Швейцарийн Хөгжлийн агентлаг 2005 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж, энэ хугацаанд хувиараа ашигт малтмал олборлох явцад үүссэн харилцааг хуулийн зохицуулалттай болгох, иргэдийг байгаль, нийгмийн өмнө тодорхой үүрэг, хариуцлагатай, зохион байгуулалттай, үндсэн эрх нь баталгаатай хангагдсан хамт олон болгож нийгэмшүүлэх ажлыг хийж байгааг тэрбээр илтгэлдээ онцолсон юм.
-Гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдийг нийтээр нь “нинжа” хэмээн ойлгодог байсан нь сүүлийн үед өөрчлөгдөж бичил уурхайчид гэх болсон. Энэ нь тэднийг нийгэм хүлээн зөвшөөрч буйн нотолгоо мөн үү?
-Монгол Улсад иргэд гар аргаар алт, жонш, нүүрс зэрэг зарим төрлийн ашигт малтмалыг олборлож эхлээд 20 орчим жил болж байна. Иргэд хувиараа олборлолт хийх нь эдийн засгийн үйл ажиллагааны ердийн нэг хэлбэр боловч Монголын хувьд ихээхэн хожуу, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн хүнд хэцүү үетэй давхацсан учраас төр, нийгмийн зүгээс багагүй эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан юм. Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хориглох гэсэн бодлого, үйл ажиллагаа явцгүй болж, УИХ-аас холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүнийг хуульчилсан нь иргэдийн сонголтыг зөвшөөрсөн чухал алхам болсон. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бичил уурхай эрхлэгчдийн талаарх төрийн бодлого, нийгмийн сэтгэл зүйд нааштай өөрчлөлтүүд гарсан. Бичил уурхай эрхлэлтийг хөхиүлэн дэмжихгүй, гэхдээ зохицуулж зөв гольдролд оруулах ёстой, үүний тулд өнөөгийн мөрдөж байгаа хууль, журмыг нийгмийн захиалгад нийцүүлэн боловсронгуй болгох замаар бичил уурхайг хөдөөд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилго, чиглэлд нийцүүлэн бодлогоор дэмжиж ажиллах ёстой гэсэн үзэл бодол, уур амьсгал бий болж байна. Гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлснээр хариуцлагатай бичил уурхай руу шилжих эхлэл тавигдаж эдүгээ энэ үйл явц аажим урагшилж байна.
-Тэгэхээр “нинжа” нар нэгдээд нөхөрлөл болсон тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдсэн гэсэн үг биз. Энэ боломжийг хэр олон хүн ашиглаж чадаж байгаа вэ?
-Манай төслийн хийсэн судалгаанаас үзэхэд хувиараа ашигт малтмал олборлогч 5000 орчим иргэн нөхөрлөлд орж, тэдний байгуулсан 400 гаруй нөхөрлөл, 20 гаруй ТББ орон нутагт ажиллаж байна. Энэ хүмүүс бол бичил уурхайчид. Эд нар “нинжа” биш. Харин цаана нь зохион байгуулалтад орох шаардлагатай олон мянган иргэн хууль гарахын өмнөхөөс зарчмын ялгаагүй, нүүдлийн байдалтай, олборлолт хийх газраа шийдүүлээгүй, “нинжа” байдлаараа байгаа. Бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тусгай зөвшөөрөлтэй талбайд, нэг талаас орон нутгийн төр, захиргааны байгууллага, нөгөө талаас бичил уурхайчдын нөхөрлөл гэрээ байгуулж олборлолт хийж болохоор хуульчилсан.
-Хуулийг аймаг орон нутгийн дарга нар хэр сайн биелүүлж байгаа бол?
-Малгүй, ажилгүй, амь зуухад амаргүй иргэд Монгол Улсын аль ч аймаг, суманд олон. Тэдний хувьд алт, жонш, хагас үнэт чулуу, нүүрсийг бичил уурхайгаар олборлох нь орлого олох цорын ганц боломж байж ирсэн, одоо ч хэвээр байгаа. Тэрхүү боломжийг ашиглахыг хуулиар баталгаажуулсан хэдий ч олон аймаг, суманд өнөөдөр бичил уурхайн зориулалтаар ашиглах газар байхгүй гэдэг шалтаг, шалтгаанаар бичил уурхай эрхлэгчид хавчигдаж, эрх нь зөрчигдөх явдал гарч байна. Нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бичил уурхайчдын нөхцөл байдал ч хэцүүхэн байна. Бичил уурхайчдын нэлээд хэсэг нь төрөөс авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй, олборлолт хийх газрын зөвшөөрөл гуйж компанийн эзэд, сум, дүүргийн дарга нарыг царайчилдаг. Зарим сумын контороор ороход “Бид иргэд ирж үйлчлүүлэхийг хүлээхгүй, байгаа газар нь очиж үйлчлэх үүрэгтэй” хэмээн бичээд хадчихсан байдаг. Орон нутагт төрийн үйлчилгээ ийм байх ёстой л доо. Гэтэл тийм суманд ч бичил уурхайчдынхаа олборлолт хийх газрын асуудлыг зохицуулаагүй байна. Уул нь “Бичил уурхайг зохицуулах журам” гарснаар сум, дүүргийн Иргэдийн хурал, Засаг дарга нар дэвсгэр нутгийнхаа хэмжээнд олборлолт хийх газрын асуудлыг шийдэх эрх мэдэлтэй болсон ч орон нутгийн удирдлага тэр эрх мэдлээ хангалттай ашигладаггүй.
-Газартай болж чадахгүй л бол тэдэнд нөхөрлөл болж нэгдэх шаардлага бараг байхгүй юм биш үү?
-Хуульд заасны дагуу нөхөрлөлд орж, бүртгэлжсэнээр, бичил уурхайчин бүр сард 53 мянган төгрөгийн орлогын албан татвар төлөх юм. Татвар өндөр учраас иргэд бүртгэлд хамрагдахаас зайлсхийж, орон нутаг бичил уурхайчдынхаа тоог үнэн зөв өгөхгүй дарж мэдээлэх болсон нь үнэн. Газрын асуудлыг шийдэхгүй бол иргэд татвар төлөхгүй, нөхөрлөлд орохгүй нь тодорхой. Нөхөрлөлд ороогүй ХАМО нар бүртгэлд орсон бичил уурхайчдаас ч хэцүү нөхцөл байдалд байна. Тэдний үйл ажиллагаа хууль бус учраас ажлын байр найдвартай биш, хөөгдөж туугдах, хөдөлмөрийн багаж, тээврийн хэрэгслээ хураалгах, түүгээр ч барахгүй хүчирхийлэлд өртөх явдал цөөнгүй гарч, айдас хүйдэс дунд өдөр, хоног өнгөрөөх явдал их байдаг.
-Эрх нь зөрчигдөж байна хэмээн гомдол гаргадаг уу, тэд?
-Бичил уурхай эрхлэгчдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулахаар журамласан болохоор тэр хүмүүс “өөрсдийгөө буруутай” гэж бодчихоод, эрх нь хэр барагтай зөрчигдөхийг тоохгүй, чимээгүй байх нь тэдний нийтлэг дүр зураг. Уг нь зохион байгуулалтад ороогүй ч байсан тэд хүн ёсны эрхээ эдэлж, хүчирхийлэлгүй амьдрах эрх дархтай. Гэтэл тэр хүмүүсийн энэ эрхийг хөндөж ярих нь тун ховор.
-Томчуудаас гадна хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигддөг талаар хүмүүс нэлээд ярьж байна. Танай төсөл ч энэ асуудалд анхаардаг биз?
-Бичил уурхай эрхлэгч гэр бүлийн хүүхэд сургууль завсардах, бага, дунд сургуулийн насны хүүхэд уурхайд чулуу шороо зөөх зэрэг хүнд хөдөлмөр эрхлэх тохиолдол бичил уурхайтай аймаг, сумдад нийтлэг гэхээр байдаг. Өвөрхангай аймгийн Уянга суманд 2009 онд хийсэн нийгэм, эдийн засгийн суурь судалгааны тайланд сумын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг нийт 109 хүүхэд байгаагаас сургууль завсардсан 56, уул уурхайд ажилладаг 67 хүүхэд бий гэдгийг дурдсан байгаа. 2012 оны “Монгол Улс дахь бичил уурхай ба хүний эрх” судалгааны тайланд ч энэ тухай бий. Тухайлбал, Уянгад алт олборлодог өрх бүр сургуулийн насны сургууль завсардсан 1-2 хүүхэдтэй, амьдралын бололцоогүйгээс тусад орсон нэг нь аав ээжийн хамт шороо угаадаг бол арай бага нь дүү нараа хараад гэртээ үлддэг тухай дурдагдсан.
-Энэ бүгдийг цэгцэлж, эрх нь зөрчигдөж буй асуудлыг шийдэх гэхээр манайд ядаж хэчнээн хүн гар аргаар ашигт малтмал олборлох замаар амьдралаа авч яваа вэ гэсэн нарийн тоо байхгүй гэдэг.
-2012 онд Тогтвортой бичил уурхай төсөл Үндэсний статистикийн хороотой хамтран бичил уурхайчдын тооллогыг улс орон даяар зохион байгуулж байна. Тооллого хийснээр бичил уурхайн үйл ажиллагааны хамрах хүрээг тогтоох, бичил уурхайчдыг бүртгэлжүүлэх, тэдний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, бичил уурхайд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг гаргаж тавих, бичил уурхайн талаарх албан ёсны статистик мэдээллийн эх үүсвэр бий болох чухал ач холбогдолтой юм. Тооллогын үр дүнгээс бид төр засгаас бичил уурхайд чиглэсэн бодлогыг боловсронгуй болгоход ач холбогдол бүхий бодит мэдээ мэдээлэлтэй болно гэж найдаж байна.