А.Зангад Өвөрхангай аймгийн харьяат юм байна. Үүнээс улбаалан гишүүн Ц.Нямдорж “А.Зангад Өвөрхангайнх юм байна. УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангайнх. Нэг нутгийн хүнээ оруулж ирж байгаа нь Сонирхлын зөрчлийн эсрэг хуультай нийцэх үү. Тэр хуулийг гишүүд сайн уншиж үзээрэй. Эвгүй дээ” гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд “З.Энхболд Өвөрхангайнх тул Өвөрхангайн хүнийг томилж болохгүй гэж үзэж таарахгүй. Өвөрхангайчууд хохирч болохгүй. Үүнд сонирхлын зөрчил байхгүй. Миний төрсөн газар Улаанбаатар” гэлээ. Гишүүн Н.Батцэрэг А.Зангадын намтрыг буруу уншсаныг “илрүүлэв”. “Дунд, дээд сургууль төгссөн он буруу байна. Өөрөө намтраа буруу бичмээргүй юм” гэж байв. Байнгын хорооны ажилтнууд намтрыг нь буруу хуулж бичсэн болж таарснаар энэ асуудал эцэслэлээ.
Сүүлийн үед аудитын шалгалт гэхээсээ илүү их ерөнхий байдлаар, бичгийн шалгалт хийдэг болсон. Уг нь тоон шалгалт хийж зөрчлийг арилгаж байх ёстойг шинээр томилогдсон аудиторт Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Шинэ аудитор А.Зангад үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийнэ гэдгээ энэ үеэр амлалаа.
Гишүүн С.Эрдэнэ “Өмнө нь аудитын газар дан Булганыхан байсан. Р.Жавзмаагийн дараа Ч.Раднаа болсон. Байгууллагын үйл ажиллагааг шалгасан шиг шалгаж хариуцлага тооцвол тооцсон шиг явах хэрэгтэй. Аудит хийдэг ажилд чанарын өөрчлөлт гаргаж еэвэнддэг, гурилддаг хүмүүст арга хэмжээ аваарай. Ц.Нямдорж сайд Хууль зүйн яамыг Увсынхнаар дүүргэсэн. Тэгвэл Аудитын байгууллага энэ нутаг усны асуудлыг сайн шалгаарай” гэж байлаа.
Гишүүн Д.Эрдэнэбат сонгуулийн үйл ажиллагаанд тавьдаг хяналтыг сайжруулах хэрэгтэйг сануулав. Жилд ганц удаа битүү тайлан гаргаж өгөхөөс өөр ажил хийдэггүй байдлыг халах ёстойг бас хэллээ.
Гишүүн Ц.Нямдорж Норвегийн Аудитын байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааг уламжилж авахыг анхаарууллаа. Мөн “С.Эрдэнэ гишүүн юмыг дэндүүлэх юм. Аудитын газар дандаа Булганых гэж бодохгүй байна. С.Эрдэнэ өөрөө Нийгмийн даатгалын газарт байхдаа дутагдал гаргаж байсан. Дандаа АН-ынхнаар дүүргэж байсан” гээд Ерөнхий аудитор А.Зангадад байгууллагадаа халаа сэлгээ хийхгүй байхыг захилаа. “Төрийн ордонд орж ирээд төөрчихдөг нөхөд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болж байгаа. Баруун зүүнээ мэддэг хүмүүсээ битгий халаарай” гэж байсан юм .
Гишүүд аудитын үйл ажиллагаа сул, дутагдалтай газарт аудит оруулахад шалгалтын дүн зүгээр гардаг, аудитын дүгнэлтийг Засгийн газар нь биелүүлдэггүй гэх зэрэг саналуудыг хэлж байлаа.
Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа төрийн албан тушаалтнуудыг хугацаанаас өмнө сольж байгааг УИХ-ын удирдлага цаашид анхаарах хэрэгтэй гэцгээсэн юм. Ерөнхий аудитор, СЕХ-ны дарга зэргийг үүнд хамааруулж байлаа.