Авто ертөнцийн шилдгүүд – 2012

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Авто ертөнцийн шилдгүүд – 2012

Авто машин сонирхогч залуустаа зориулан загвар дизайны сонгодог
шийдэлтэй “шилдэг” гэх тодотголд зүй ёсоор багтах 2012 / 2013 оны шилмэл
авто машинуудын дээжисээс түүвэрлэн хүргэж байна.

“IAMAUTO”

“The Black Eyed Peas” хамтлагийн ахлагч, реппэр Вилл.Ай.Эмавто машин
үйлдвэрлэлийн зах зээлд хөл тавьсан сурагтай. Тэрээр ийн нэрийдсэн анхны
авто машиныхаа тухай мэдээллийг энэ оны 1 сард Жэй Линогийн шоуны үеэр
танилцуулсан бөгөөд харамсалтай нь олон хүн түүний шинэхэн машины
загварт таагүй үнэлгээг өгөөд байгаа юм. Вилл дэлхийд тэргүүлэх
“Chrysler” компанитай хамтран ажиллах бөгөөд машины нарийвчилсан
үзүүлэлт хараахан гараагүй байгаа ч Dr. Dre-гийн алдарт “Beats by Dr.
Dre” дуугаралтын боловсронгуй шийдлийг шингээх ажээ.

“Mini John Cooper Works GP” 2013

Францад зохион байгуулагдсан “Mini United Festival” арга хэмжээний үеэр
олноо дэлгэн тавьсан “Mini Cooper”-ийн шинэ загвар нь 211 морины хүчин
чадалтай болохоос эхлээд олон нэмэлт шинэчлэлийг хийсэн шилдэг загвар
болж байгаа бөгөөд дэлхий дахинд ердөө 2000 ширхэг л худалдаанд гарах
сурагтай.

“Mitsubishi Evo XI” 2013

Германы “Audi” брэнд компаний шилмэл бүтээлүүдтэй өрсөлдөхүйц
“Mitsubishi Evo XI” 2013 авто машин энэ оны шилдэг авто машины
жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй спорт
загварын машины зах зээлийг хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа гэнэ.
Жолоодлогын удирдлагын системийг бүхэлд нь шинэчлэн гаргах шинэ загвар
чамгүй олон давуу талуудтай байх сурагтай.

“Mercedes Style Coupe Concept”

Авангард буюу манлайлагчдын оргил болсон “Mercedes Benz”-ийн шинэ
загвар 2012 оны сүүлч эсвээс 2013 оны эхээр худалдаанд гарах төлөвтэй
байгаа бөгөөд 4 цилиндрийн турбо – 211 морины хүчин чадал бүхий
хөдөлгүүртэй байх ажээ.

“Lexus LF – LC”

Дэлхийн авто машины зах зээлд тэргүүлэгч “Toyota Motor Corporation”-ий
анх 1989 онд худалдаанд гаргаж байсан “Lexus” нэрийн шилдэг брэнд
өнөөдөр спорт загварын гайхалтай шийдлээр худалдаанд гарахаар төслийн
загвараа гаргаад байгаа билээ. Энэ оны эхээр зохиогдсон Детройтын Олон
Улсын Авто Шоуны үеэр олноо дэлгэгдсэн тус спорт загварын “Lexus” нь энэ
төрлийн машины зах зээлд цоо шинэ эринийг бүтээж байгаа гэнэ. 

“Lamborgini Urus”

2012.04.23-ны өдөр Бээжингийн Олон Улсын Авто Шоуны үеэр нийтэд
танилцуулсан “Lamborghini Urus” маркийн машиныг 2014 он хүртэл хараахан
үйлдвэрлэх тов гараагүй байгаа бөгөөд төслийн загвар болгон ийнхүү олонд
танилцуулжээ. Жилд 3000 ширхэгийг арилжаалах төлөвийг тодорхойлоод
байгаа бөгөөд энэ төрлийн бусад авто машинаас даруй 100 кг хөнгөхөн ба
600 морины хүчин чадалтай, 5.5 литрийн V10 хөдөлгүүртэй байх юм байна.

“Cadillac XTS” 2013

“General Motors” компаний шилдэг брэнд болох тансаг зэрэглэлийн
“Cadillac” брэндийн авто машиныг энэ оны 5 сараас эхлэн шинэчлэн
үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд ирээдүйн гэх орчин үеийн бүхий л шинэлэг
хэрэглээг нэг дор цогцлоосноороо ихээхэн нэр хүндтэй байгаа юм. Үнийн
хувьд $44.075 – $61.805 доллар байх юм байна.

“Marussia B2”

Оросын спорт загварын машин үйлдвэрлэгч “Марусия” компаний энэ онд
дэлгэн үзүүлсэн “Marussia B2” загварын авто машин нь тус улсдаа хоёр
дахь супер авто машин болж байгаа бөгөөд энэ жилийн Женевийн Авто Шоунд
тавигдсан юм. Уг авто машиныг олноор үйлдвэрлэх ажиллагаа 2012 оны
эцсээр эхлэх сурагтай байгаа бөгөөд 2009 онд гарч байсан “В1” загварын
үргэлжлэл юм. Уг машин нь хойд хоёр дугуйгаараа мацдаг, 420 морины хүчин
чадалтай хөдөлгүүртэйн зэрэгцээ 100 км/цагийн хурдыг 3.8 секундэд авч
250 км/цагаас дээш хурдлах хүчин чадалтайгаар худалдаанд гарах ажээ.

“Kawashima Celica”

Кавашимагийн шинэчлэн засварлаж өвөрмөц шийдлээр бүтээсэн Японы алдарт
“Тоёота” компаний энэхүү “Селика” маркийн машин олны харааг эрхгүй татаж
байсныг онцлон сонирхуулж байна.

“Jaguar XKX Concept”

Шинэ үеийн цахилгаан авто машины эринийг тодорхойлогч цөөнгүй авто
машины нэг төлөөлөл болж гарч буй алдарт “Jaguar” брэндийн консептийг
танилцуулж байна. Энэхүү гайхалтай загварыг Бахрейны Манам дахь
“Skyrill” студийн үүсгэн байгуулагчид болох ах дүү Али болон Хусейн
Альмоссав нар гаргасан бөгөөд дэвшилтэт технологи болон авто машин
сонирхогчдын таашаалд нийцсэн төслийн загвар бодит амьдрал дээр биелэлээ
олж, “Jaguar”-ийнханд таалагдах нь одоохондоо тодорхойгүй байгаа ч энэ
жилийн шилдэгт зүй ёсоор нэрлэгдэж байна.

“Range Rover Evoque”

Германы “Hamann” компаний хамт олон “Range Rover Evoque” загварын авто
машины стандарт хувилбарыг өөрчлөн шинэчлэж ийнхүү загварчилжээ. Тансаг
зэрэглэлийн тус машины эл хувилбар нь 31 – 38 морины хүчийг нэмж өгсөн
бөгөөд стандарт хувилбарыг төдий л таалаагүй элитүүдэд ийнхүү санал
болгон хүргэж байгаа гэнэ.

“Aspid GT – 21 Invictus” 

Испанийн авто машины үйлдвэрлэгч “Aspid Cars” компани саяхан спорт
загварын “GT – 21 Invictus” машиныг худалдаанд гаргахаар болжээ. Лимитед
хэлбэрээр гарах тус машиныг жилд 250 ширхэгийг үйлдвэрлэх бөгөөд
үзүүлэлтийн хувьд “BMW” компаний 4.4 литрийн V8 турбо хөдөлгүүртэй байх
агаад 450 морины хүчтэй гэнэ. Дээд хурд нь 300 км/ц байх бололтой. Үнийн
саналыг хараахан мэдээлээгүй байна.

“Hyundai Veloster” 2013

2011 оноос анх үйлдвэрлэж эхэлсэн “Veloster” цуврал машины 2013 шинэ
загвар нь өнгөний найман сонголттой ба 138 – 201 морины хүчтэй, 4
цилиндрийн 1.6 л GDI DOHC хөдөлгүүртэй, 7 инчийн мультимедиа мэдрэгчтэй
дэлгэцтэй гээд цөөнгүй шинэчлэлийг шингээжээ. Үнэ нь $17.450 доллараас
эхлэх гэнэ.

“Rimac Concept One”

2013 оны эхээр ердөө 88 ширхэгээр худалдаанд гарах тус авто машин 1088
морины хүчин чадалтай, 2.8 секундэд 100 км/ц хурдаа авах бөгөөд
цахилгаан – супер авто машины дээд хурд нь 304 км/ц байх гэнэ. Дэлхийд
алдартай дизайнеруудын бүтээсэн “Rimac” авто машины үнэ $980.000 доллар
байх ажээ.

“Shelby GT500”

“Chevy Camaro ZL1” маркийн шинэ спорт машинтай эн тэнцүүхэн
үзүүлэлтээрээ ялгарч байгаа “Ford Shelby GT500” нь дэлхий дээрх V8
хөдөлгүүртэй хамгийн хүчирхэг машин болжээ. “Camaro ZL1” нь 580 морины
хүчин чадалтай бол “GT500” нь 650 байх бөгөөд 320 км/ц гаруй хурдаар
илүү байхаар тооцоолж байгаа гэнэ. Үнийн хувьд $70.000 байх ажээ.

“Chevy Camaro ZL1”

“Camaro”-гийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлттэйгээр гарч
байгаа тус машин $55.000 доллараас эхэлж үнэлэгдэж байгаа ажээ. 580
морины хүчтэй “Camaro”-гийн шинэ загвар нь “Convertible” буюу дээд хэсэг
нь нээгддэг сонголттойгоор худалдаанд гарах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PLAYSKULL.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж