“Цаазын ялыг халах хуулийн төсөл боловсруулж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Цаазын ялыг халах хуулийн төсөл боловсруулж байгаа”

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Танаас цөөн хэдэн асуудлаар тодруулга авах гэсэн юм.

-Бололгүй яахав.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим нэг хүмүүст цаазын ялыг нь өршөөсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс Үндсэн хуульдаа “хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, Иргэний ардчилсан нийгэм цогцлон хөгжүүлэх үзэл санаа”-г эрхэм зорилгоо болгосон. Нөгөө талаар манай улс бол НҮБ-ын гишүүн орон. Тиймээс цаазаар авах ялыг эрс буруушаасан, энэ ялаас татгалзахыг гишүүн орнууддаа байнга сануулсаар байгаа НҮБ-ын уриалгыг хүлээн авч, дэмжиж байгаа гэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн зүгээс ч 2010 оны 1 дүгээр сард Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ цаазаар авах ялын талаар өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Харин нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг. Харин өршөөл үзүүлэх асуудал УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг.

-Манай Эрүүгийн хуульд цаазаар авах ял хэвээрээ байгаа гэж сонссон. Ерөнхийлөгчийн шийдвэр хуульд нийцэх ёстой юм шиг.

-Монгол Улс 2012 оны 01 дүгээр сард Олон улсын Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд албан ёсоор нэгдэн орсон. Энэ талаар Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор НҮБ-ын холбогдох газруудад уламжилсан байдаг. Манай Үндсэн хуульд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.  Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж маш тодорхой хуульчилсан. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ талаар гаргасан шийдвэр Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцэж байгаа. Харин Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг энэхүү олон улсын баримт бичигт нийцүүлэх ёстой. Энэ чиглэлээр ажил явагдаж байна.

-Нууц биш бол яг ямар байдлаар хууль өөрчлөгдөх вэ?

-Цаазаар авах ялын оронд бүх насаар нь хорих ялын төсөл явж байгаа. Ер нь дэлхий нийтийн хандлага ч гэсэн цаазаар авах ялыг халах тийшээ явж байгаа гэдгийг хэлмээр байна. Эмнести интернэшнл болон бусад олон улсын хүний эрхийн байгууллагын судалгаагаар Европ тивын 49 орноос 46 оронд цаазаар авах ялаас татгалзаж, АНУ-д шүүхийн практикт уг ялыг хэрэглэхээс татгалзсан үзүүлэлт сүүлийн 10 жилд 60 хүртэл хувиар өссөн байдаг. 

-Ерөнхийлөгчөөс онц хүнд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял сонссон хүмүүст дэндүү зөөлөн хандаад байна гэх уур амьсгал нийгэмд мэр сэр байх шиг байна.

-Цаазаар авах ялтныг уучиллаа гээд тэр хүнийг зүгээр сул тавьчихаж байгаа хэрэг огт биш юм. Харин уг ялын оронд тухайн хэрэгтнийг 30 жилийн хугацаагаар “гянданд” хорих ялаар шийтгэдэг. Энэ нь эцсийн дүндээ эрдэнэт хүний амийг егүүтгэхээс Монголын төр сэрэмжилж, Монгол Улсын гадаад, дотоод дахь нэр хүнд үлэмж өсөх таатай нөхцөл байдал бий болох юм. Нөгөө талаар ялын энэ төрөл нь тухайн ялтанд гэм буруугаа ойлгох, ял зэмээ мэдрэх, шаналах маш хатуу хуулийн хариуцлага хүлээлгэж буй хэрэг юм. Өмнөх шүүхийн практик болон статистикаас үзэхэд 30 жил “гянданд” хорих ялыг давж гарсан хүн байдаггүй юм билээ.

-Бидэндтэй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

Л.ТӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж