”Монголд геологийн судалгаа үгүй болсонд харамсдаг”

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

”Монголд геологийн судалгаа үгүй болсонд харамсдаг”

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Т.Сэнгээтэй ярилцлаа. Түүнтэй уулзахаар ажил дээр нь очиход “Одоо бид нөхөн сэргээлтийнхээ ажлыг л хийж байна даа” гэсээр угтсан юм. Тэрбээр одоогоос 22 жилийн өмнө Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Их өвөлжөө” нэртэй компаниа байгуулж байсан, салбартаа хүндтэйд тооцогдох нэгэн.

-Монголчууд бие дааж уул уурхайн салбараа хөгжүүлэх боломжтой юу?

-Байгаа. Хүч хүрэх, бололцооны ордуудаа манайхан өөрсдөө л ашигламаар байгаа юм. Тухайлбал, алт, зэс, нүүрс, хайлуур жоншийг олборлоход манай улс эрийн цээнд хүрсэн. Манайх уул уурхайгаа өөрсдөө аваад явах бололцоотой. Болохгүй бол гаднаас хөрөнгө оруулалт татаж болно. Гадныхан манайхтай харилцах, хөрөнгө оруулах гэж хичээдэг болсон байна шүү дээ. Урьд нь өөрсдөө л гуйдаг байлаа.

-Ер нь бие даан хөгжүүлэхэд ямар арга зам хэрэгтэй вэ?

-Үндэстний мэргэжилтнүүдээ дэмжиж, чадварлаг боловсон хүчнүүдийнхээ хүчийг зөв ашиглах хэрэгтэй. Манайд одоо хэтэрхий улстөржөөд, уул уурхай цөөхөн хүний эрх мэдэлд орчихоод байна уу гэж бодож байна. Тийм учраас нэг л болж өгөхгүй, улмаар уул уурхайн салбарын нэр хүндийг ч унагаж байна. Замбараагүйгээр лиценз олгосон. Лицензийн тухай хууль нь ч маш буруу байсан. Засаад дээрдүүлнэ гэж ярьсан ч ажил хэрэг болохгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс болж байгаа юм. Энэ засаг төрийг би сайн байна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл бие биенийхээ дээр гарах гэсээр байгаад тоглоом болоод дуусна. Гэхдээ Монгол орон асар их баялагтай учраас ирээдүй байх ёстой. Төр засагт асар их хөрөнгөжиж аваад гадаадад мөнгөө байршуулах сонирхолтой хүмүүс суучихлаа гэж үзэж байгаа. Би үүнийг айхгүйгээр хариуцлагатай хэлнэ. Шийдэж болох асуудал зөндөө л байна. Ялангуяа Оюутолгойн баялгийг ашиглах л ёстой шүү дээ. Экспорт уул уурхайгүйгээр манайд ямар ч арга байхгүй. Гарцгүй.

-Гадны хөрөнгө оруулалтыг үргээж болохгүй гэж ярьж байна. Хөрөнгө оруулалт монголчуудад хэрэгтэй юу?

-Манайх хөрөнгө оруулалтгүйгээр явахгүй. Эдийн засгийн хэр чадлаа боддог хүмүүс үүнийг ойлгож байгаа. Манайх гадныханд хамаагүй хатуурхаж болохгүй юм. Гэхдээ хоёр том гүрнээр хүрээлүүлчихсэн, энэ хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд бараг 100 хувь хараат нөхцөлд жаахан л боломж гардаг юм бол Америк, Канад зэрэг улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь авах  ёстой юм.

Надад бодож явдаг нэг зүйл бий. Оюутолгойн гэрээний 34 хувийг 51 болгох юмсан гэж яриад л байна. Энэ бол цифр. Тэгэхээр миний бодлоор манайх татварын бодлогоор үүнийг зохицуулах хэрэгтэй. Манайх 34 хувийн хөрөнгийг босгож дийлэхгүй. Үүнийг босгох гэж байна гээд зээл аваад насан туршийн өртэй болж хоцорно. Тэгэхээр татварын бодлогоор зохицуулж болох юм. Өнөөдрийн мөрдөж байгаа татварын хуулиар миний хэлээд буй бодлогыг хэрэгжүүлж болно. Учир нь энэ татвар маш чанга, үндэсний үйлдвэрлэгчдээс өндөр татвар авдаг шүү дээ. Гэсэн атлаа заримдаа гадныхнаас бараг авахгүй болчихоод байгаа юм. Татвараа аваад байхаар мөнгө орж ирэх учраас бид 34 хувийн хөрөнгө босгох гээд байх хэрэггүй. Яагаад гэхээр энэ бол одоо манайд томдоно. Олон улсын бизнесийн энэ түвэгтэй нөхцөлд манайх ер нь ялагдал л хүлээх болов уу.

-Уул уурхай бол хөгжлийн түлхүүр биш. Яагаад гэхээр газар дэлхий амьтай учраас хэвлийг нь ухаж төнхөж болохгүй. Одоо бидний байгалийн баялаг гэж яриад байгаа зүйл байгалийн баялаг биш хэмээн зарим хүмүүс ярьдаг. Тэгэхээр нээрээ л энэ нь буруу хэрэг үү?

-Энэ бол харьцангуй ойлголт. Эдийн засгийн шаардлага байхгүй, бүх зүйл болж байгаа бол заавал ухаж төнхөх хэрэг юу байх вэ дээ. Бөөн эмгэнэл гэсэн үг. Гэтэл дороо юм байхад дээр нь ядуурал явагдаад байж болохгүй. Геологи, уул уурхайн тодорхой шинжлэх ухаан гарч ирж, үүнийгээ ашиглаад, хөгжөөд явж байгаа юм. Сайны хажууд заавал саар зүйл байдаг. Газар сэндийчнэ гэдэг муу үг л дээ. Гэтэл нөгөө талаасаа эдийн засаг шаардаж байна. Хамгийн гол нь газарт юу байгааг хайгуул хийгээд мэдэх ёстой. Уул уурхайчид, геологичдоо буруутгана гэдэг энэ хүмүүсийн их хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэсэн хэрэг. Ингэж болохгүй. Гэхдээ дэлхийн дулаарал айхтар явагдаж байгаа шүү дээ. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Их улаан нуур “Алт” хөтөлбөрийг сураг ч үгүй байхад буюу 1970-аад оны сүүлээр ширгэж эхэлсэн. Хөвсгөлийн урд сумдаар алтны тухай ерөөсөө дуулдаагүй байхад зөндөө гол ус ширгэсэн. Би өөрөө геологи, уул уурхайн салбарын хүн учраас өмөөрмөөр санагддаг.

-Геологийн шинжлэх ухаанд газар доор байгаа ашигт малтмалыг юу гэж тодорхойлдог вэ?

-Алт, зэс, нүүрс зэргийг байгалиас бүрэлдэн тогтсон нөхцөл байдал гэж үздэг. Халуун хайлмаг газрын гүнээс гарч ирсний дүнд үүссэн бодис, чулуулгийн нэгдэл. Алт кварц гэдэг чулуунд үүсч бий болдог, зэс хэд хэдэн төрөлд бий болдог гээд газрын гүнээс гарч ирсэн бүх л континентуудыг шингээсэн байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр л байгалиас тогтсон чулуулаг. Оюутолгойн ордын ойр орчимд маш сонин, гайхамшигтай тогтоцтой.

-Тэгэхээр дэлхий бол амьтай. Бид энэ амьд байгалиа сүйтгээд байна гэдэг нэг талаасаа өрөөсгөл ойлголт болж таарах нь ээ?

-Энэ бол надад ахадсан асуудал. Бид багадаа амьгүй байгаль гэдэг хичээл үздэг байсан. Тэгэхээр одоо амьд байгаль гэж үзэж бас болох нь.

-Та уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг дүгнэвэл?

-Монгол маш их ашигт малтмалтай. Алт, зэс, уран, нүүрс, газрын тос гээд бүх юм байна. Судлагдаагүй үлдсэн газар баруун Монголд нэлээн бий. Илүү ч юм хэлэх байх. Гэтэл одоо энэ баялаг улс төр болчихоод байна. Геологийн шинжлэх ухаан ерөнхийдөө зогсчихсон. Геологи, хайгуулын экспедиц гэдэг байгууллага судалгааны ажил их хийдэг байсан бол 1990 оноос зогссон. Зоосны нүхээр харна гэгчээр хаана нүүрс, алт байна, хэдэн төгрөг болж байна гэдэг л юм ярьдаг болсон болохоос судалгаа хийхээ больсон. Бид хавар дөрөвдүгээр сард гараад намар арваннэгдүгээр сард орж ирдэг байлаа. Жинхэнэ хайгуулчид чинь хээрийн тэнэмэлүүд л байв. Үүнгээрээ ч баярлаж, бахархаж явдаг. Мэдлэг боловсролтой гадны мэргэжилтнүүдтэй ажиллаж, их ч зүйл сурч мэдэж байлаа. Миний бодлоор ойрын хориод жил манайх хөрөнгө оруулалтаа дагаж нэлээн мөнгөтэй байна. Гадныхны сонирхлыг татаж байгаа энэ үед улс төрийн намууд эрх мэдэл олж авахын тулд улайран хөөцөлдөж байна. Энэ баялаг гэдэг чинь хязгаартай шүү дээ.

-Та 22 жилийн турш энэ салбарт үйл ажиллагаагаа явуулсан хүн. Таны энэ салбарт зүтгэж байсан түүхээс сонирхоё?

-Манай компани нөхөн сэргээлтээ хийгээд дууссан. Урьд нь уурхай байгаагүй юм шиг болгосон. Биологийн нөхөн сэргээлтийг нь таван жилийн дараа бүрэн хүлээж авдаг. Одоо гурван га газраас бусад нь нөхөн сэргээгдээд таван жил болчихсон. Нөхөн сэргээлтээ хүлээлгэж өгөхийн өмнө дахиж геодизийн зураглал хийлгэдэг. Үүнийг нь хийлгээд тайлангаа ч авчихсан. Нөхөн сэргээлтийн зардлыг үйл ажиллагаа явуулж байх үедээ төсөвтөө сайн суулгаж өгөх хэрэгтэй байдаг. Нөхөн сэргээлтэд хөрөнгө зарах ёстой. Намайг нөхөн сэргээлтээ хийх гээд хар хөрсийг нь ялгаж байхад хэнхэг өвчтэй гэдэг байсан. Хар хөрсийг тусад нь ялгаж байгаад дараа нь түүгээрээ бүрхэж байж нөхөн төлждөг. Хар хөрсийг нь тээврээр зөөнө. Тээвэр гэдэг тухайн зүйлийнхээ 60, 70 хувийг эзэлдэг болохоор их зардал гарна. Энэ зардлыг л гаргах дургүй шиг байгаа юм. Шарын голын хөндийд би ганцаараа хар хөрсийг нь тусад нь ялгасан. Дарханыхан Их өвөлжөө, Т.Сэнгээ гэж сайн мэднэ дээ. Шалгалт ирэхэд ганц нүүр тахалдаг нь манай компани байлаа. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумандаа манайх ганцаараа шагнал, өргөмжлөл их авлаа. Манай гэр бүлийн хүн С.Цэрэн нөхөн сэргээлтийн ажилд хамгийн үнэнчээр зүтгэсэн дээ.

Би  малчиддаа нэг зүйлийг хэлмээр санагддаг. Нөхөн сэргээсэн газарт шинэ өвс ургамал ургадаг болохоор ч тэр юм уу малчид бүх малаа тийшээ туучихна. Нөхөн сэргээлт хийж байна, та нар жаахан хүлээж байгаач гэхээр “Та нар манай алтыг авсан, монгол биш” гэдэг. Монгол дээл өмсч, мал хариулж яваа хүн л монгол гэсэн үг биш. Бид ч гэсэн мэргэжлийнхээ дагуу ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Бид усны, газар ашигласны гээд олон татвар төлдөг бол малчид нэг ч татвар төлдөггүй.

-Уул уурхайн нөхөн сэргээлтийг маш сайн хийж байгаа ямар компани байна?

-“Монполимет”, “Гацуурт”, “Шар нарст” компаниуд мод тарих зэргээр нөхөн сэргээлтийг сайн хийж байгаа. Өөр компаниуд ч бий. Тухайн олборлолт хийсэн газрыг шороогоор булах нь техникийн нөхөн сэргээлт. Дээрээс нь үржил шимтэй хар хөрсөө тавиад, өвс ургамал тарих нь биологийн нөхөн сэргээлт болдог. Ер нь анзаараад байхад одоо нөхөн сэргээлт хийгээд байдаг болсон шүү.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж