Төсвийн анхны хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Төсвийн анхны хэлэлцүүлэг эхэллээ


УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Гишүүдээс санал гарсангүй.

Хэдийгээр 13.00 цаг болж, үдийн
завсарлага эхэлсэн ч чуулганы хуралдаан ирцгүйн улмаас бүтэн цагаар
хойшилж эхэлсэн. Тиймд цайны цагийг хойшлуулахаар УИХ-ын дарга З.Энхболд
санал гаргаж, төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов. УИХ-ын
хувьд ажлын цаг хуучнаараа 09.00 цагаас эхлэн тооцогдож байгаа юм.
Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн
2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр илтгэл тавилаа. Ерөнхий сайд
төсвөөр нарийн тоо ярьсангүй,  тойм маягаар илтгэлдээ тусгажээ.

Ирэх
жилийн төсвийн орлого долоо орчим их наяд төгрөгөөр төлөвлөгдөж байгааг
Ерөнхий сайд хэллээ. Төсвийн урсгал зардал 4,8 их наяд орчим төгрөгөөр
төлөвлөжээ. Үүнээс улсынх нь гурав орчим их наяд, хүний хөгжлийн зардал
280-аад тэрбум төгрөг байна гэлээ. Инфляциас хамаарсан тохируулгыг Эрүүл
мэнд, боловсрол зэрэг салбарт хийнэ. Болзошгүй хямралаас урьдчилж
сэргийлэх хэрэгтэй гэлээ. Барилгуудад нэгдсэн стандарт, зураг төсөл
мөрдөхөөр болжээ.

Хүний хөгжил сангаас өнгөрсөн жилүүдэд хишиг,
хувь хавтгайруулж тарааснаас болж 924 тэрбум төгрөгийн өртэй үлджээ. Энэ
сангаас цаашдаа зөвхөн хүүхдийн мөнгө олгоно. 240 орчим тэрбум
төгрөгийг үүнд зарах юм байна. Хишиг хувиа авч амжаагүй хоцорсон хүмүүс
мөнгөө нэхэж байгааг Ерөнхий сайд хэллээ. “Тавантолгой”-гоос нүүрсээ
гаргаагүй байхад урьдчилж мөнгө аваад хүний хөгжлийн мөнгөнд зарчихсан.
“Эрдэнэт”-ээс мөнгө зээлсэн. Хүний хөгжлийн санд 621 тэрбум төгрөгийн
орлого орно. Хүүхдийн мөнгөө өгөөд үлдсэнийг өрөндөө төлөх бололтой.
Хоёр, гурван жилд өрөө цайруулах боломж бий гэнэ. Инфляц одоо 13-14
хувьтай байгаа. Үүнийг ирэх жилд найман хувьд барихаар болжээ.

Ерөнхий
сайд төсвийн төслийг улайран хамгаалахгүй гэлээ. Мөн буруугаа урагш нь
чихэхгүй. Хугацаа шахуу байгаа тул хамтран ажиллая. Төсвийн төлөвлөлтийн
аргачлалыг өөрчилье гэсэн саналыг Ерөнхий сайд хэлэв. Ирэх жилээс
төсвийг дөрөв, дөрвөн жилээр төлөвлөдөг болно гэлээ. Шинэ төмөр замыг
эхэлнэ. Аймгийн төвүүдээ тохижуулна. Замын-Үүд хүртэлх авто замыг
дуусгана гэх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төсөвт тусгажээ.
Барилгын зургаар, төсвөөр, тендэрээр мөнгө иддэгийг зогсоохоо амлалаа.
Яармагийн амаржих газрын мөнгөний 80 хувийг авсан, гүйцэтгэл 60 хувь.
Ашиглалтад орлоо гэхэд усгүй, дулаангүй. Энэ мэт дампуу байдлыг шинэ
Засгийн газар арилгана гэв. Үүгээр Ерөнхий сайдын илтгэл өндөрлөв.

НЭМЭЛТ: 14.15 цаг

УИХ-ын
чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдууллаа.
Хэдийгээр гишүүдийн ирц тааруу байсан ч Монгол Улсын 2013 оны төсвийн
тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил
сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр Ерөнхий сайд
Н.Алтанхуяг илтгэл тавьсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч
эхэлсэн юм.

Сангийн сайд Ч.Улаан Японд болж буй ОУВС-ийн жил
бүрийн хуралд оролцож байгаа тул гол хариултыг Ерөнхий сайд өгөхөөр
болов. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлснээр ирэх жилээс
нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг хоёр дүүрэгт төвлөрүүлэх юм байна.
Энэ нь зардал хэмнэхээс гадна иргэдэд ч хүндрэлгүй болох аж. Барилгыг он
дамнуулж, үнэ өсгөж  барьдгийг зогсооно гэж байв. Ирэх жилийн төсөв
шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг 100 хувь хангах төсөв
болоогүйг Ерөнхий сайд хэллээ. Нэгэнт 21 наснаас доош хүүхэд, залууст
архи зарахгүй тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвөл, зуны дугуйн зам,
залууст архигүй бүжиглэх газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хэрэгтэй
байгаа гэдгийг хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үед гишүүн Д.Оюунхорол
боловсролын салбар, багш нарын асуудал хөндөж Ерөнхий сайд хувьдаа
сургуультай хүн сонирхлын зөрчилтэй асуудалд аль болох бага оролцож байх
ёстойг санууллаа. “Хувийн сургуулийн захирал хүн Монголын багш нарыг
төлөөлөхгүй шүү” гэснээс болж хэсэг зуур маргалдав. Гишүүн Д.Оюунхорол
Хүний хөгжлийн мөнгө өгөхгүй болсноос Хүний хөгжлийн санд 800 тэрбум
төгрөг хэмнэгдсэн гэсэн зүйл хэлж байв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг
“Санд 800 тэрбум төгрөг хэмнэгдэх байтугай 924 тэрбумын өртэй хоцорсон”
гэсэн юм.

Ирэх жил боловсролын салбараас олон хүн тэтгэвэрт гарах
бөгөөд багш нарт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 36 сарын
цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Үүнд 150 тэрбум төгрөг
хүрэлцэхгүй гэдгийг Л.Гантөмөр сайд хэлж байв. Түүгээр барахгүй уг
тэтгэмжийг хүртэх хүсэлтээ өмнөх жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс
гаргаад эхэлсэн аж. Иргэдийн банкны хадгаламжийг төрөөс даадаг даатгалын
хугацаа ирэх арваннэгдүгээр сарын 25-нд дуусна. Тэр хугацааг дахин нэг
жилээр сунгахаар болжээ. Оюутолгойгоос ирэх жил 13 тонн алт гаргахаар
төлөвлөсөн байна.

НЭМЭЛТ 17.00 цаг

УИХ-ын
чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны
төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний
хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр гишүүдийн
асуулт хариулт үргэлжилж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд
Н.Батбаяр "Одоо 14 хувьтай байгаа инфляцийг ирэх жил найман хувь хүртэл
буулгаж чадна" гээд "40-50 сая толгой малтай Монгол Улс махны үнийн
өсөлтөөс болж инфляцаа хөөрөгдөөд байж таарахгүй" гэлээ. Гишүүн
С.Бямбацогт алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн асуудлыг хөндөж
байсан юм. Энэ талаар судалж тодорхой шийдвэр гаргах юм байна. МАН-ын
гишүүд хямралаас сэргийлэх үүднээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэл сар бүр 21 мянган төгрөг олгох санал гаргаж байсан юм. Үүнд,
Ерөнхий сайд “Үүнийг өгөхгүй гэж цааргалж байгаа юм биш. Шаардлагагүй
гээгүй. Санаа байвч сачий хүрэхгүй байна. Хоосон сантай болоод байна.
Иргэдийн Тавантолгойн 1072 хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдаж нэг сая
төгрөгийг өгье гэсэн. Гэвч мөнгө бага цугларч байна. Эхлээд
Тавантолгойгоо хөдөлгөе. Тэгээд асуудлыг шийдье” гэсэн хариу өглөө.

Зарим
хүн Засгийн газар хагас сайнд ажилладаг болсныг шүүмжилж, үүнээс болж
эхнэрийнхээ царайг харж чадахаа больсон хэмээн твиттерээр шүүмжилжээ.
Ерөнхий сайд энэ талаар “Хагас сайнд зөвхөн сайд нар л хуралдаж байгаа.
Бүхэл яамаараа ажилладаггүй. Хэн нэгний эхнэр, нөхөр Засгийн газрын
хуралд оролцох боллоо гэхэд 30-40 минутаас хэтэрдэггүй. Тэгээд ч манай
хурал өдөр тарчихдаг” гэж байв.

Ингээд Л.Гантөмөр сайд боловсролын
салбарын тулгамдсан асуудлаас ярилаа. Боловсролын салбар 79 мянган
ажилтантай. Тэдний 5000 нь ирэх жилээс тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарах
багш бүрт 36 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох юм
байна. Энд 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүн дээр хөдөөгийн нэмэгдэл орвол
150 тэрбум  төгрөг болох юм байна. Үүнийг төсөв даахад хэцүү. Бас
хамгийн их туршлага мэдлэгтэй 5000 багшийг тэтгэвэрт гаргачихаар 5000
шинэ багш хэрэгтэй. Түүнийг нөхөхөд хэцүү. Иймээс жилд 1000 багш
тэтгэвэрт гаргах байдлаар ажилламаар байна гэлээ. Өмнөх УИХ-ын үед
тэтгэвэрт гарах багш нарыг ийнхүү урамшуулахаар болсон юм. Энэ нь
өнөөдөр ийм асуудал үүсгэжээ. Ерөнхий сайд “Тэртэй тэргүй тэтгэвэрт гарч
байгаа төрийн албаныханд 18 сарын цалинтай тэмцэх тэтгэмж олгодог. Тийм
байхад багш нарыг онцгойлсон. Эмч, төрийн бусад албан хаагчид барьцвал
яах юм” гэж байлаа. Харин Ё.Отгонбаяр гишүүн үүнээс өөр саналтай байсан
юм. Тэрбээр “Багш бол хүүхдэд эрдэм боловсрол олгодог хүмүүс. Дөчин жил
хөдөө орон нутагт багшилсан хүмүүсийг тэтгэвэрт гарахад нь “явах хүнд
мөнгө хэрэггүй” гэж болохгүй” гэлээ. Боловсролын салбарын цалингийн сан
370 тэрбум төгрөг. Үүн дээр тэтгэвэрт гарах багш нарын 50 тэрбум,
хөдөөгийн нэмэгдэлтэйгээ 150 тэрбум  төгрөгийг нэмэх хэрэгтэй болжээ.
Анхлан хууль батлуулсан гишүүд гурван тэрбум гаруй төгрөг л тэтгэвэрт
гарах багш нарт хэрэгтэй гэж байсан. Хэрэг дээрээ 50 тэрбум болсон
байна. Ийнхүү үдээс хойших төсвийн хэлэлцүүлэг боловсролын салбарыг
тойрсон мэтгэлцээнээр үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 19.25 цаг

УИХ-ын чуулганыг цаг сунган хуралдуулж, Монгол Улсын 2013 оны төсвийн төслөөр гишүүд асуулт, хариултаа үргэлжлүүллээ.

Гишүүн
Ц.Нямдорж "Оюутолгойн Монголын талын хувийг 50-д хүргэх талаар ажиллах
хэрэгтэй. Энэ сэдвээр гурван жил үргэлжилсэн “Дуусдаггүй яриа”
нэвтрүүлгийн гурван гишүүн Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Н.Батбаяр нар сайд
болсон байна. Одоо яриагаа дуусгаад, ажлаа хийе" гэлээ. Бас Ерөнхий сайд
Н.Алтанхуягийг “Би олон Ерөнхий сайдын нүүр үзсэн.  Гэхдээ Ерөнхий
сайдын суудалд суучихаад “Аятайхан байгаарай” гэж гишүүдийг занадаг хүн
байгаагүй. Гишүүдийг занаж зандардаг зангаа татаарай” гэсэн хатуухан үг дайв.

Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин “Шинэ хорих барьж хоригдлуудаа оруулбал 23 хорихын
зургааг хэмнэж болно. Нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг хоёр болгож
үрэлгэн, тарсан төсвийг хумиж болно гэж байлаа. Үүнд тав, таван тэрбум
төгрөг гаргаад ажилдаа даруй орох хэрэгтэй гэсэн юм.

Эдийн засгийн сайд
Н.Батбаяр “Өнөөдөр Ц.Нямдорж сайд “Оюутолгойн гэрээ буруу болсон юм биш
үү” гэж байгаад баярлаж байна. Ц.Нямдорж гишүүн бол Оюутолгойн гэрээ
байгуулсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн.
“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийнхэн орж ирж сайд болсон нь үнэн. Цөөнх
байсан учраас үгээ хүргэх гэж тэгдэг байсан. Хөгжлийн төлөө хамтдаа
зүтгэе” гэсэн юм.

Гишүүн Ж.Энхбаяр төсвийн хуваарилалт хүсэн хүлээж
буй зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхийг асуулаа. "Тансаг хэрэглээ, өв
залгамжлах, газрын зэрэг татварын хэмжээ багасч, зорилтот бүлгийн ачаалал
нэмэгдэж байна" гэж тэрбээр хэлж байлаа. Сайд С.Эрдэнэ “Хүний хөгжлийн
21 мянган төгрөгийг хуулиараа зогсоосон. Авч амжаагүй иргэдэд олгох
асуудлыг судалж байгаа. Өмнөх ололтоосоо ухраад зорилтот бүлгийн халамж
үйлчилгээг зогсоосон юм байхгүй. Орон нутгийн сонгууль дөхөж байна.
Төсөв дээр улс төр бага хиймээр байна” гэсэн бол сайд Н.Батбаяр “Төсвийн
хууль одоо мөрдөж байгаа татварын хуулийн хүрээнд хийгддэг.  Мөнгө гэж
юу вэ. Хүний бүтээсэн нэг л бүтээл. Хүн өөрөө үүнийг бүтээгээд эхлээд
зоосон хэлбэртэй байснаа цаасан хэлбэртэй болжээ. Хүний бүтээлийг
мөнгөөр илэрхийлдэг болсон. Хөдөлж чаддаг нь мөнгө бүтээдэг. Монголчууд
дор бүртээ чадах чадахаараа хөдөлбөл мөнгө бүтээж чадна. Төсвийн мөнгийг
хэрэгтэй зүйл дээр нь хатуухан зарцуулна. Ард түмэн өөрсдөө баялгаа
бүтээдэг. Тусгаар тогтносон улсад мөнгөний гачаал гэж байдаггүй.
Монголын зах зээлээс 500 дахин том зах зээл хажууд байна. Монголчууд
бүтээх л хэрэгтэй” гэж байлаа.

Гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн
ерөнхийлөгчөөс татгалзах хэрэгтэй гэж өдөр яригдсан юм. Энэ талаар
тэрбээр “Намайг МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр та нар биш манай гишүүд сонгосон.
Энэ сарын 15 хүртэл хүлээчих. Хүлээж чадахгүй бол шүүхээр ярь” гээд
цалингийн механизмыг боловсронгуй болгох, худалдан авах чадварыг нэмэх
талаар асуулаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг худалдан авах чадварыг
нэмэгдүүлэхийн тулд инфляцийг бууруулах гэж байгааг тайлбарлав. Үүгээр
гишүүдийн асуулт, хариулт дуусав. Төсвийн талаар санал, дүгнэлтээ гишүүд
маргааш хэлэхээр боллоо.

Үүгээр 19.20 цагт чуулганы хуралдааныг өндөрлүүллээ. Чуулганы хуралдаан маргааш өглөө 10.00 цагаас эхлэх юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж