэлийн хамгийн том “Anglo-American Platinum” хэмээх компани ойролцоогоор 12000 уурхайчдыг гурван долоо хоногийн турш ажил хаяж, уран олборлолтыг зогсоон, компанид их хэмжээний хохирол учруулсны улмаас ажлаас нь халсан юм. Сүүлийн үед Өмнөд Африкийн уурхайчид цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө  олон мянгаараа ажил хаях нь ихэссэн бөгөөд өнгөрсөн наймдугаар сард “Lonmin” компанийн уран олборлолтын “Марикана” уурхайн уурхайчид ажил хаяж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас 34 уурхайчин амь үрэгдэж, олон уурхайчин гэмтэж шархадсан хэрэг гарсан билээ. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж