Англиас худалдаж авсан зургаан адууг Монголд авчирчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Англиас худалдаж авсан зургаан адууг Монголд авчирчээ


"Монгол Жоки" клуб нь цэвэр цусны буюу англи адууг эх орондоо оруулж ирэх, өсгөн үржүүлэх, улмаар цэвэр цусны адууны ойрны зайн сонгомол уралдааныг хөгжүүлэх зорилгодоо хүрэх эхний томоохон алхмыг хийж, өнгөрсөн бямба гаригт цэвэр цусны зургаан адууг эх нутагтаа авчирлаа. Энэ нь цэвэр цусны адууг төрөлх эх нутгаас нь буюу Англи улсаас анх удаа Монгол нутагт авчирсан явдал билээ.

Монгол Жоки Клубын үүсгэн байгуулагч Г.Дашзэвэг, Гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарын гишүүд өнгөрсөн  долдугаар сард болсон Таттерсалсийн дуудлага худалдаанд оролцож, цэвэр цусны зургаан адууг худалдан авсан нь ийнхүү хоёр сар гаруйн дараа Монгол нутагт хөл тавиад байна. Таттерсалсийн дуудлага худалдаа нь Европын хамгийн том, дэлхийн хоёр дахь том дуудлага худалдаа юм.

Эдгээр 6 адуу нь Англиас Монгол хүрэх урт замыг туулахдаа Английн Үндэсний морин завод, Польш, ОХУ-ын адууны аж ахуйнуудад амарч, арчлуулж байв. Эдгээр адууны 4 нь гүү, 2 нь азарган үрээ бөгөөд бүгд Монголд үржилд орох юм. Мөн бүгдээрээ домогт Умардын бүжигчний 3-5 дахь үеийн төлүүд бөгөөд Секретариат, Алидар, Данзиг, Данехил, Грийн Десерт, Нуриев, Седлерс Уилс, Монжью, Виндикешн, Сиатл Слью зэрэг дэлхийн шилдэг азаргануудын 1-3 дахь үеийн цустай. Эдгээрээс онцлох нэгэн адуу бол Умардын  бүжигчний алдартай төл Сейдлерс Уилс-н төл, өөрөө 1999 оны дэлхий, европын шилдэг адуугаар шалгарч байсан Монжью-н төл гүү Ресайд юм. Өмнө нь Монголд маань дэлхийн топ азарганы шууд төл бас л орж ирж байгаагүй. Монжью нь эцэг өвгөдийнхөө адил дэлхийн шилдэг азаргаар нэрлэгдэж, үржүүлгийн хураамж нь 150,000 евро-д хүрч байв.

Мөн эдгээр 6 адууны 4 нь Англид ямар нэгэн уралдаанд түрүүлж, айрагдаж байсан хурдан адуунууд юм.

Бид Таттерсалсийн дуудлага худалдаа, Нью Маркет дахь адууны аж ахуйнууд, Морин тойруулга, уралдаан, Английн шилдэг азаргануудын тухай цуврал мэдээллийг та бүхэндээ удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: www.TODMAGNAI.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж