Хүүхдийн мөнгийг Т картаар олгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг Т картаар олгоно

Шинэчлэлийн Засгийн газар энэ сараас эхлэн хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгож байхаар шийдвэрлэсэн билээ.  Хүүхдийн мөнгөний асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэтэй ярилцлаа.

-Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхлэнэ.  Бичиг баримтаа бүрдүүлсэн бол авч эхлэх үү?

-Монгол Улс бол Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орсон, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлыг төрийн бодлогын анхаарлын төвд байлгахыг зорьдог улс юм.  Үүний нэг илрэл болгож, Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар болгон хүүхдийн мөнгө олгох зорилтыг шинэ Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгалаа. Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг олгоход шаардагдах төсвийн эх үүсвэрийн асуудлыг УИХ-ын ээлжит бус Чуулганаар хэлэлцүүлж, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнчлэн Засгийн газраас “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмыг батлан гаргаж, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Монгол Улсын нийт хүн амын 36 хувь нь буюу 970,0 мянга нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.  Хүүхэд бүрд сар болгон 20,000 төгрөг олгох ажлыг энэ 10 дугаар сард багтаан хэрэгжүүлж эхэлнэ. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан учраас иргэд энэ сарын 25-ны өдөр гэхэд хүүхдийн мөнгөө авч эхлэх юм. Энэ удаад ээж, аав, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ мөнгийг авахын тулд арилжааны банкны салбарт шууд хандаж хүсэлтээ гаргахаар зохицуулсан. Хүүхдийн мөнгө олгох ажилд арилжааны банкуудтай хамтран ажиллах чиглэлээ бид харилцан тохиролцоод, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

-Банкинд ямар материал бүрдүүлэх вэ?

-Бид хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг иргэдэд чирэгдэл багатай, олон шат дамжлагагүй байхаар зохион байгуулахад анхаарч, нилээд хэдэн шинэлэг арга хэмжээг нэвтрүүлж байна. Халамжийн байгууллага, банк, төрийн сан зэрэг холбогдох байгууллагууд мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглан  цахим хэлбэрээр мэдээллээ харилцан солилцох учраас “Хүүхдийн мөнгөний дэвтэр” гэж шинээр олгох шаардлагагүй болж байгаа юм. Ингэснээр шинэ дэвтэр хэвлүүлэхэд гардаг байсан 400,0 орчим сая төгрөгийн зардлыг хэмнэнэ. Урьд нь ээж /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч/ нь олон бичиг баримт бүрдүүлэн оршин суугаа газрынхаа сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн халамжийн байгууллагад очиж хүсэлтээ гаргаад, аль банкнаас мөнгөө авах талаар мэдээлэлгүй буцдаг байсан. Мөнгөө авах банк, тооцооны төвийг мэдэхийн тулд иргэн халамжийн байгууллагад дахин очдог байв. Ингээд иргэд нийгмийн халамжийн байгууллагаас гэрээ хийсэн цөөн хэдэн банкинд очин, дугаарлан зогсож байж мөнгөө авдаг байлаа. Одоо бол хүүхдийн мөнгөө авахын тулд сум, хороо, нийгмийн халамжийн байгууллагад очих огт шаардлагагүй харин гэрийнхээ эсвэл ажлынхаа ойр хүссэн банкны салбартаа зөвхөн нэг удаа хандахад л болно.  Хүүхдийнхээ мөнгийг авахыг хүссэн иргэн арилжааны банкинд шууд хандаж хүүхэд тус бүрдээ хүүхдийн мөнгө авах данс нээлгүүлэх юм. Данс нээлгэсэн банкныхаа аль ч салбараас дараа нь мөнгөө авч болно. Хэрвээ иргэн хүсвэл хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн данс руу шилжүүлж, олон хүүхэдтэй бол нэгтгэн нэг дансаар ч авч болно. Жишээлбэл, ээж нь хүүхдүүдийнхээ дансыг өөрийнхөө харилцах данстай холбуулж мөнгөө өөрийн данс эсхүл картандаа авч болох юм. Хүүхдийн мөнгө авах ээж /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч/ нь олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Халамжийн байгууллагад урьд нь 8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан. Бид энэ асуудлыг судлаад зөвхөн ээжийн цахим иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн хоёр төрлийн бичиг баримт байхад л хангалттай гэж үзсэн.

-Хүүхдийн мөнгийг олгож байгаа банкууд шимтгэл авах уу?

-Шимтгэл авахгүй. Хүүхдийн мөнгө олгох банкны үйлчилгээний хураамж буюу шимтгэлийг авахгүй байх тохиролцоог Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол банкаар дамжуулан арилжааны банкуудтай хийсэн. Харин иргэн хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөний машинаас картаар авч байгаа тохиолдолд банк үйлчилгээний хураамжаа авна. Үүнийг хүүхдийн мөнгөний шимтгэл биш, картаар үйлчлүүлсэний хураамж гэж ойлгох хэрэгтэй.  Арилжааны банкууд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудалд ийнхүү анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдийн мөнгийг үйлчилгээний шимтгэлээс чөлөөлсөнөөр жилд 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаа хэрэг юм. Энэ бол бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр дууриал болохуйц жишээ болж байна. Үүнийг яам, Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс үнэлж үйлчилгээний хураамжгүйгээр үйлчилсэн байгууллагуудыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Хүүхдийн хөгжлийн төлөө банк”-аар өргөмжлөхөөр шийдвэрлэсэн.

-Хүүхдийн мөнгө амьдралын боломжтой иргэд авдаггүй. МАН-ын зүгээс ялгавартай өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Авдаггүй иргэдийн мөнгө нь банкинд эргэлтийн хөрөнгө болдог гэж байсан?

-Эцэг, эхийнх нь орлого болон амьдралын түвшнээс нь хамааруулж хүүхдүүдийг ялгаварлаж болохгүй л дээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Харин хүүхдүүд эцэг, эхтэйгээ зөвшилцөн хүүхдийн мөнгө авахаас татгалзах эрхтэй. Хүүхдийн мөнгийг авахаас татгалзаж, хүүхдийн хөрөнгө оруулалт хөгжлийг дэмжих гэсэн эцэг эхчүүдийн хүсэлт манай яаманд олноор ирдэг. Энэхүү хүсэлтийг судлан үзэж бид холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байна. Хүүхдийн мөнгө авахаас татгалзсан иргэдийн мөнгийг Хүүхдийн хөгжлийн санд төвлөрүүлэн, хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж болох юм. Тухайлбал хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрөөх газар манайд их дутагдалтай байна. Хүүхдийг хөгжүүлэх урлаг, спортын дугуйлан, секц, өдөр өнжүүлэх төв олноор барих хэрэгтэй байна.

-Асрамжийн газрын хүүхдүүд, хорих ангид ял эдэлж буй хүүхдүүд  мөнгөө яаж авах вэ?

-Асрамжийн газарт асруулж буй хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг  тухайн асрамжийн газрын байрлах нутаг дэвсгэрийн Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Хорих ангид ял эдэлж буй хүүхдүүдийн тухайд, тэдэнд мөн ялгаагүй хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг нь байршуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих ангийн  байрлаж буй нутаг дэвсгэрт  харъяалах нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хорихоос суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд хорихоос суллагдах үедээ 16 насанд хүрээгүй бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч)-д нь хадгаламжийг олгоно.

-Гадаад улсад суугаа монгол хүүхдүүд мөнгөө яаж авах вэ?

-Бидний зүгээс Монгол улсын иргэн хүүхэд бүр хүүхдийн мөнгөө авах эрхтэй гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний хүсэлт, итгэмжлэл, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Харин Монгол улсын иргэншлээс хасалт хийлгээгүй хирнээ өөр улсын харьяат болж давхар иргэншилтэй болсон хүүхдүүдийн хувьд Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа учраас тэдэнд хүүхдийн мөнгийг олгох боломжгүй юм.

-Урьд нь хүүхдийн мөнгө авдаг байсан дансаараа мөнгөө авч болох уу?

-Болно. Тухайн банкин дээр очиж өргөдлийн маягт бөглөхдөө хүүхдийн мөнгө авч байсан өмнөх дансаа холбуулж хүүхдийн мөнгөө авч болно.

-Иргэд янз бүрийн шалтгаанаар хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хоцроох эсвэл  сарын сүүлээр банкинд өгвөл тухайн сарын мөнгө олгогдох уу?

-Хүсэлт гаргасан сараас эхэлж хүүхдийн мөнгийг олгоно. Хэрвээ иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 10 дугаар сард  багтааж гаргасан бол 10 дугаар сарын мөнгөө авна, харин 11 дүгээр сард банкинд ирж хүсэлтээ гаргавал 11 сараас эхлэн мөнгөө авах юм. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан сараас эхэлж мөнгө авна.

-Хүүхэд өөрийн биеэр банкнаас мөнгөө авч болох уу?

-16 насанд хүрч иргэний цахим үнэмлэхээ авсан хүүхэд өөрөө хүсэлтээ гаргаж болно. 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд  ээж нь /хэрэв ээж нь байхгүй бол эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч нь/ төлөөлөн авна.

-Хүүхдүүд болон эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргахдаа юуг анхаарах вэ?

-Энд анхаарах шаардлагатай хэдэн зүйл бий. Хүүхдийн дансны дугаар зөв байх шаардлагатай. Иймээс өргөдлийн маягт дээр бичигдсэн дансны дугаар үнэн зөв эсэхийг нягтлан шалгах шаардлагатай. Нэг хүүхэд зөвхөн нэг банкинд хүүхдийн мөнгө авах нэг данстай байна. Хүүхдийн нэр дээр хүүхдийн мөнгөний нэгээс илүү данс байвал тухайн хүүхдийн мөнгийг нь олгохгүй. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл гэх мэт хэд хэдэн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгасны эцэст хүүхдийн дансанд мөнгийг шилжүүлэх учраас олон банкинд өргөдөл өгч олон газраас зэрэг мөнгө авах ямар ч боломжгүй юм. Иймээс тухайн хүүхэд, хүүхдийн эх, эцэг нь нэг л банкийг сонгож, нэг хүүхдэд хүүхдийн мөнгөний ганцхан данс нээлгэх  хэрэгтэй. Хэрвээ иргэн хүүхдийн мөнгө авдаг банкаа солих хүсэлтэй бол хүүхдийн мөнгө авч байгаа банкны дансаа хаалгаж, шинээр сонгосон арилжааны банкиндаа хүсэлт гарган данс нээлгэснээр шинэ банкнаасаа хүүхдийн мөнгөө авч болно.

Хүсэлт гаргасан хэдий ч хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол оршин суугаа газрынхаа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй. Орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс иргэний мэдээллийг төв байгууллагатайгаа тулган нягталсны дараа шаардлагатай арга хэмжээг авах юм.

-Хүүхдийн мөнгөнгийг Т картаар олгоно гэж байсан. Т-Картыг тодруулаач?

-Хүүхдийн мөнгийг олгохдоо орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан  хүүхдийн зурагтай төгрөгийн цахим карт буюу Т-карт олгох ажлыг Монгол банкнаас  санал болгон, бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэ картаар гүйлгээ хийхэд ямар ч банк үйлчилгээний хураамж, шимтгэл авахгүй юм. Мөн хүүхдийн мөнгөний Т-картаар архи, тамхи худалдаалахгүй байх шаардлагыг бид үйлчилгээний байгууллагуудад тавина.  Улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжлийг дэмжиж чадварлаг иргэн бэлтгэхийн тулд гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын тогтолцоог сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог дээшлүүлэх замаар төрийн цогц бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Энэ ч утгаараа хүүхдийн мөнгийг олгох нь хүүхдийг дэмжээд зогсохгүй гэр бүлийн хөгжлийг дэмжиж байгаа хэрэг юм. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхдийн төлөө үндэсний газраас  аймаг бүрт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг байгуулан ажиллаж байна. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн асуудлаар үндэсний хэмжээний цогц бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлж ажиллах үндсэн нөхцөл бүрдэж байна гэж үзэж болох юм.  

-Т-Картыг иргэд хэрхэн авах вэ?

-Монголбанкнаас санал гаргаад иргэдэд тараахаар шийдвэрлэсэн. Иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр олгох болно. Энэ асуудлыг Монголбанк зохицуулна. Зохицуулалт хийсний дараа Т-картыг олгож эхэлнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж