Найруулагч С.Баярсайхан уг дуулалт жүжгийн тайзаа дан саарал өнгөөр зассан нь содон байв. Монгол үндэсний дээл, хуцвас өнгө алаглам хээ хуар, нарийн чимхлүүр гоёлуудаараа нүд хужирладаг. Тэгвэл энд та үндэсний хувцсыг хэрхэн зөвхөн саарал тэр дундаа 99 саарал өнгөөр урласныг хараад гайхуузай. “Гоолингоо” жүжгийн зохиолыг найруулагч С.Баярсайхан 1390-аад оны хэлмэгдүүлэлтийн үетэй холбон тайзнаа үзүүлсэн. Тиймдээ амьдралыг хар цагаан гэвэл тухайн үед сүлэлдэн байсан саарал нийгмийг тэр өнгөөр нь буулгасан нь энэ гэнэ. Тайз, засал, хүрээний эргэн тойрон, дотоод хэргийн яамны өрөө, хээр тал бүгд л саарал өнгөөр үргэлжилнэ. Жүжгийн бүх зүйл саарал гэхээр цаанаа л хүйтэн хөндий санагдах болов уу хэмээн бодож байсан ч гол дүрүүдийн гайхамшигт дуулал, драмд умбан хайр сэтгэлд хөтлөгдөн үзэн ядалт, өс хонзон, хуурал мэхлэлт, хуувалдааныг гэрчлэн суусаар жүжгийн төгсгөлийг үзсэн юм. Хайр ямар хүчтэй, хэрнээ хүчгүй, түүний төлөө ямар агуу золиос байж болохыг харуулсан жүжгийн үзэгдэл бүрт үзэгчид алгаа хорстол ташиж байлаа.
Ард түмний дунд өнөөдрийг хүртэл эгшиглэсээр ирсэн “Гоолингоо” дуунаас сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч С.Баярсайхан бичиж, найруулан, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш зохиожээ. Жүжгийн гол дүрүүдэд М.И.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байрын шагналт, “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин Г.Хонгорзул, Б.Батболд болон чуулгын үндэсний хөгжмийн их найрал, бусад уран бүтээлчид оролцон тоглосон юм.
Дуурийн номер нэг дуучин, драмын жүжигчин хоёр энэ л дуулалт жүжигт уусан өөрсдийгөө шинээр нээн харуулж чадлаа хэмээн үзэгчид магтаж байсан шүү. “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатарын дуулалт энэ үдшийг чимж байсан. Тэрбээр чадварлаг жүжигчин болохоо энэ л тайзнаа батлан харуулсан. Хайртай бүсгүйгээ өөрийн болгох гэсэн шунал хүсэл, түүнийг богтолсон баян ноёнд өширхөж буй хонзон, хайрын өмнө сөхрөн Гоолингоогоо бусдад даатгаж буй жүжгийн сүүлийн хэсэг гээд түүний дуулалт, жүжиглэлт бүрд сэтгэл хөдлөн бахархах үзэгчид алгаа хорстол ташиж байлаа. Энэ үдшийн бас нэгэн авьяаслаг уран бүтээлч бол “Гоолингоо” бүсгүй дүрийг бүтээсэн УДЭТ-ын Г.Отгонцэцэг. Түүнийг төгс дуулсан гэж хэлэхгүй ч үнэхээр өөрийгөө өөрчлөн ямар нарийн цээл хоолойгоор үзэгчдэд тэр л Гоолингоо бүсгүйн хайр сэтгэлээ гэсэн тэмүүлэл, шананлал, тэвчээрийг хүргэсэн юм. Хайргүй хүндээ богтлогдон, үнэнч хайраа өөртөө тээн, аливаад хазайн дулдуйдалгүй хайрынхаа төлөө эрс шударга загнаж буй Гоолингоо бүсгүйн дүрээр түүнийг тольдсон үзэгчид магтаалын үгс харамгүй урсгаж байлаа. Жүжиг эхлэхэс аваад дуустал үзэгчдийн “атмосфер” буцалж байсан шүү.
Та “Улаанбаатар” чуулгын тайзнаа саатсан “Гоолингоо” жүжгийг амжиж үзэн, шинэ хувьсгалын мэдрээрэй. Жүжгийг энэ сарын 14-нийг дуустал өдөр бүр 19.00 цагт тоглоно.