С.Ганбаатарыг МҮЭ-ийн ажлаа өгөх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг МҮЭ-ийн ажлаа өгөх хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүний бүрэн эрх өнгөрсөн зургадугаар сард дууссан тул шинээр томилохоор болжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогчид, МҮЭ зэрэг байгууллагаас төлөөлөл оруулах юм байна. Дээр нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн сайд, Сангийн сайд орно гэж төсөлд тусгажээ. 

Олон сайд зөвлөлд орох нь буруу гэж Д.Дэмбэрэл гишүүн хэллээ. Ялангуяа Хууль зүй, Сангийн сайд нар орох нь буруу. Харин Төрийн нарийн бичгийн дарга нар байх нь зүйтэй. Засгийн газар монополь үүсгэх гээд байна гэж байлаа. Харин төслийг хэлэлцүүлж буй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газраас монополь үүсэх асуудал байхгүй гэдгийг хэллээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд МҮЭ-ээс орох гурав, Ажил олгогч эздийн холбооны гурван хүний саналыг УИХ-ын даргад мэдүүлжээ. Гэхдээ нээлттэй нэр дэвшүүлэлт зарлахаар болсон тул тэр дагуу шинээр нэрс авч эхэлсэн байна. Ирэх долоо хоногт УИХ-аар уг нэрсийг хэлэлцэхээр болжээ. Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийн мэдээлснээр 18 хүний нэр одоогоор ирээд байгаа аж.

Гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа өгөх хэрэгтэй гэж байлаа. Дээхнэ үед МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Адъяаг УИХ-ын гишүүн болоход ажлаас нь чөлөөлүүлж байсныг сануулав. Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд МҮЭ-ийн ерөнхийлөгч орох юм. Тиймээс УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн ерөнхийлөгч бөгөөд зөвлөлийн гишүүнээр С.Ганбаатар хавсарч ажиллаж таарахгүй гэлээ. Хэрэв С.Ганбаатар эдгээр ажлыг давхар хашвал өөрөө өөртэйгөө завшилцөх хэрэг гарах юм байна. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудал болох юм. Бас гурвын гурван сайдыг зөвлөлд оруулах нь буруу. Ажилгүй дэд сайд нарыг ажилтай болгож зөвлөлд оруулах хэрэгтэй гэж байв. 

УИХ-ын даргын хэлснээр ирэх долоо хоногийн хуралдаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн хэнийг санал болгох, гурван сайд байх уу, үгүй юү гэдгийг шийдэх юм байна. С.Ганбаатар гишүүнийг МҮЭ-д ямар ажил хийж байгаа, ерөнхийлөгч хэвээрээ эсэхийг олон гишүүн сонирхож байлаа.

С.Ганбаатар гишүүн “МҮЭ их хурлаа хийгээд хэнээрээ ерөнхийлөгч болгох вэ гэдгээ шийддэг. Би МҮЭ-ийн ерөнхийлөгч хэвээрээ байгаа. Зөвлөлд хэнийг оруулахаа МҮЭ дээр очиж ярина. Даатгуулагчид өөрсдөө шийдэх байх аа. Намайг солих эсэхээ ч тэд шийднэ” гэж байлаа.

Санал хураалтаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал дэмжлэг авсангүй. Хуралдаанд оролцсон 58 гишүүн 29, 29-өөр хуваагдаж 50:50 хувиар тэнцсэн тул уг тогтоолыг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж